МҮЭХ-нд шинэчлэл хэрэгтэй байна гэв

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

МҮЭХ-нд шинэчлэл хэрэгтэй байна гэв

Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны гишүүн байгууллага болох Монголын хувийн хэвшил, жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын холбооны гишүүд өнөөдөр “Монгол ньюс” төвд мэдээлэл хийлээ.

Тус холбооны гишүүд хууль бусаар сонгогдсон н.Дүгэрийг холбооныхоо даргын албан тушаалаас нэн даруй огцрох ёстой гэсэн шаардлага тавьж буйгаа энэ үеэр мэдэгдэв. Учир нь 2011 оны тавдугаар сард Монголын хувийн хэвшил, жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын холбооны даргыг сонгох хурал болоход гагцхүү н.Алимаа нэрээ дэвшүүлж, хуралд оролцогчдын олонхийн саналыг авсан юм байна. Гэвч н.Дүгэр нь холбооны ахлагчдын зөвлөгөөн зохион байгуулсан гэх үндэслэлээр тус холбооны даргын албыг хаших болжээ. Энэ хугацаанд холбооныхоо шугамаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мөн олон улсын байгууллагын тусламжаар нэлээд олон төсөл авсан аж. Гэвч төслийн шугамаар хэдий хэмжээний мөнгийг дээрх газруудаас авч, гишүүдээ ажил хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэв гэдэг талаар ямар ч тайлан тавьдаггүй, үндсэндээ бүх зүйл хаалттай явж ирсэн гэнэ. Тэр байтугай холбоонд харьяалагдах байрыг өөрийн танил талдаа өгсөн гээд яривал их зүйл бий гэж холбооны гишүүд ярилаа. Уг нь тус холбооны гишүүд энэхүү хууль бус үйлдлийг нь таслан зогсоохын тулд Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч УИХ-ын гишүүн С.Ганбаатар, тус холбооны дэд ерөнхийлөгч Б.Амгаланбаатар нарт хандаж ирсэн ч өнөөг хүртэл анхаарал хандуулаагүй аж. Уг нь бол Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо нь олон мянган хөдөлмөрчин иргэдийн эрх ашгийг хамгаалах ёстой газар, гэтэл дотоод гишүүнчлэлд нь харьяалагдах холбооны дарга нь хууль бусаар сонгогдож, төсөл хөтөлбөрийг ганцаараа шахам “идэж” шамшигдуулж байхад дээд газар нь өнөөг хүртэл арга хэмжээ авахгүй явж ирсэн нь Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо нь дотроо ялзарч байгааг харуулж буйн жишээ, тиймээс тус холбоо шинэчлэгдэх шаардлагатай байна гэж тэд мэдэгдлээ.

Мөн Монголын хувийн хэвшил, жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын холбооны хууль бус удирдлага н.Дүгэрийг  2012 оны арванхоёрдугаар сарын 1-ний дотор багтаж н.Алимаад албан тушаалаа шилжүүлэхийг шаардаж буйгаа хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж