Их гүрнүүд анхаарлын төвд байлаа

Хуучирсан мэдээ: 2012.11.12-нд нийтлэгдсэн

Их гүрнүүд анхаарлын төвд байлаа

Өнгөрсөн долоо хоног дэлхий дахинд маш олон үйл явдал болж өнгөрлөө. Үүнээс дэлхий нийтийн анхаарлын төвд байсан нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль, БНХАУ-ын коммунист намын их хурал байлаа. АНУ дараагийн дөрвөн жилд төрийг атгах хүнээр Барак Обамаг дахин сонгож, Хятад улс 2049 онд социалист ардчилалд хүрэхээ зарлалаа. Мөн Пакистаны баруун хойд нутагт орших Пешавар мужид 2010 оноос хойшхи хамгийн хүчтэй дэлбэрэлт болов. Их Британичууд Малалад Нобелийн энхтайвны шагнал олгохыг уриалж, BBC корпорацийн ерөнхий захирал огцорлоо. Мөн АНУ-д Боинг 787 онгоц туршилтын нислэгээ анх удаагаа хийв. Өмнөд Америк тивийн томоохон улсуудын нэг Аргентин хотод томоохон жагсаал цуглаан боллоо. Пуэрто Рикочууд АНУ-ын 51 дэх муж болохыг олон нийтийн санал хураалтаар дэмжив.

ОБАМА ДАХИН СОНГОГДЛОО

Барак Обама сонгогчдын коллегийн 303 хүний саналыг авч, ирэх дөрвөн жилд Цагаан ордонд эзэн суухаар болов. Ийнхүү тэрээр Харри Труманаас хойш анх удаа Ардчилсан намаас нэр дэвшээд найман жил төр барихаар болсон ерөнхийлөгч болсон юм. Хатуухан хэлэхэд, АНУ-д гамшиг тарьсан аюулт хар шуурга “Сэнди” Барак Обамад маш их тус болсон гэхэд болно. Гамшигт нэрвэгдсэн хүмүүст тусалж байгаа дүр зураг харагдсанаас хойш түүнийг дэмжигчдийн тоо 18 хувиар өссөн билээ. Түүнтэй өрсөлдсөн Ромни “Бид үүгээрээ бүрмөсөн ялагдаж байгаа гэсэн үг биш. Бид дахин ирнэ. Ирэхдээ маш том өөрчлөлттэй ирнэ” гэдгээ тунхагласан билээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама анхныхаа айлчлалыг Мянмарт хийх болсоноо албан ёсоор мэдэгдсэнээр Мянмарт айлчилж байгаа анхны ерөнхийлөгч болсон юм.

ХЯТАДЫН КОММУНИСТ НАМЫН ИХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

Энэ бол зөвхөн Хятадын биш, бүх нийтийн анхаарлыг татсан хурал юм. Учир нь Хятадын удирдлага шилжихтэй зэрэгцэн, ирэх жилүүдийн бодлогыг хэлэлцэж байгаа билээ. Ямар ч байсан тэд дэлхий нийтэд 2049 он гэхэд социалист ардчилалд хүрэхээ албан ёсоор зарласан юм. Мөн Хятадын коммунист намын гишүүн  Бо Силайгийн хийсэн бүх ажлыг үгүйсгэж, ардын дайсан хэмээн зарлалаа. Харин Вэнь Зябаогийн хөрөнгийг шалгана гэдгийг мэдэгдэв. Энэ нь дэлхий нийтийн анхаарлыг татсан содон үйл явдал болсон билээ. Харин Си Жиньпинийг бараг 80 гаруй хувийн саналаар сонгох болов уу гэсэн мэдээлэл дэлхий нийтэд байгаа ч дотооддоо түүнийг эсэргүүцдэг гишүүдийн тоо их байгаа учраас байдал өөрчлөгдөж магадгүй гэдгийг судлаачид анхааруулж байна. Хятадын зарим мужуудад их хурлыг эсэргүүцсэн ажиллагаанууд зохион байгуулагдсан гэдгийг Франц пресс агентлаг дамжуулсан ч Хятадын орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага үүнийг эрс эсэргүүцэж байгаа билээ.

ГВАТЕМАЛД ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨВ

Гватемал улсад өнгөрөгч 7-ны өдөр 7,4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 52 хүн нас барлаа. Үүнээс гадна 73 мянган хүн орон гэргүй болжээ. Үүнийг Гватемалын засгийн газраас онц байдал хэмээн зарлаж гадны байгууллагуудаас тусламж гуйж эхэлсэн юм. Мөн газар хөдлөлтийн долгион Мексик, Сальвадор, Никарагуа улсад мэдрэгдэж цөөн тооны хүмүүс шархадсан гэсэн мэдээлэл байгаа юм. Үүнд АНУ-ын Элчин сайдын яамнаас эмгэнэл илэрхийлж, 50 мянган ам.доллар хандивлажээ. Мөн Америк тив хоорондын хөгжлийн банкнаас 200 мянган ам.доллар өнгөхөөр болсон байна. Энэхүү хүчтэй газар хөдлөлт 1972 оноос хойш болж байгаагүй хүчтэй тоглолт болсон юм.

BBC корпорацийн ерөнхий захирал огцорлоо

Английн алдарт BBC корпорацийн ерөнхий захирал Жорж Энтвистл албан тушаалаасаа огцрох тухайгаа нийтэд зарлалаа. Үүнийг тэрээр BBC телевизээр худал мэдээлэл цацагдсантай холбон тайлбарлаж байгаа бөгөөд хариуцлагыг хүлээх нь шударга хэрэг болно гэж тэрээр мэдэгджээ. BBC телевизийн “Newsnight” хөтөлбөрийн арваннэгдүгээр сарын 2-нд цацагдсан дугаарт 1970-1980 онд Уэльст бага насны хүүхдийг садар самуунд уруу татдаг байсан гэмт бүлэглэлийн тухай өгүүлсэн байна. Гэтэл нэвтрүүлгийн үеэр Консерватив намын нэгэн гишүүн энэ хэрэгт холбоотой байсан тухай өгүүлсэн юм. Хэдийгээр тухайн албан тушаалтны нэрийг олон нийтэд цацаагүй ч бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Лорд Алистер МакЭлайн гэж мэдээлсэн нь түүнийг шүүхэд хандахад хүргэжээ. Өмнө нь ВВС-гийн захирал үүнийг эсэргүүцэн хэд хэдэн мэдэгдэл хийж байсан ч ийнхүү үүрэгт ажлаасаа огцорч байгаагаа албан ёсоор зарлалаа.

АРГЕНТИНД ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ БОЛОВ

Өнгөрөгч наймны өдөр Аргентины нийслэлд эсэргүүцлийн жагсаал боллоо. Энэ нь засгийн бодлого, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, олон нийтийн амьдрал тэр бүр нийцэхгүй байгаатай холбоотой. Гадаадын байгууллагуудын мэдээлж байгаагаар сүүлийн хэдэн жилийн хугацаанд авлига, хээл хахууль, хүнд суртал газар авсан бөгөөд хувийн секторт ажиллагсдын тоо жил ирэх бүр унаж байгааг жагсаал гарах гол шалтгаан гэж үзэж байгаа юм. Мөн үүнийг сөрөг хүчнээс зохион байгуулсан байж болзошгүй аж.

Ийнхүү олон арван үйл явдал дэлхий дахинд болж өнгөрөв. Боинг-787 буюу Dreamliner АНУ-д туршилтын нислэгээ хийж, Их Британи даяар Малала охиныг энхтайвны шагналаар шагнахыг уриалсан аян өрнөж эхэллээ. Үүнийг Их Британийн засгийн газар болоод төрийн бусад байгууллагууд, алдартнууд дэмжиж байгаагаа мэдэгдсэн аж. АНУ-ын ерөнхийлөгчийг сонгогдсоны дараа алтны үнэ зах зээл дээр огцом өслөө. Испаничууд 1,7 тэрбум еврогийн өрийн бичгийг евро бүсээс авлаа. Пуэрто Рикочууд АНУ-ын нэг муж улс болохыг бүх нийтийн санал асуулгаар дэмжив. Үүнийг зөвхөн АНУ-ын Конгресс хэлэлцсэний дараа муж болох эрх нь баталгаажих юм.

Тоймч Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж