Иргэд хяналт тавьж ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Иргэд хяналт тавьж ажиллана

Аймаг орон нутгийн тулгамдсан асуудлыг зохицуулах, шийдвэр боловсруулах, гаргах, түүний хэрэгжилтэд хяналт тавихад иргэдийг өргөнөөр оролцуулахын тулд Ерөнхийлөгчийн тамгын газрын жишгээр “Иргэний танхим” ажиллуулах хөдөлгөөн Булган аймагт эрчимтэй өрнөж байна.

2011 оныг “Иргэдийн оролцоо, ил тод байдлыг өргөтгөх жил” болгохоор гаргасан удирдамж, төлөвлөгөөний дагуу Хутаг-Өндөр сум “Иргэний танхим” байгуулсныг иргэд талархан хүлээн авч үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож байна. Энэ талаар тус сумын Засаг даргын тамгын газрын дарга Д.Тоймаагаас тодруулахад “Энэ танхим нь сум орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоог өргөтгөх чухал хэлбэр болж ач холбогдол өгч байна. Ерөнхийлөгчийн уриалгыг хэрэгжүүлэхийн тулд архидалтай тэмцэх, архи  хэрэглэх явдлыг багасгах талаар энэ танхимд саяхан иргэдийн төлөөллийг хамруулан хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлэгт оролцсон иргэд олон чиглэлээр санал бодлоо илэрхийсэн. Тэдгээрийг Засаг даргын шийдвэр болон тамгын газрын үйл  ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх арга хэмжээ авна. Мөн хэлэлцүүлгээс сумынхаа нийт иргэдэд хандан уриалга гаргасан” гэв.
“Иргэний танхим”-д иргэдийг хүлээн авч, тулгамдсан асуудлыг хэлэлцүүлэн санал бодлыг нь сонсох, шаардлагатай сэдвийн жагсаалт, хуваарь гаргажээ. Энэ дагуу ойрын хугацаанд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах асуудлын талаар хэлэлцүүлж тодорхой шийдвэр гаргахаар бэлтгэж байна.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж