Лондонгийн биржтэй өрсөлдөхөөр Хонгконгчууд ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Лондонгийн биржтэй өрсөлдөхөөр Хонгконгчууд ирлээ

Монгол Улс “Эрдэнэс тавантолгой” компанийн IPO-г хийхээр ханцуй шамлан ажилдаа ороод буй. Тус компанийн хувьцааны 30 хувь нь гадаад дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалагдах юм. Монголын хувьд хариуцлагатай чухал энэ цаг үед гадны биржүүдийн сонирхол хүчтэй байгаагийн нэгд Хонгконгийн хөрөнгийн бирж тодорч байна. Тус биржийн ТУЗ-ийн дарга Роналд Аркулли тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Монголд найм дахь удаагийн айлчлалаа хийж, энэ үеэр Ерөнхий сайд С.Батболд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарт бараалхан ажил хэргийн халуун яриа өрнүүлж, өөрсдийгөө сурталчилжээ. Өмнө нь долоон удаа Монголд ирж хөрөнгийн зах, компаниудын байдалтай танилцсан тэд энэ удаагийн айлчлалаа нэлээд хүчтэй лоббигоор үргэлжүүлсэн нь энэ. Эцэст нь тэд “Кемпински” зочид буудалд хэвлэлийн бага хурал зарлаж сэтгүүлчдэд биржийн гол үзүүлэлтүүдийг танилцуулсан юм.
Үндсэн мэдээллийг ТУЗ-ийн дарга Роналд Аркулли  өгч, сэтгүүлчдийн асуултад хариулсан. Хонгконгийн хөрөнгийн биржид өдгөө 1400 компани бүртгэлтэй байгаа бол тэдгээрийн зах зээлийн үнэлгээ 23 тэрбум ам.доллар байна. Өдөр тутмын арилжаанд есөн тэрбум ам.доллар эргэлддэг нь багагүй үзүүлэлт гэнэ. Сүүлийн хоёр жилд гаргасан IPO-ийн тоогоор Лондонгийн биржийг ардаа орхисон нь анхаарал татаж байгаа юм. Тэдний дунд Монголын “Mongolia mining” компанийн 975 дугаартай хувьцаа багтаж буй. Анх 7,02 хонконг долларын үнэтэй гарсан хувьцааны үнэ өдгөө 40 хувь өсч есөн хонконг доллар давсныг тэрбээр нүүр бардам танилцуулж байлаа. Түүнээс гадна “Mongolia energy”, “South gobi resours” компанийн хувьцаа тус бирж дээр арилжаалагдаж байна.
Хонгконгийн хуулийн систем нь татварын хамгийн таатай нөхцөл бүрдүүлсэн гэнэ. Компанид 16,5, хувь хүний орлогын албан татварт 13 орчим хувийн татвар ногдуулдаг. Харин тус биржийн арилжаанд оролцоход ханшийн зөрүүнээс олсон ашиг болон хувьцааны ногдол ашигт татвар ногдуулдаггүй нь хөрөнгө оруулагчдад таатай орчин гэх. Тиймээс компаниуд болон хөрөнгө оруулагчид Хонгконгийн хөрөнгийн биржийг сонгодог байна. Ноён Роналд Аркулли  хэвлэлийнхэнд зориулсан мэдээлэлдээ Хонгконгийн бирж төрийн өмчит компаниудад хөрөнгө босгох илүү боломжтой гэдгийг хэлсэн. Энэ үеэр түүнээс сэтгүүлчид асуулт тавьж хариулт авсныг дор сийрүүлье.

-Монголын компаниудад танай бирж дээр гарахад ямар шаардлага тавих вэ?
-Уул уурхайн компаниудын хувьд тогтоогдсон нөөцийн хэмжээ, тухайн ордыг ашиглах төлөвлөгөө, дараачийн 15 сарын турш үйл ажиллагаа явуулах зардалтай байх.

-Бусад биржид бүртгэлтэй компанийг давхар бүртгэх үү?
-Хонгконгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниуд Лондон, Шанхай, Шиньжин, NASDAQ-д бүртгэлтэй компаниуд байдаг. Бид Монголын хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах санамж бичгийг 2007 онд байгуулсны дагуу Монголын компаниуд манай бирж дээр давхар бүртгэлтэйгээр арилжаа хийгддэг болно гэдэгт найдаж байна.

-Хонгконгийн бирж дээр уул уурхайн хэчнээн компани бүртгэлтэй байдаг вэ?

-Нийт бүртгэлтэй 1400 компани байгаагийн 82 нь уул уурхайн компани байгаа. Тэдгээрийн зах зээлийн үнэлгээ 102 тэрбум ам.долларт хүрсэн. Тэдний дунд Монголын гурван компани бий. Тэд тэрбум гаруй ам.долларын хөрөнгө босгоод байна.
Монголын компаниудад амжилттай хөрөнгө босгох боломжийг амлан Хонгконгийн хөрөнгийн биржийнхэн ийн урьж байна. Мөн цагийн зөрүү байхгүй, шууд нислэгээр холбогдох болон Япон, Индонези гэх мэт том зах зээлийн дэргэд байдгаараа Хонгконгийн бирж давуу гэдгийг тэд онцолсон. Хэвлэлийн бага хурал цагаасаа хоцорч эхэлсэн ч зохион байгуулагчид хугацаагаа сунгасангүй. Сэтгүүлчдэд сонирхсон олон асуулт байсан ч mail бичээрэй гэсэн зочид хурлын танхимыг орхин гарснаар хэвлэлийн бага хурал өндөрлөв.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж