АН-ын бүлэг завсарлага авлаа

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг завсарлага авлаа

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хуралдааны үеэр УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Орон нутгийн сонгуулийн тойргийн хороод эвслээс нэр дэвшсэн хүмүүсийг бүртгэхгүй байх тохиолдол олноор гарч байна. Хууль зөрчиж, нэр дэвшигчдийг бүртгэхгүй байна. Үүнд МАН-ын гишүүд буруутай гэж эвслийн зүгээс үзэж байна. Орон нутгийн сонгуулийн тойргийн хороодын дарга нь нар нь МАН-ын гишүүд, дэмжигчид байгаа учраас хууль зөрчиж, “Шударга ёс” эвслээс нэр дэвшигчдийг бүртгэхгүй байна. МАН-ын удирдлагууд үүнд анхаарлаа хандуулж, хууль зөрчиж байгаа үйлдлээ зогсоох хэрэгтэй. Хэрвээ энэ асуудлыг шийдвэрлэвэл Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын дэгийн тухай хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжинэ” гэсэн горимын санал гаргасан юм.

Харин үүний хариуд УИХ-ын гишүүн Н.Энхболд “Сонгуулийн хорооны гишүүд дотор Ардчилсан нам, МАН-ын гишүүд аль аль нь байгаа. Хэн нь буруутай, буруугүйг шийдвэрлэх вэ гэдгийг ярилцаж, тохирох хэрэгтэй. Хамтдаа шийдвэрлэе. УИХ-ын дэгийн тухай хуулийг хэлэлцье, харин дараа нь тойргийн хороотой холбоотой асуудлыг хамтдаа шийдвэрлэе. МАН, “Шударга ёс” эвсэл хамтраад хаана, ямар асуудал байгааг шийдвэрлэе” гэсэн санал гаргалаа.

Эвслийн дарга Н.Батцэрэг “Тухайлбал, Хөвсгөлд болсон үйлдэл хууль зөрчсөн. Нэр дэвшигчдийг бичиг баримтын зөрчилтэй гэдгээр дахин шалтаг гаргаж, бүртгэхээс татгалзсан байна. Тойргийн хорооны гишүүд хууль зөрчсөн үйлдлээ Хөвсгөл аймгийн Засаг дарга н.Цэрэнжавын даалгавраар гэж тайлбарласан байна билээ” хэмээв. Ингээд тэрээр чуулганы хуралдааныг үдээс хойш хуралдуулах санал гаргалаа. Ингээд МАН-ын гишүүн Н.Энхболд, эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар тохиролцож,  хоёр талаас ажлын хэсэг гарч, хамтарсан мэдэгдэл хийхээр боллоо. Хууль зөрчсөн асуудал дээр хамтран ажиллахаар болсон тул Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхээр болов. Ингээд УИХ-ын тухай хууль болон УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан танилцуулав.

Харин үүний дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “МАН, “Шударга ёс” эвсэл улстөржих саналтайгаар сонгуулийн тойргийн хорооны маргаантай ауудлыг хэлэлцэх гэж байна. Үүнд АН улстөрийн ямар оролцоотойгоор оролцох юм. Улстөрийн талаас нь та бүхэн гар барьж байна. Харин АН ямар үүрэгтэй оролцох юм. Энэ асуудлыг эргэж харах хэрэгтэй байна. Тиймээс АН-ын зүгээс завсарлага авах санал гаргаж байна” гэлээ.

Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураах байсан ч Ардчилсан намын бүлгийн зүгээс 15.00 цаг хүртэл түр завсарлага авлаа. Тиймээс УИХ-ын Дэгийн тухай хуулийг үдээс хойш хэлэлцэхээр болж, чуулганыг түр завсарлууллаа.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж