Санхүүгийн зохицуулах хороо хаашаа алхах вэ?

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

Санхүүгийн зохицуулах хороо хаашаа алхах вэ?

Хөрөнгийн зах зээл, санхүүгийн харилцаа гэхээр Монголд шинэхэн бөгөөд анхаарал татсан салбар, гэхдээ хараахан хөгжиж эхлээгүй байна гэж өхөөрдөх маягтай тайлбарладаг. Харамсалтай нь хэдэн жил бид ийнхүү шинэ тулгар хөгжиж байгаа хэмээн ярьж байгаа билээ, хөлд орж ядаж байгаа хэмээх эвийлэх мөртлөө хөлд оруулах талаар юу хийсэн билээ гэдгээ бодох цаг нэгэнт болжээ. Монголчууд хөгжлийнхөө гарааны зам дээр ирлээ л гэдэг. Байгалийн баялгийнхаа ачаар дэлхий нийтийн анхаарлыг ч нэгэнт татаж эхэлсэн. Тэр хэрээр гадаадын том том байгууллага, компаниуд Монголыг сонирхож, дэлхийн мундагчууд Монголд салбар, төлөөлөгчийн газраа нээж хөл тавиад байгаа. Харамсалтай нь Монголын санхүүгийн салбар дэндүү балчир гэж чамлагдсан хэвээр.   

Уг нь дэлхийн мундагчуудыг дагаад, хөрөнгө оруулалт цутгаж, Монголын дотоодын пүүс компаниудад ч дэлхийн хөрөнгийн зах зээлд гарах, хөрөнгө босгох зэрэг сайхан боломж бий болж байх ёстой. Мөн л харамсалтай нь бор зүрхээрээ IPO гаргасан ганц нэг компанийг эс тооцвол боломжийг ашиглаж байгаа бүү хэл, боломж харах ч гарц байхгүй хэвээр байна. 

Дээрээс нь Санхүүгийн зохицуулах хороо гэж учир битүүлэг байгууллага байна. Монголын хөгжлийн гол хөшүүрэг болох ёстой энэхүү байгууллага харамсалтай нь хөгжлийн төлөө урагш тэмүүлэгч бус харин ч тээг болох хүнд суртлын талбар болоод байгаа гэдэг. Үүнийг нь ч  тодорхой хүрээнд ярьж шүүмжилдэг ч байгуулагдсанаасаа хойш, хадгаламж зээлийн хоршоодын хэрэг дээр хэсэг “тодорч” гарснаас өөрөөр хийсэн ажил нь харагдахгүй таг чиг хэвээр. Хадгаламж зээлийн хоршооны хэрэг дээр ч үнэндээ энэ салбарын хууль эрх зүйн зохицуулалт муу байснаас ийм харамсалтай хэрэг гарсан, манайх шалгалт /анхны дарга Д.Бадраа агсны эхлүүлсэн шалгалт/ хийснээр харин ч энэ хэргийг илрүүлсэн гэсэн л тоглолт хийсэн санагдана.

“Санхүүгийн зохицуулах хорооноос явуулж байгаа бодлого, тэнд ажиллагсдын хүнд суртал ажлын чадварын золиос болж өнөөдөр санхүүгийн бичил зах зээлийн орчинд ажиллаж байгаа бизнесийн байгууллагууд хөгжих, өсөх, зах зээлд хөлөө олохоосоо илүү хатуу гар, хоригт баригдсан орчинд ажиллаж байгаа” гэж салбарынхан нь тайлбарлаж байгаа. Тиймээс бүр Санхүүгийн зохицуулах хороо хэмээх сайхан нэртэй байгууллагыг “Өөрсдөө хийдэггүй, бусдыг ч ажил хийлгэдэггүй” гэдэг тодотгол дагалдах болжээ. 

Уг нь санхүүгийн зах зээлийг зохицуулаад өгөх ёстой  тэнд удирдлагаасаа эхлээд бараг бүгд хуулийн мэргэжлийнх, хориглох цуцлах хүчингүй болгох айлгах үндсэн зорилготой мэт ажиллаж байгаа. Ерөөсөө л хийдэг ажил нь зөвшөөрөл олгох, цуцлахаар хязгаарлагддаг. Тийм ч учраас энэ нь санхүүгийн зах зээлийн салбарынханд ялангуяа бизнесийнхэнд ердөө л дөнгө нэмж байгаагаас өөр зүйл үгүй гэнэ. Тиймээс тус салбарынхан уналтад орох аюул нүүрлээд байгаа талаар анхааруулж, цаашид ажлаа эрчимжүүлж, бодлогоо тодотгож, хөгжлийн ямар алхам хийхээ зарлаач гэж хүсч байгаа аж.

А.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж