Обама, Ши Жинпин хоёроос их зүйл шалтгаална

Хуучирсан мэдээ: 2012.11.10-нд нийтлэгдсэн

Обама, Ши Жинпин хоёроос их зүйл шалтгаална

УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа.

-Та УИХ-ын гишүүнийхээ хувьд том улстөрийг хэрхэн харж байна?
 
-Монголд таны асуугаад байгаа том улс төр нь алга. Монголын улс төр улам жижигхэн аар шаархан хэрүүлээр дүүрэн байх юм. Улстөрчид нь ч яаж  улс орны эдийн засгаа хөгжүүлэх вэ гэж ухаан бодлоо уралдуулж, хамтын  хүчээр шийдвэрлэхийн  оронд өөр намын л хүн ярьж байгаа бол шүүмжлэх, яллах байр сууринаас ханддагыг энэ хэдэн сар бүр их мэдэрлээ. Харин манай гадаад орчны том улс төр тун сонирхолтой болж байна.

Түргэн ч өөрчлөгдөж байна. Энэ долоо хоногт манай хоёр их хөрш, дэлхийн хамгийн том хоёр гүрэн ойрын ирээдүйгээ шийдвэрлэж байна. Эхлээд Америк шийдчихлээ. Одоо Хятадын ээлж. Бид АНУ, БНХАУ хоёр юугаараа ялгаатай вэ гэж онцолж хардаг. Бас энэ хоёр гүрэн юугаараа нийлээд байна гэдгийг ч анхаарч хардаг.

-Та эдийн засагч хүн, Хятад Америкийн том улс төр улс орнуудын эдийн засагт  хэрхэн нөлөөлнө гэж харж байна?

-Ерөнхийдөө хоорондоо төстэй зүйл тун багатай ч АМЕРИК, ХЯТАД ХОЁР ТҮРИЙВЧЭЭРЭЭ ХОЛБОГДЧИХСОН. Хятад үнэ хямд бүтээгдэхүүн хийж, АНУ-ын худалдан авагчид түүнийг нь авдаг. АНУ Хятадыын хамгийн том ганц худалдааны түнш бол Хятад АНУ-ын гадаад өрийн хамгийн том эзэн. АНУ-д Хятадыг ажлын байр хулгайлж байна, шударга наймаа хийдэггүй, наймаагаа ашигтай болгох гээд юанийн ханшийг зориуд барьж байна гэж ширүүн шүүмжилдэг ч Бээжин АНУ-ын улстөрчдөд өөрсдөд нь жаахан хүндэтгэлтэй хандах, харилцан хожоотой ялалт-ялалт загвараар хамтарч ажиллахыг сануулахад л энэ бүхэн зогсчихдог билээ.

-Манайхныг ширүүлэхээр зориуд Эрээнийг долоо хоног амраадаг шиг үү?

-Яг тийм, Хятадын оюутнууд монголчуудаас олноор Америк коллежиудад сурч, АНУ-ын бизнес Хятадын хямд ажлын хүчинд тулгуурлаж цэцэглэж байна. Залуу америкчууд Хятадын хотуудад тун ч олон тааралдах болсныг анзаарсан уу. Мандарин хэл сурах нь АНУ-д манайд англи хэл үздэг шиг дэлгэрсэн үзэгдэл байна билээ. Саяхан арлуудын маргаанаас болж Япон, Филиппиний эсрэг лозунгтай Хятадын ард түмэн бүх Хятадын даяар өнцөг булан бүрт жагсахыг хараад ХКН-д манайх шиг олон хүн хараад хөөрчихдөг улстөрч байдаггүйд нь баярласан шүү. Тэгвэл тэр дороо дайн эхлэх байлаа. Одоогийн ХКН өмнөх үе нь мөрөөдөж ч зүрхлээгүй чинээлэг амьдрал, найдварыг Хятадад бий болгож чадсан. Юань ам.долларын оронд дэлхийн валют болох хандлагатай байна. Өмнөд Солонгос, Энэтхэг, Малайз, Израйль, ӨАБНУ гээд олон улс юаниар худалдаа хийх сонирхолтой болжээ.

-Обама сонгуульд ялалт байгуулсаны шалтгааныг хэрхэн харж байна?

-Макро эдийн засгийн арга хэмжээнд бодлого нь илүү төвлөрсөн Обама сонгуульд ялсан нь улстөрийн асуудал гэхээсээ эдийн засгийн асуудалд америкчууд илүү анхаарч байгааг харууллаа. Тулгарсан асуудлаа байгаагаар нь бодитой хандахыг тэд хичээж байна. Иракаас хойш АНУ дотоодын асуудалд илүү анхаарахыг хичээсэн нь алдаа болсон гэж Б.Обама хэлээд дэлхийн манлайллаа шинэчлэх болно гэж мэдэгдсэн.

Одоо АНУ-ыг дөрвөн жил удирдах Б.Обама, Хятадыг арван жил залах 59 настай, Цинхуа их сургууль төгссөн, армийн угшилтай Ши Жинпин гэдэг хоёр залуугаас бидний цаашдын амьдралд их зүйл шалтгаалах гээд байна даа.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж