Тав дахь үеийн Си ба Ли

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

Тав дахь үеийн Си ба Ли

Бээжин хотноо үргэлжилж буй Хятадын Коммунист намын их хурлаар Хятадын тав дахь үеийн дарга нарыг тодруулна. Засаг шилжүүлэх энэ арга хэмжээ Мао Зедуны үед өнөөгийнх шиг байсан гэж болохгүй. Намын дээд удирдлагын ротаци нь 1980-аад оны сүүлчээр Дэн Сяо Пэний санал болгосноор Зянь Земинь намыг, дараа нь улсыг толгойлсон “гурав дахь үеийнхнээс” эхлэн өнөөгийнхтэй адил болсон гэж болно.
 
Хятадын коммунистууд таван жилд нэг удаа их хурлаа хийдэг. 2000-аад оны эхнээс энэ арга хэмжээ нэгэн хэвээр явагдаж байгаа.  Өнгөрсөн хурлаар намын дарга Ху Жиньтао бараг хоёр цаг ярьсан бол өчигдрийн нээлт дээр тэр тайлангаа бүтэн хагас цагийн турш тавилаа.  Дараагийн өдрүүдэд нь санал, шүүмжлэл өрнөхөөс гадна намын дээд удирдлага солигдох ёстой.  Коммунист намыг хэн толгойлохыг их хурал дээр хэлэхгүй өнгөрч болно. Гэхдээ шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга тодорхой. Лхагва гаригт  ХКН-ын Төв хорооны жинхэнэ гишүүн, БНХАУ-ын орлогч дарга Си Жиньпинийг энэ их хурлын  ерөнхий нарийн бичгийн дараар томилсон байгаа нь тэр хүн ирэх 10 жилд Хятадын 1,5 тэрбум хүнийг удирдана гэсэн үг юм.
 
Бүх Хятадын Коммунист намын XVIII их хурлаас урьдчилан хэлж болох үр дүн бол Хятадын Коммунист намын шинэ ерөнхий нарийн бичгийн дарга гарч ирэх нь. Тэрээр ирэх жилийн гуравдугаар сард болох Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын ээлжит чуулганаар тогтсон уламжлалын дагуу БНХАУ-ын дарга болно. 

Эдгээр тушаалыг тус орны дэд дарга Си Жиньпин (Xi Jinping) авна гэдэг нь хятад журмаар  бол эргэлзээгүй. Залгамжлагч бөгөөд Хятадын удирдагчдын (Мао Зэдун, Дэн Сяопин, Зянь Зэминь, Ху Жиньтао)  тав дахь үеийн гол хүнийг 2007 оны өнгөрсөн их хурлаар тогтоогоод өгчихсөн гэж болно.

Хятадын 1,5 тэрбум хүнийг бас тогтсон уламжлалын дагуу Си Жиньпин 10 жил буюу хоёр таван жил удирдана. Си Жиньпинийг улс орныхоо гадаад, дотоод ээдрээтэй асуудлуудыг шийдэхэд нь Хятадын ирэх жилийн гуравдугаар сард Төрийн зөвлөлийн  ерөнхий сайдаар томилогдох Ли Кэцян (Li Keqiang) туслах болно.

"Си гэж хэн бэ?"

Коммунист намын шинэ ерөнхий нарийн бичгийн даргын тухай олон зүйл мэдэгдэж байгаа ч бас огт танил биш гэж хэлж болохоор. "Хань үндэстэн тэрээр 1953 оны зургадугаар сард Шэньси мужид төржээ. Хөдөлмөрийнхөө гарааг 1969 онд эхлээд 1974 оны нэгдүгээр сард Коммунист намд элсчээ. Цинхуагийн Их сургуулийн хими, технологийн ангийг дүүргэн ба Хүмүүнлэгийн нийгмийн дээд сургуульд эчнээ суралцжээ. Тэнд марксист онолд суралцсан гэнэ. Хожим Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан гэж түүний албан ёсны намтарт өгүүлжээ.

Ная, ерээд онд Хэбэй, Фузянь зэрэг зүүн эргийн мужуудад намын шугамаар ажиллаж, мужийн намын хороон дарга хүртэл дэвшжээ. Шинжээчид тэмдэглэснээр тэр үед мужийг толгойлж байхдаа эдийн засгийн шинэчлэлийн хүн гэдгээ харуулан бүсийн хөгжилд нэмэр хандиваа оруулсан гэдэг. 2000-аад оны эхээр түүнийг Шанхайн ойролцоох Жэзян мужид намын хороон даргаар томилсон байна. Дараа нь 2007 онд Шанхай хотын намын даргаар удаан биш хугацаанд ажиллажээ.

