Орон нутагт шатахууны үнээ нэмээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

Орон нутагт шатахууны үнээ нэмээгүй гэв

Шатахуун импортлогч компаниуд өнөөдрөөс эхлээд зарим аймгуудад шатахууны үнээ нэмсэн талаарх мэдээлэл бидэнд ирсэн бөгөөд энэ талаар компаниуд “үнээ нэмээгүй” эсвэл “тодорхой хариу өгөх боломжгүй” гэж байгаа юм.

Тухайлбал “Жаст-Ойл” компани өчигдрөөс  Архангай аймгийн Цэцэрлэг, Өвөрхангайн Хархорин суман дахь шатахуун түгээх станцаараа дизель түлшийг 2100 төгрөгөөр худалдаж эхэлсэн байна. Мөн “МТ” компанийн Дорноговь аймгийн төв Сайншанд дахь ШТС-ууд 1450 төгрөгийн үнэтэй байсан А-80 бензинээ 1550 төгрөг буюу 100 төгрөгийн, 1700 төгрөгийн үнэтэй АИ-92 бензинээ 1780 буюу 80 төгрөгийн, 1850 төгрөгийн үнэтэй дизель түлшээ 1900 буюу 50 төгрөгийн илүүтэйгээр борлуулж эхэлсэн тухай мэдээлэл тархсан. Тэгвэл “Магнай трейд” компанийн Борлуулалтын албанаас энэ талаар асуухад, ” манайх орон нутагт огт үнээ нэмээгүй” гэсэн юм. Харин дизель түлшээ 300 гаруй төгрөгөөр нэмсэн гэх “Жаст-Ойл” компаниас лавлахад  “Энэ талаар тодорхой мэдээллийг өгөх боломжгүй” гэсэн хариултыг өгөв.

ОХУ-аас нийлүүлэх шатахуун энэ сард тонн тутамдаа 49 ам.доллараар нэмэгдэж орж ирснээс болж шатахуун импортлогч компаниудын зарим нь өндөр үнэтэй шатахуун авч чадахгүй, нөөцгүй гэсэн мэдээллийг өгч, зарим өдөр шатахууныг огт гаргахгүй, эсвэл картаар худалдаж байсан юм. Харин бодлого боловсруулагчдын зүгээс “Шатахууны үнэ нэмэгдэхгүй, картаар ч борлуулахгүй” гэж байсан бөгөөд ийм байдлыг хангахын тулд Уул уурхайн яам Монголбанк хамтраад нийт 120 сая ам.долларын хөнгөлттэй зээлийг компаниудад өгөхөөр болсон билээ. Албаны хүмүүс шатахууны үнэ, нөөц одоог хүртэл “тогтвортой байна” гэх боловч тогтвортой биш л байгаа юм шиг ээ. Тухайлбал, хөдөө орон нутагт дизель түлш огт олдохгүй, цөөн хэдэн ШТС-уудад нэг литрийг нь 2000 төгрөгөөр зарж байгаа. Зарим газруудад нэг удаадаа 50 мянган төгрөгөөс дээш хэмжээний дизель түлш олгохгүй гэж байгаа тул холын тээврийн жолооч нар шатахуунгүй зогсч магадгүй болоод байгаа гэнэ.   

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж