Ц.Шаравдоржийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Хуучирсан мэдээ: 2012.11.08-нд нийтлэгдсэн

Ц.Шаравдоржийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 80.4 хувийн саналаар дэмжиж ёсоор болголоо.

Ц.Шаравдорж нь эл албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт гаргаад байсан юм. УИХ-ын чуулганаар  түүний хүсэлтийг хүлээж авахын өмнө УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын даргад хандан асуулт тавив. Тэрбээр “УИХ нэг дор чөлөөлөх асуудлыг бөөндөн хэлэлцэж байна, Ц.Шаравдорж дарга бол төрийн ажил хийж сурсан хүн. Энэ хүн яагаад албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргах болов. Сүүлийн үед өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдөл гаргах нь ихэслээ, цаанаа улстөрийн шалтгаан байгаа юм биш биз. Үүнд УИХ-ын дарга хариулт өгөх ёстой гэж байв.

УИХ-ын дарга З.Энхболд, Д.Лүндээжанцан гишүүнд хандаж “Өөрийн тань буйдантай суулт Ц.Шаравдорж даргыг өргөдлөө гаргахад нөлөөлсөн” хэмээн хариу тайлбар хийсэн юм.

Мөн УИХ-ын гишүүд саналаа хэлэх шатанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Г.Уянга нар “Туршлага мэдлэгтэй ийм сайн боловсон хүчнийг ажлаар хангах ёстой” гэж байв. Харин Ц.Шаравдорж дарга үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнийхөө дараа УИХ-ын даргаас үг хэлэх боломж олгохыг хүсч УИХ-ын гишүүдэд хандсан юм. Тэрбээр “УИХ-ын Тамгын газрынхан бол Монгол төрийн хууль тогтоох хэвийн ажиллагааг хангахын төлөө сэтгэл хоёргүй зүтгэдэг, УИХ-ын гишүүдийн өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэхийн төлөө цаг наргүй ажилладаг албан хаагч нар байдаг тул тэдэндээ амжилт хүсч байна” гэсэн юм.

УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөнтэй холбоотойгоор оронд нь Б.Болдбаатарыг томилох тухай УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос оруулж ирсэн санал дүгнэлтийг хэлэлцэв. Б.Болдбаатар нь хуульч мэргэжилтэй, одоо УИХ дахь Ардчилсан бүлгийн даргын ажлын албаны даргаар ажиллаж байгаа, тус бүлэгт 2004 оноос эхлэн ажиллажээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зүгээс түүнийг даргад үйлчилдэг, зөвхөн бүлэгт үйлчилдэг байдлаар асуудалд хандаж болохгүй, УИХ-ын Тамгын газрыг мэргэжлийн хуульчдаар бүрдүүлж ажиллах шаардлагатай. Нөгөө талаас хуулийн төслийг чамбайруулахад УИХ-ын Тамгын газраас мэргэжлийн үүднээс хандаж, судалгаанд үндэслэх ёстой гэж захиж байв.
Ингээд Б.Болдбаатарыг УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар томилох тухай УИХ-ын тогтоолыг дэмжих асуудлаар гишүүдээс санал хураахад 53 гишүүнээс 44 нь дэмжиж, батлагдсан юм. УИХ-ын тогтоол батлагдсанаар УИХ-ын Тамгын газар шинэ даргатай боллоо.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж