
“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагаас өнөөдөр “Монгол ньюс”-д мэдээлэл хийлээ. Тус байгууллагаас ирэх арванхоёрдугаар сарын 8-нд олон улсын хүний эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хуульчдын зөвлөгөөн зохион байгуулахаар болсон байна. Тусгаар тогтнолын ордонд болох эл зөвлөгөөнд дөрвөн чиглэлийн төлөөлөгчдийг оролцуулж хууль зүйн шинэчлэлийг хийх хүрээнд ямар бодлого боловсруулах шаардлагатай талаар тал талын байр суурийг сонсч нэгтгэх юм байна.
Тус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт энэ тухай “Хуулчид улстөрийн намуудад хуваагдсанаас нийгмийг талцуулж байна. Энэ нь хуульчдыг улстөрөөс хөндийрүүлэх ёстойг харуулж байгаа хэрэг. Тиймээс энэ бүх асуудлыг зөвлөгөөнөөр ярилцана. Их, дээд сургуулийн хууль зүйн чиглэлийн багш эрдэмтэн судлаачид, оюутны төлөөлөл энэхүү зөвлөгөөнд оролцоно” гэлээ.
Г.ДАРЬ