Хуурай тоо, газрын нэрний цаана хүний жинхэнэ нүүр царай нуугдаж байдаг хятад уламжлалтай.  Тэр нь ч ирэх оны гурван сард дэлхийн хоёр дахь том эдийн засгийг толгойлох хүнийг нууж байна. Си ямар улстөрч хүн бэ гэдэг нь маш бага мэдээлэлтэй. Хувийн амьдрал, сэтгэл санаа нь бас танигдаагүй. Ху дарга ч 2002 онд бас л тийм хүн байсан гэж болно.

Си vs Ху

Си Жиньпиний талаар өнөөдөр олон нийт 2002 онд Ху Жиньтаог хэрхэн мэдэж байсан шиг л мэдлэгтэй гэхэд илүүдэхгүй. Өөрийн багш Хугаас ялгаатай нь тэр  Хятадад нэртэй айлд төрсөн байв. Түүний эцэг Си Чунсюнь Мао Зедунгийн хамтран зүтгэгч байсан ба ерөнхий сайдын орлогч хийж явжээ. Бага Си соёлын хувьсгалаар хөдөө тосгонд хүүхэд ахуйн нэг хэсгийг өнгөрөөсөн ч улс төрийн элитийн дунд өссөн намын дотор “хан хөвгүүд” гэх дарга нарын хүүхдүүдийн бүлэгт багтдаг.

Өөрийн гэр бүлтэй болсон талаар ч тэр өмнөх удирдлагаас давсан. Ху даргын эхнэрээс илүү түүний гэргийг Хятадад сайн мэднэ. Нэртэй дуучин Пэн Лиюанийн  (Peng Liyuan) талаарх мэдээлэл одоо интернэтээр “дэг журмын” дагуу хэмжээ хязгаартай болсон. Сүүлийн үе болтол Хятадын телевизийн гала концертуудад дуулж байв. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тэр эмэгтэйг сүрьеэ, ДОХ-той тэмцэх сайн дурын элч төлөөлөгчөө болгосон байв. Мөн тэрээр тамхи татахтай  тэмцдэгээрээ нэртэй хүн ажээ.

Си Жиньпин дуучин эмэгтэйтэй гэрлэсэн нь нуугдмал ч гэсэн сэтгэлийн хөөрөл баясгалантай хүнийг  харуулж байгаа гэж хятад шинжээчид дүгнэдэг гэнэ. Тэднийх 20 настай  Си Минзэ гэдэг охинтой гэх мэдээлэл байдаг.

Хонгконгийн шинжээчид Си Жиньпинийг одоо Хятадын улс төрийн тавцанд  Ху Жиньтаогоос илүү хурц тод од гэж үнэлж байна. Гэр бүлээс нь гадна заримдаа хэтэрхий шулуухан хэлчихдэг үг ярианаас нь үүдэн ингэж үнэлдэг байж магадгүй. Жишээлбэл, тэр 2009 онд “гадаадынхан гэдэс цатгалан учраас Хятадын дотоод хэрэгт оролцохоос өөр хийх зүйл тэдэнд алга” хэмээн хэлж дуулиан дагуулсан байв. Үргэлж өөрийн хяналттай Ху тийм сул хөөрлийг хэзээ ч гарган хэлж байсангүй.  Сонирхолтой нь Си  Жиньпин барууны эсрэг санаа бодолтой хүн биш гэгддэг. Наяад онд гэр бүлийнхээ хамт хэсэг хугацаанд АНУ-д амьдарч хөдөө аж ахуйн загварыг нь судалж байжээ.

Хаашаа, яаж?

Есөн хүнээс бүрэлддэг ХКН-ын  Төв хорооны Улс төрийн товчооны жинхэнэ гишүүнээр ердийнхөөрөө инээмсэглэж явдаг түүнийг 2007 оны XVII их хурал сонгожээ. 2008 оны гуравдугаар сард тэр Хятадын дэд тэргүүн болов. Шинэчлэлийн хандлагатай, мөн “хан хөвгүүдийн” бүлгийн төлөөлөгч гэдгээрээ биш, гурав ба дөрөв дэх үеийнхэнд таарах  аль алинтай нь тохирч чаддаг нь түүнийг дээш гаргасан гэж Хонгконгийн хэвлэлд өгүүлсэн байгаа.

Гэхдээ яагаад Сиг залгамжлагчаар сонгосон гэдэгт албан ёсны, шинжээчдийн бүрэн хариулт өнгөрсөн таван жилд байхгүй байжээ. Мөн улс орноо хааш нь хэрхэн авч явах талаар нь ч мэдээлэл байхгүй.

"Тэр бол багийн тоглогч, намынхаа дүрмээр л тоглодог. Тэр карьертаа саад болох эрсдэл хийхгүй, эрсдлийг ч өөртөө авахгүй” гэж Хонгконгийн нэлээд нэртэй South China Morning Post сонин шинжээч Уилли Ламын (Willy Lam) үгнээс иш татсан байна. Bloomberg агентлагийн үнэлгээгээр, Си Жиньпинийн гэр бүл хэдэн зуун сая ам.долларын хөрөнгөтэй гэнэ.

Комсомол, эдийн засагч

Хятадын удирдлагын солилцоо Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын 2013 оны гуравдугаар сарын чуулганаар Төрийн зөвлөлийн  ерөнхий сайдаар өнөөгийн ерөнхий сайдын орлогч Ли Кэцянийг томилсноор дуусвар болох ёстой.
Ли Кэцян 1955 онд Аньхой мужид төрсөн бөгөөд Ху Жиньтаогийн ойрын хамтран зүтгэгч гэж тооцогддог. Улстөрч нэр хүндтэй Бээжингийн их сургуулийг  эдийн засагчийн мэргэжлээр дүүргэсэн, эдийн засгийн ухааны доктор  ажээ. Өнгөрсөн зууны ная, ерээд онуудад  нам, комсомолын шугамаар дээшилжээ. Ху Жиньтаог Комсомолын дарга байхад түүнтэй танилцан ойртжээ. ХКН-ын  ТХ-ны Улс төрийн товчооны жинхэнэ гишүүнээр түүнийг  Си Жиньпинийн хамт 2007 оны XVII их хурлаар сонгожээ.

Шинжээчдийн дүгнэлтээр мэргэжлийн эдийн засагч Ли Кэцян дотоодын хэрэглээг ихэсгэн эдийн засгийн тогтвортой өсөлтийг барих талаар эхэлж дуугарсан хүмүүсийн нэг ажээ. Экспортын эрэлт буурснаас эдийн засгийн өсөлт нь саарч байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан шинэ ерөнхий сайдын гол үүргийн нэг нь Хятадын эдийн засгийг тогтворжуулах явдал болно гэж шинжээчид дүгнэж байна. Үүний зэрэгцээ шинжээчид бие даасан бодлого явуулах улс төрийн жин нь Ли Кэцянд байна уу гэдэгт эргэлзэж байгаа. “Тэр эдийн засгийг сайн мэднэ гэдэгт эргэлзэх хэрэггүй. Харин түүнд тууштай байх чанар, хүнийг татах увидас дутагдаж магадгүй” гэж хэлсэн Хонгконгийг шинжээч Уилли Ламын үгнээс South China Morning Post  сонин иш татжээ.

Ли Кэцяний хувийн амьдрал Си Жиньпинийнхээс бага мэдээлэлтэй. Түүний эхнэр нь Бээжин хотын Их сургуулийн уран зохиолын профессор Чэн Хун (Cheng Hong),  тэдний охин нь бараг бүх дарга нарын хүүхдийн адил АНУ-д боловсрол эзэмшиж байгаа гэж ярьдаг.

Ху Жиньтао улс орноо эдийн засаг, нийгэм, гадаад бодлогын ээдрээтэй байдалд орхин тушаалаа өгч байна. Эдийн засгийн өсөлт саарч, нийгмийн байдал нь баян хоосны ялгааны улмаас нэмэгдэж байна. Сүүлийн жилүүдэд газар нутгийн маргаанаас болон хөрш орнуудтай харилцаа нь хурцдав. Энэ бүх асуудлуудыг тав дахь үеийн удирдагчид Си Жиньпин, Ли Кэцян нарт шийдэх нь үлдлээ. Тэдний ойрын хамтран зүтгэгчид нь энэ их сурлын дараах Төв хорооны чуулганаар бараг бүрэн шинэчлэгдэх ХКН-ын ТХ-ны Улс төрийн байнгын товчооны гишүүд болно.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж