Айлгах төлөвлөгөө боловсруулъя

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

Айлгах төлөвлөгөө боловсруулъя

Телевизээр нэг иймэрхүү нэртэй нэвтрүүлэг гараад байдаг даа. Нэг нэгнийгээ санаанд оромгүй зүйлээр айлгаад л… Энэ нэвтрүүлгээс санаа авч айлгах төлөвлөгөө боловсруулдаг юм бил үү гэж бодлоо. Ялангуяа шатахуун импортлогчдод зо-риулж. Байсхийгээд л бен­зиний үнийг нэмлээ гэж хүмүүсийг жинхэнээсээ айлгаад бай­хад ийм төлөвлөгөө гар­цаагүй хэрэгтэй гэдгийг шатахуун импортлогчид өөрсдөө сануулаад өгчихлөө. Шата­хууны нөөц дууссан, байхгүй гээд байснаа торгоно, шийтгэнэ, тусгай зөвшөөрлийг нь цуцална гэхээр “худлаа, тоглосон юм” гээд гаргаж ирээд худалдаад эхэлж байгаа юм. Айсан байгаа биз. О.Магнай даргад нэг зөвлөгөө  өгмөөр санагдчихлаа. Иймэрхүү шан­таа­жилж, бой­котолсон биз­несмэнүүдэд үе үе хэрэглэж бол­дог айлгах төлөвлөгөө гаргах хэрэгтэй юм байна. Монголчууд нэг их зоригтой юм шиг хэрнээ аймхай хүмүүс шүү дээ. Жаахан л айлгачихвал ажил бүтээд байх шинжтэй.  Архи, шар айраг, тамхи үйлдвэрлэгчдийг ч бас айлгах гээд үзвэл болмоор. Удахгүй тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Тамхичид үгээ хэлж эхэлж байна. Яг үүн дээр нь дөрөөлөөд “Тамхи тат­вал торгох бус таван минутын дотор хайрцаг тамхи татуулж шийтгэнэ” гэдэг ч юм уу, тамхи үйлдвэрлэж байгаа хүнийг төв талбайд авчирч олны нүдэн дээр шилэн хоргонд хийж байгаад тамхины утаагаар хордуулна гэсэн ч болно. Архи, шар айраг үйлдвэрлэгчдийг ч мөн адил. Хууль бус сурталчилгаа хийвэл ёмкость дүүрэн архинд толгойг нь төдөн удаа дүрнэ гэх хэрэгтэй. Гурил үйлдвэрлэгчид үнээ нэмнэ гэвэл кг түүхий гурил идүүлнэ гэж болж байна. Нийтийн тээврийнхэн, барилгын ком­паниуд үндэслэлгүйгээр үнээ нэм­чихээд байдаг гэм­тэй. Тэднийг ч бас айлгах төлөв­лөгөөнд оруулж болох юм. Жолооч, кондукторуудыг хоёр зуу, гурван зуугаар нь нэг автобусанд  суулгаад нэг км-т төчнөөн удаа хүчтэй тоормозолно гэчих. Замын нэгдүгээр эгнээ чөлөөтэй болчихсон болохоор энэ төлөвлөгөө яг тохирно.  Хэрэв ийм төлөвлөгөө гаргаад хэрэгжүүлээд эхэлчихвэл О.Магнай дарга томчуудтай эвтэйхэн аргаар учир зүйгээ олчих ч юм бил үү.

Б.ОЮУНГЭРЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж