Үүний дараа УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр үдээс хойш гаргасан чуулганыг түр завсарлуулах тухай захирамжаа эрхэм гишүүдэд танилцуулав. Захирамжид 2014-2016 онд улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг төлөвлөх асуудлаар иргэдтэй санал солилцох зорилгоор УИХ-ын 2012 оны намрын ээлжит чуулганыг арваннэгдүгээр сарын 12-ноос 20-ны өдөр хүртэл түр завсарлуулахаар тусгажээ. Энэ ажлыг нэг л удаа хийх тул ирэх жилүүдэд ингэж завсарлуулахгүй гэдгийг УИХ-ын дарга гишүүдэд танилцуулаа.
Чуулганы түр завсарлагын үеэр Чингис хааны төрсөн өдөр тохионо. Энэ өдрөөр нийслэлд байх гишүүд Төрийн ордонд үндэсний хувцастай ирж ёслолд оролцохыг УИХ-ын дарга хүслээ. Арваннэгдүгээр сарын 20-ноос байнгын хороод хуваарь ёсоор хуралдаж эхлэхийг мөн санууллаа.
Үүгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.