Нийслэлчүүд амар тайван орчинд амьдарна

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Нийслэлчүүд амар тайван орчинд амьдарна

Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын баталсан “Аюулгүй, амар тайван орчин” сэдэвт нэг сарын аяныг зохион байгуулах  ажлын хүрээнд Хууль зүй дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар хамтран өчигдөр Соёлын төв өргөөнд зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнийг Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав нээж үг хэлэн, удирдан явууллаа. Уг зөвлөгөөнд Хууль зүй дотоод хэргийн дэд сайд В.Удвал, Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир, дэд дарга, цагдаагийн хурандаа М.Энх-Амгалан, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга Т.Билэгт, Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлого хэрэгжилт, зохицуулалтын газрын дарга Т.Алтангэрэл нар оролцов. Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажлын албаны дарга н.Нямдаваа, Улсын мөрдөн байцаах газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, Сууц өмчлөгчдийн холбооны  дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан, Ардын багш Ж.Дүгэр, НХЖХГ-ын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганзориг нар болон дүүргүүдийн Засаг дарга, ИТХ-ын дарга болон Цагдаагийн хэлтсийн дарга нар оролцлоо.

“Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийн хүрээнд нийт албан  хаагчид уг хөтөлбөрийг судалж, иргэд олон нийтэд сурталчлах ажлыг харьяа байгууллагуудад зохион байгуулж байгаа аж.  “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд иргэд,  олон нийтийн үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгаа, нээлттэй хэлэлцүүлэг зөвлөгөөнийг зохион байгуулж, түүнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг хамруулан, сурталчилгаа хийн Сууц өмчлөгчдийн холбоо, Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгуулагуудтай хамтран  ажиллаж эхэлжээ.

“Аюулгүй, амар тайван орчин” аяны хүрээнд  аяны зорилго, ач холбогдолын талаар иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүргэж сурталчлах, мэдээлэл солилцох, тэдний санал хүсэлтийг авч хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа аж. Мөн цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлж байгаа ажил үйлчилгээний чанар, хүртээмж, олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны талаар санал асуулгыг зохион байгуулж, дөрөвдүгээр сарын 22-нд “Бүх нийтийн эргүүлийн өдөр”-ийг зохион байгуулах юм байна. Түүнчлэн нийслэлийн есөн дүүргийн гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг гудамж, талбай, эгзэгтэй цэгүүд, аж ахуйн нэгж байгууллагуудын судалгааг гаргаж, түүндээ үндэслэн эргүүлийн чиглэл боловсруулан өөрсдийн албан хаагчид, урамшилт эргүүлийн хүчээр хамтарсан эргүүл тогтмол зохион байгуулан ажиллаж буй ажээ.

Дашрамд дурдахад, 2011 оны гуравдугаар сарын 22-нд баталсан “Аюулгүй, амар тайван орчин” сэдэвт нэг сарын аяныг зохион байгуулах ажлын төлөвлөгөөний биелэлтийг хангах ажлын хүрээнд зохион байгуулсан дээрх зөвлөгөөнд иргэд цагдаагийн алба хаагчид нийт 1300 хүн оролцлоо.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж