Өвөлжилтийн бэлтгэлээ эрчимжүүлэхийг сануулав

Хуучирсан мэдээ: 2012.11.12-нд нийтлэгдсэн

Өвөлжилтийн бэлтгэлээ эрчимжүүлэхийг сануулав

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орсон.  Ойрын
өдрүүдэд ч нутгийн төв хэсгээр их хэмжээний цас орж, цасан шуурга шуурч
хүйтрэхийг Ус цаг уурын хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байгаа юм. Энэ
үед Орон нутагт байдал ямар байгааг тоймлон хүргэж байна

Хөвсгөл аймаг

ИХЭНХ СУМАНД ЦАСАН БҮРХҮҮЛ ТОГТООД БАЙНА

Хөвсгөл аймагт сүүлийн өдрүүдэд цас үргэлжлэн орсноос 21 суманд 24
сантиметр хүртэл цасан бүрхүүл тогтоод байна. Нутгийн төв хэсэг болох
Хатгал, Бүрэнтогтох, Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ, Түнэл, Тосонцэнгэл,
суманд ихээхэн хэмжээний цас унасан ба хамгийн их нь Эрдэнэбулган суманд
20 сантиметр, Цагаан-Үүр суманд 19 сантиметр, цас оржээ. Одоогийн
байдлаар тус аймагт зам даваа хаагдсан сум байхгүй ч цаашид ихэнх
нутгаар хүйтэрч ойрын өдрүүдэд дахин цас орох төлөвтэй байгаа аж.

Булган аймаг

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 90 ХУВЬТАЙ БАЙНА

Булган аймгийн ХХААЖДҮГ-аас мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийн дүн
мэдээг нэгтгэн гаргажээ. Тус аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 89
хувьтай байгаа аж. Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах аймгийн
нэгдсэн төвөллөгөө гаргаж, комисс томилон шаардлагатай арга хэмжээг
шуурхай шийдвэрлэж ажилласнаар нийт сум, ялангуяа Тэшиг, Хангал, Бугат,
Орхон сумд өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангасан байна. Булган аймагт
ойрын өдрүүдэд бага хэмжээний цас оржээ.

Увс аймаг

ЦАСНЫ ЗУЗААН 40 САНТИМЕТР ХҮРЧЭЭ

Увс аймгийн төв Улаангом хотод өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр эхэлсэн
цас гурав хоног үргэлжлэн орлоо. Цасны зузаан зургаан сантиметрт хүрч
хунгарласан газраа 40 сантиметр хүрч байгаа аж. Өнгөрсөн баасан гарагийн
байдлаар Баруунтуруунд 11, Түргэнд долоо, Зүүнговьд найман сантиметр
зузаан цас оржээ. Цасан шуурга цаашид үргэлжлэх төлөвтэй байгаа тул
иргэд хол явахгүй, мал сүргээ ойр бэлчээж, бага насны хүүхдийг хараа
хяналтгүй орхихгүй байхыг аймгийн Онцгой байдлын хэлтсээс анхааруулж
байгаа аж. Увс аймгийн төвд өнгөрсөн сарын 7-ны өдрөөс цас орж эхэлжээ.

ЦАХИМ ҮНЭМЛЭХ ТАРААЛТ ОРОН НУТАГТ ХАНГАЛТГҮЙ БАЙНА

УИХ-аас баталсан Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн дагуу энэ сарын
21-нд аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгууль болно.
Харин эл сонгууль болохоос урьтаж цахим үнэмлэх эздэдээ очсон байх
ёстой. Гэвч эл ажил орон нутаг тэр дундаа Баян-Өлгий, Өвөрхангай
аймгуудад хангалтгүй байгаа тул Ерөнхий сайдын зүгээс эл ажлыг
эрчимжүүлэх даалгаврыг Улсын бүртгэлийн ерөнхий газрынханд өгчээ. Албан
мэдээгээр одоогийн байдлаар 1.7 сая иргэн иргэний цахим үнэмлэхээ гардаж
аваад байгаа юм байна.

Орон нутгийн сүүлийн үеийн мэдээ мэдээлэл

Төв аймаг  

ХУГАЦАА НЬ ДУУССАН ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙГ УСТГАВ

Аймгийн мэргэжлийн хянал­тын газраас эмийн сан, эм, эмнэл­гийн хэрэгсэл
ханган нийлүү¬лэх байгууллагуудын хууль тог­тоомж, стандарт, дүрэм,
журмын хэрэг­жилтийг шалгажээ. Баяннуур сум, нэгдсэн эмнэлэг, “Булган эм
хан­гамж” компанийн эмийн сан боловсон хүчин дутагдалтай, Баян­нуур
сумын эмийн эргэлтийн сан, “Бодь бүрэг”, “Мөнхийн рашаан тун” эмийн
сангуудын байр стан¬дартын шаардлага хангахгүй гэж үзсэн байна. Мөн нийт
эмийн сангийн 40 хувь буюу жороор олгох ёстой эмийг жоргүй болон
хүчингүй жороор олгосон, хугацаа нь дууссан, чанарын баталгаагүй эмээр
үйлчилж байсан зэрэг ноцтой зөрчил илрүүлжээ. Эмийн гаралтай хог
хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, халдваргүйжүүлэх, устгах журмыг
мөрдөн ажилладаггүй зөрчил эм хангамжийн байгууллагуудад нийтлэг байсныг
мөн илрүүлсэн аж.

Орхон аймаг

ЭМЧИЛГЭЭГҮЙ ӨВЧНИЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРЧЭЭ

Орхон аймгийн Жаргалант суманд “Хорт салст халуурал” хэмээх өвчнөөр нэг
үхэр өвчилжээ. Тус аймгийн Дулаан-Уул багт намаржиж байсан малчин
Б.Очирын нэг үхэр, ховор гардаг ийм өвчнөөр хорогдлоо. Өвчилсөн үхрээс
шинжилгээ авч дээжийг нь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид
явуулахад уг өвчин болох нь батлагдсан аж. Энэ өвчин нь эмчлэгддэггүй,
таарах вакцин байхгүй учир шууд устгадаг аж. Тиймээс аймгийн Онцгой
комисс хуралдаж өвчилсөн малыг устгасан байна. Түүнчлэн Жаргалант суманд
нэг сарын хорио цээр тогтоожээ. Энэ чиглэлээр малчдад сурталчилгаа,
таниулга ч хийсэн байна.

Хөвсгөл аймаг
 
Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын чиглэлээр үйл
ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд Мэргэжлийн хяналтын ерөнхий
газраас шалгалт хийснээр Хөвсгөл далайн эрэг дагуух 50 орчим жуулчны
бааз, амралтын газар, гэр буудлыг хаах шийдвэр гаргажээ. Учир нь эдгээр
аж ахуйн нэгжүүд байгаль орчин бохирдуулж байгаа нь тогтоогдсон байна.
Тухайлбал, ундны усны 30 хувь гэдэсний савханцараар бохирдсон нь
тогтоогджээ. Мөн “Монгол далай”, “Хөсгөл усан зам” жуулчны баазууд
тогтоосон цэгт хог хаягдлаа хаядаггүй нь энэхүү шалгалтын явцад илэрсэн
нь тэдгээрийг хаах үндэслэл болжээ.

Баянхонгор аймаг

ДӨРВӨН ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООВ

Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн
эмнэлгүүдэд Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт
шалгалт хийжээ. Шалгалтаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай
зөвшөөрөлгүй, эрүүл ахуй халдвар хамгааллын шаардлага хангахгүй нөхцөлд
үйл ажиллагаа явуулж байсан эмнэлгүүдэд хариуц¬лага тооцсон байна.
Тод¬руул¬бал, Тусгай зөвшөөрлийн хуга¬цаа нь дууссан атал ажиллаж байсан
дөрвөн эмнэлгийн үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн актаар бүрэн
зогсоожээ. Харин “Жа Оточ” шүдний эмнэлэг, “Ганзүү” уламжлалт эм­чил­гээний
эмнэлгийн үйл ажилла¬гааг зөрчлөө арилгах хүртэл түр түдгэлзүүлсэн
байна.

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ ХҮЛЭЭН АВАХ ТЕХНИКТЭЙ БОЛЖЭЭ

Малчин хүнд хамгийн чухал хэрэгтэй мэдээлэл бол цаг агаарын мэдээ.
Тиймээс цаг агаарын мэдээг хүлээн авах мэдээллийн хэрэгслээр нийт малчин
өрхийн 90 гаруй хувийг хангасан байна. Түүнчлэн малчид өөрсдийн
хэрэгцээндээ зориулан 25.5 мянган тонн аргал, 28 мянган тонн хөрзөн, 25
мянган тонн мод, 5.7 мянган тонн нүүрс бэлтгэж шаардлагатай түлээний 87
хувийг бэлтгэсэн байна. Өрх бүрийг 120 хоногоос дээш хүнсний нөөцтэй
байхаар өвлийн бэлтгэл хангах шалгуур үзүүлэлтэд оруулснаар малчин
өрхүүд шаардлагатай хүнсний нөөцийнхөө 90 шахав хувийг хангасан аж.

Н.САНЖААСҮРЭН

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж