Орон нутгийн хөгжлийн санг сум бүрт байгуулна

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

Орон нутгийн хөгжлийн санг сум бүрт байгуулна

Өсөж төрсөн нутагтаа сайхан амьдрах хүсэлтэй олон хүн хөдөө орон нутагт амьдарч байна. Гэвч манай улсын сум, орон нутгийн эдийн засгийн хөгжил жилээс жилд зогсонги байдалтай болж байгаагаас иргэд хот руу  тэмүүлж хөдөө орон нутаг улам бүр эзгүйрсээр байгаа. Хөдөөнөөс Нийслэл хот руу шилжих олны урсгал нэмэгдсээр ганцхан жилийн дотор 90 мянган хүн амьдралын эрхээр хот бараадаж байна гэсэн тооцоо байдаг. Энэ нь манай улсын засаг захиргааны нэгжээс жил бүр 13 сум арчигдах хэмжээний нүүдэл болж байна гэсэн үг юм. Ер нь манай улс шиг өргөн уудам нутагтай аталаа хүн амын тэн хагас нь дөрвөн уулын дундах жижигхэн хөндийд шахдалцан амьдардаг улс байхгүй. Ийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар төвлөрлийг сааруулж, сум, орон нутгийг иргэдийнх нь оролцоотойгоор хөгжүүлэх, орон нутагт иргэдийн хяналттай эрх мэдлийг өгөх зорилготой шууд ардчилал хөтөлбөр орон даяар хэрэгжиж байгаа юм. “Шууд ардчилал”-ын гол зорилго нь сум, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, иргэд тухайн газар орноо өөрсдийн оролцоотойгоор хөгжүүлэх юм. Үүний тулд орон нутгийн хөгжлийн санг байгуулж уг санд орох мөнгөний хэмжээг нэмэгдүүлэхээр болсон юм. Өнгөрсөн онд Ерөнхийлөгчийн санаачилгаар УИХ төсвийн тухай хуулийг шинэчлэн баталсан.
1998-2002 онд улсын төсвийн 40 хувийг орон нутаг зарцуулдаг байсан. Харин 2002 онд батлагдсан төсвийн тухай хуулийн дагуу улсын нийт төсвийн ердөө наймхан хувийг орон нутгийн төсөв эзэлдэг болжээ. Өөрөөр хэлбэл УИХ-ын 76 гишүүн улсын нийт төсвийн 92 хувийг захиран зарцуулж, үлдсэн багахан хэсгийг гурван сая орчим хүн хуваан зарцуулж байв. Харин төсвийн тухай хуулийг шинэчлэн орон нутгийн төсөвт орох мөнгөний хэмжээг иргэдийн хяналттайгаар нэмэгдүүлэх болсон. Энэ хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм. Орон нутгийн иргэд орон нутаг хөгжүүлэх сандаа улсын төсвөөс хуваарилагдсан мөнгийг шууд хүлээн авах боломжтой болох аж.

Ийнхүү иргэд өсч төрсөн нутгаа өөрсдийн гараар хөгжүүлэх эрхтэй болж байгаа юм. Тухайн аймаг, суманд тулгамдаж буй асуудлыг иргэд хамтдаа ярилцаж шийддэг болж байна гэж ойлгож болно. Гэхдээ иргэд үүнд яаж оролцох талаар ямар ч ойлголтгүй байгаа бөгөөд тэдэнд иргэдийн оролцоо, орон нутгийн төсвийн менежментийн талаарх сургалт орон даяар явагдаж эхлээд байна. Орон нутгийн иргэдэд оролцуулсан уг сургалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгуулж байгаа бөгөөд манай сонины сурвалжлах хэсэг өнгөрсөн лхагва гарагт Төв аймгийн Эрдэнэ, Баянжаргал сумдад орон нутгийн төсвийн менежментийн талаарх сургалтыг хийсэн багийн гишүүдтэй ажиллаад ирлээ. Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдоржоор ахлуулсан багийнхан Төв аймгийн иргэдийн дунд энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд цаашид Баянхонгор, Архангай аймгуудад мөн ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Сургалтын үеэр хөдөө орон нутгийн иргэдийн хувьд иргэдийн оролцоо, орон нутгаа хөгжүүлэхэд хэрхэн оролцох вэ гэдэг асуудлаар ойлголт бага байгаа нь харагдаж байв. Уг нь Үндсэн хуульд иргэдийн оролцооны талаар дурьдсан байдаг боловч тэр нь зөвхөн тунхагийн чанартай байдаг. Ер нь иргэд сум, орон нутгийн хөгжил зөвхөн Засаг даргаас хамааралтай мэтээр бодож даргын гар харан суудаг нь маргаангүй үнэн. Харин иргэдийн оролцооны талаар ойлголттой болчихвол хэний ч гарыг харалгүй нутаг усныхаа хөгжил цэцэглэлтэд өөрсдөө гар бие оролцоод, өөрсдөө удирдан зохион байгуулах бололцоотой болж байгаа юм. Тухайн орон нутагтай холбоотой шийдвэрийг зөвхөн Засаг дарга гаргадаг биш иргэд олон нийт оролцон шийдвэрлэхээр болж байгааг ойлгосон иргэд үүнд ам сайтай байсан юм.

Орон нутгийн эрх мэдлийг иргэдийн оролцоотой нэмэгдүүлснээр тухайн орон нутгийн эдийн засгийн өсөлт нэмэгддэг гэсэн судал­гааг АНУ-ын эрдэмтэд дэлхийн 52 орны жишээг судлан тогтоосон байна. Өөрөөр хэлбэл орон нутгийн оролцоог хаана нэмэгдүүлнэ тэнд эдийн засгийн хөгжил нэмэгддэг гэсэн зүй тогтол байдаг аж.

Иймд орон нутгийн хөгжлийн санг сум бүрт байгуулахаар болсон. Хөгжлийн сангийн гол эх үүсвэл нь улсын төсвөөс орох санхүүжилт байх учраас улсын төсөвт орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан гэж байгуулахаар хуульд тусгасан байна. ДНБ-ий НӨАТ-ын 25 хувь, ашигт малтмалын нөөц ашигласны таван хувь зэрэг орлогоор орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн эх үүсвэрийн бүрдүүлэхээр болжээ. Энэ жилийн хувьд дээрх санд 250 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байна. Уг мөнгийг хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, алслалт, орон нутгийн хөгжлийн индекс зэргийг нь харгалзан хуваарилах аж. Тухайлбал, Төв аймагт есөн тэрбум төгрөг хуваарилагдах бөгөөд энэ мөнгө нь аймаг, сумдад хуваарилагдах гэнэ.  1500 орчим хүн амтай Баянжаргал суманд ойролцоогоор 130 орчим сая төгрөг оногдох аж. Хамгийн гол нь энэ мөнгө хэн нэгэн даргаас хамаарахгүй улсын төсвөөс ОНХС-д шууд орж ирж буй мөнгө юм.

Урьд нь орон нутгийн төсвийн орлого зарлагаасаа илүү гарах юм бол илүү гарсан зардлыг аймаг авчихдаг байсан бол шинэчлэгдсэн хуулийн дагуу энэ мөнгө нь ОНХС-д орох аж. Мөн жилийн эцсээр орон нутгийн төсвөөс илүү гарсан мөнгийг улсын төсөвт шилжүүлдэг байсан бол мөн л тухайн сум орон нутгийн хөгжлийн санд энэ мөнгө нь үлдэх юм байна. Орон нутгийн хөгжлийн санд хуримтлагдсан мөнгөө хэрхэн яаж зарцуулахыг сумын Засаг дарга биш иргэдийн нийтийн хурлаас шийддэг болох гэнэ.

Ямартай ч иргэдийн оролцоог хуулиар баталгаажуулчихлаа. Урьд нь энэ талаар ганц нэг хуулийн заалт байсан аж. Гэхдээ иргэдийн оролцоог ингэж хуульчлан заасан ч иргэд яг яаж оролцох ёстой вэ гэдгийг нь заагаад өгчихсөн дүрэм журам байгаагүй. Тиймээс үүнийг боловсруулах шаардлага мөн гарч байгаа юм. Иргэдийн нийтийн хурал яаж зарлагдах юм, шийдвэрээ яах гаргах вэ, саналыг хэрхэн дүгнэж, тоолох вэ гэх мэт асуудлыг шийдэх хэрэгтэй болж байна. Ийнхүү иргэд орон нутгийнхаа хөгжлийн жолоог өөрсдийн гараар залж аймаг, сумаа хөгжүүлээд эхэлчихвэл хот суурин газрын төвлөрөл ч буурна.

Н.САНЖААСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж