
Дэлхийн банкны тооцоолсноор авлигын хэмжээ дэлхийн нийтээр нэг их наяд ам.долларт хүрчээ. Азийн хөгжиж буй орнуудад албан тушаалтанд өгдөг авлигын хэмжээ жилд 20-40 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Азийн хөгжлийн банкны үзэж буйгаар Засгийн газрын муу үйл ажиллагаа, төсвийн алдагдал, дэд бүтэц хөгжөөгүй зэрэг шалтгаанууд Азид ядуурлын хэмжээг буурахгүй байх үндсэн нөхцөл болж байгаа аж. Авлигын барометр “Transparency International” –ийн судалгаагаар Азийн орнуудад авлига бэлэг, гар цайлгах арга хэлбэрээр маш их дэлгэрч байгаа аж. Хэдэн долоо хоногийн өмнө гэхэд Хятадын төмөр замын сайд хэдэн тэрбумаар тоологдох хээл хахууль авсан тухай шуугиан дэгдсэн юм. Хэвлэлийн мэдээлж буйгаар уг албан тушаалтан 800 сая юаны хахууль авсан аж.