Энэ удаагийн уулзалтад оролцогчид дэлхий дахины ардчилсан засаглал олон улсын энхтайван аюулгүй байдал, хүний эрхийн хэрэгжилт, эдийн засгийн хөгжилд хэрхэн нөлөөлж байгаа талаар хэлэлцэж буй юм. Форумыг уламжлал ёсоор Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно нээж үг хэлэв. Түүнчлэн Солонгос Улсын Ерөнхийлөгч Ли Мён Бак төр, засгийн тэргүүн нарын хуралдаан дээр хэлсэн үгэндээ Монгол Улс ардчиллын чиглэлээр тууштай замнаж байгааг дурдаж, ирэх жил Улаанбаатарт зохиогдох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын бага хурлыг амжилттай зохион байгуулахыг ерөөж, Солонгос Улс ардчиллыг тууштай дэмжигч орны хувьд, АОХН-ийн Удирдах зөвлөлийн гишүүний хувьд Монголд бүх талын дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.
Сайд Л.Болд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Форумын төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлж, Индонез Улсын санаачлан эхлүүлсэн Балийн Ардчиллын Форумын таван жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн баяр хүргэснийг уламжлав. Тэрбээр хэлсэн үгэндээ, Балийн ардчиллын Форум нь Ерөнхийлөгч Юдоёоногийн удирдлага дор амжилттай өргөжин тэлж, манай бүс нутагт ардчиллыг дэмжихэд чиглэсэн Засгийн газар хоорондын чуулга уулзалт болж байгааг Монгол Улс өндөр үнэлж ирснийг онцлон тэмдэглэв.
Мөн Балийн Ардчиллын Форум нь Монгол Улсын даргалж буй АОХН-ийн зорилго, үйл ажиллагаатай нийцэж, бүс нутагт ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж олгож байгааг тэмдэглэж, Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн даргын хувьд Ардчиллын боловсролыг гол сэдэв болгон, иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжин ажиллах, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бусад улс оронтой туршлага солилцож ажиллахыг үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэл болгон ажиллаж, энэ хүрээнд зохион байгуулсан арга хэмжээнүүдийн талаар танилцууллаа.
Түүнчлэн Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч нарын санаачлагаар Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хүрээнд эхлүүлсэн «Ардчиллын төлөөх Азийн түншлэл» санаачилгад оролцохыг Индонезийн Ерөнхийлөгч нааштай хүлээж авсан нь ардчилсан засаглалыг дэлхий дахинд дэмжин ажиллах улс орнуудын эрмэлзэлд чухал түлхэц болно гэдэгт итгэж байна гэв.
Түүнчлэн Монгол Улсын шинэ Засгийн газар улс орныхоо гадаад бодлогын залгамж чанарыг үргэлжлүүлэн дэлхийн улс орнуудтай нээлттэй хамтран ажиллахын төлөө байгааг нотолж, бусад улс оронтой туршлага хуваалцах зорилгоор Олон улсын хамтын ажиллагааны сан байгуулахаар болж байгааг мэдээллээ.
Гадаад харилцааны сайд Австрали, Индонөзи, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд нартай уулзаж, АОХН-ийн Сайд нарын хурлын урилгыг гардуулан, ирэх жилийн 4 дүгээр сард Улаанбаатарт уулзахын өрөөл тавив. Мөн Сингапурын Шадар сайд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын ахлах зөвлөх, Унгарын төлөөлөгчдийн тэргүүн, АСЕАН, АОХН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга нар зэрэг зарим орны төлөөлөгчтэй хоёр талын уулзалтууд хийж, харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Манай төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонези Улсад суух Элчин сайд Ч.Баттөмөр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний эрх, иргэний оролцооны зөвлөх Ч.Сосормаа, Гадаад харилцааны сайдын зөвлөх Д.Бадамдаш болон албаны бусад хүн оролцож байна.
Балийн Ардчиллын Форум нь Ази, Номхон далайн бүс нутгийг бүхэлд нь хамарсан ардчиллын асуудлаар ярилцдаг цорын ганц Засгийн газар хоорондын форум бөгөөд бүс нутгийн улс орнуудын ардчиллыг хөгжүүлэхэд олсон амжилт, туршлага, сургамжийг хуваалцах чухал талбар юм. Үүгээрээ АОХН-тэй зорилго нэгтэй юм. Энэ удаагийн Форумд 11 орон төр, засгийн тэргүүний, 40 гаруй орон сайдын түвшинд, нийтдээ 80 гаруй орон, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.