Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Сүүлийн үед МИАТ компанийн үйл ажиллагааг болохгүй бүтэхгүй талаас нь харлуулах, бүр цаашлаад нислэгийн үйл ажиллагааг доголдуулж зогсоох гэсэн увайгүй үйлдэл хэрээс хэтэрч, тэдгээр зөрчилтэй шийдэмгий тэмцэх  тусам хувь хүний нэр төрд зохион байгуулалттай халдах арга хэлбэр рүү шилжиж байна.  Гэхдээ би энд өөрийгөө бус компанийхаа талаар, хийж бүтээж буй ажлыг минь манай компаниар үйлчлүүлэгч зорчигчид мэдэж байх эрхийх нь хүрээнд өөрийн үүргээ гэж ойлгон  нийт уншигчид танилцуулахыг зорилоо.

Бид МИАТ компанийн нислэг зогссон, хөдөлмөрийн маргаантай, зуны улиралын жуулчдад үйлчлэх онгоцгүй тийм үед ажил аван шуурхай, чадамгай ажилласны үр дүнд эдгээр асуудлыг шийдвэрлэн, хэдийгээр А310 гэмтсэний улмаас төлөвлөгдөөгүй 5-6 тэрбум төгрөгний их зардал гарсан ч зардлыг хэмнэн, орлогыг нэмэгдүүлж 2010 оны үйл ажиллагааг төлөвлөснөөс хавьгүй амжилттай баланслуулж шинэ онтой золгосон билээ.

2011 оны эхний улиралын байдлаар бид үйл ажиллагааны уламжлалт зээлийг банкнаас авахгүйгээр барахгүй харин ч 2010 оны эхний улиралд 4,3 тэрбум төгрөгний алдагдалтай ажиллаж байсантай харьцуулахад  энэ оны эхний улиралд 0,3 тэрбум төгрөгний ашигтай ажиллан 18,000 зорчигчийг илүү тээвэрлэж 37 хувийн өсөлттэй ажиллаж байна.

Түүнчлэн зах зээлийн ширүүн өрсөлдөөний үед үр ашигтай ажиллах механизмыг бүрдүүлэх,  манай  эдийн засгийн  цаашдын хурдацтай хөгжилд  агаарын тээврийг хөл нийлүүлэн алхуулах,  гадаадын  томоохон тээвэрлэгчидтэй эн тэнцүү өрсөлдөх зэрэг томоохон зорилтуудыг энэ Засгийн газрын үед шийдвэрлэж, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах чин эрмэлзлэлтэй, хүсэл зоригтой ажиллаж байгаа цохон тэмдэглэмээр байна.   

Хэдийгээр бид ЗТБХБЯ, ТӨХ, ТУЗ –даа хийж буй ажлаа тухай бүр танилцуулж яваа боловч олон нийтэд ойлгомжгүй, маргаантай байж болох дараах асуудлуудаар зориуд байр сууриа илэрхийлэх, тайлбарлан таниулах зорилгоор  уг  танилцуулгуудыг толиллуулж байна.             

Онгоцны парк шинэчлэлт

МИАТ нь зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш Төр засгаас бодлогын хувьд дэмжлэг авч, эдийн засгийн хувьд цэвэр биеэ даан өнгөрсөн жилүүдэд үйл ажиллагаагаа явуулан онгоцны паркийг шийдвэрлэж ирлээ.  Өнөөдрийн байдлаар МИАТ нь олон улсад жижиг болон дунд  оврын  2 төрлийн онгоц ашиглаж байгаа ба жижиг онгоцны  тухайд анх  Оросын  Ту-154 онгоцоор эхэлж, 1992 онд  Бойнг 727 онгоцыг авч ашиглан улмаар шинэ технологийн Бойнг 737 онгоцыг өнөөдөр ашиглаж байгаа нь туйлын оновчтой зөв шийдэл болсон билээ.   

Харин  дунд оворын А310 онгоцыг 1998 онд авснаас хойш огт шинэчлэл хийгээгүй бөгөөд хэдийгээр уг онгоц сайн боловч зах зээлийн өнөөгийн эрэлт хэрэгцээнд нийцэхээ больж улмаар цаашид зардал их гарах төлөвтэй байгаа тул дээр дурьдсан жижиг онгоцны  нэгэн адил шинэчлэх шаардлага байгаа нь нэгэнт тодорхой юм.  Нөгөөтэйгүүр МИАТ-ын хүчтэй өрсөлдөгч Кореан Эйр компани нь орчин үеийн тохилог онгоцоор Улаанбаатар руу нисэж байхад бид агаарын хөлгийг түүнтэй өрсөлдөх, зорчигч үйлчлүүлэгчдэдээ шинэ үйлчилгээ үзүүлэх  утгаар шинэчлэхэд буруу зүйл огт байхгүй.    

Иймд жижиг оворын онгоцны паркийг шийдвэрлэсэн туршлага дээрээ тулгуурлан  хэдийгээр Б727 онгоц тэр үедээ сайн онгоц байсан ч гэсэн түүнийг Б737-аар сольсончлон  дунд оворын А310 онгоцыг шинэчлэхдээ эхлээд түрээсийн Б767 ашиглах,  улмаар уг түрээсийн онгоцыг 2 жил ашиглаад шинэ тохилог  Б767 онгоцоор бүрмөсөн шинэчлэн солих, алс хэтдээ шинэ технологийн Б787 онгоц ашиглах зэргээр өнөөдрөөс төлөвлөн ажиллавал бага зардлаар үр ашигтай хэлбэрээр шийдэх бололцоо олгож байгаа юм.

Түүнчлэн саяхан Японд болсон газар хөдлөлтийн улмаас 1500 орчим монгол иргэд нутаг буцаж ирсэн ба түүний тээвэрлэлтийг өнөөгийн тогтмол аялалын нислэгийн хажуугаар зохион байгуулахад онгоцны хүрэлцээ, суудлын багтаамжаас шалтгаалж нэлээд бэрхшээл гарсны дээр цаашид үүнээс олон тооны иргэдийг зөөвөрлөх ийм төрлийн тээвэрлэлт, нүүлгэн шилжүүлэлт зохион байгуулахад улс орон, МИАТ компани онгоцны тооны хувьд бэлэн биш гэдэг нь нотлогдлоо.
Мөн аливаа улс үндэстний Төр засгийн тэргүүнүүд тухайн орны тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болсон өөрийн орны агаарын тээвэрлэгчийн хөлгөөр тусгай нислэгээр  гадаад орнуудад айлчлал хийдэг зарчим уламжлал байдаг  боловч ихэнхи тохиолдолд гадаадын хуваарьт нислэгээр зорчиж байгаа нь манай орны нэр төрд хэрхэн нөлөөлөхийг бодож үзүүштэй байна.

А310 онгоцны тухай

Уг онгоцны далавчны зүгээр нэг хөндий хэсэг цоорсон бус шатахууны сав байрладаг хэсэг нь гэмтсэн ба Засгийн Газар санаа зовнин болгоомжилж байгааг мушгих шаардлага огт байхгүй. Тэгээд ч ИНЕГазраас уг онгоцны нислэгт тэнцэх чадварын гэрчилгээг одоо болтол олгоогүй байна.    Ер нь энэ онгоцыг гэмтэхээс нь өмнө 21 настай утгаар нь цаашид шинэчлэх төлөвлөгөө байсан тул зарж борлуулахаар 2 жилийн өмнөөс  ажиллаж эхэлсэн ба бид ч үргэлжлүүлэн ажиллаж байна.     А310 онгоцны  үйлдвэрлэл нь 1998 онд  зогссон бөгөөд нийт 255 үйлдвэрлэгдсэн ба 1998 оноос 2008 он хүртэл МИАТ нь уг онгоцонд  100 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд цаашид настай онгоцны хөтөлбөрөөр илүү зардал гаргахаар байгаа юм.   

Нөгөөтэйгүүр А310 онгоц нь замдаа  буулгүйгээр Европ руу шууд нислэг үйлдэх үед хэдийгээр 214 суудалтай ч зуны улиралд зорчигчдийн тоог 135-150 хүнээр хязгаарлан ачаа тээвэрлэх бололцоогүй болгож эдийн засгийн үр ашиг нь илэрхий багасдаг.  Энэ нь цаашид уг онгоцыг шинэчлэх бас нэг шалтгаан болж байна.

Түрээсийн Б767 онгоц

Түрээсийн Б767 онгоцыг АНУ-ын түрээсийн компаниас авахаар ярилцаж буй бөгөөд  хэдийгээр Хятадад нисэж байсан боловч Бойнгийн үйлдвэрлэсэн онгоц ба Монголд ирэхдээ иж бүрэн засвар үйлчилгээ хийгдсэн олон улсын нислэг хийх техникийн бүрэн чадвартай ирэх болно.  Дашрамд дурьдахад Хатадын Иргэний Нисэхийн байгууллагын онгоцонд тавигддаг шаардлага АНУ-ын FAA –ийн хэмжээнд гэдгийг мэргэжлийн байгууллагууд хүлээн зөвшөөрдөг.

Энэ онгоц нь 263 суудалтай,  замдаа буулгүйгээр Европын аль ч хотууд руу шууд нислэг хийх чадвартай,  ачаа тээвэрлэх бүрэн бололцоотой, даацны хязгаарлалтанд орохгүй холын зайнд нисэх чадвар нь  манай эдийн засгийн шаардлага нөхцөлд бүрэн нийцэж байна.     Хэдийгээр 79 тонны даацтай 160 суудалтай сүүлд ашиглаж эхэлсэн  Б737 онгоцны сарын түрээс 347,000 ам.доллар боловч, бид амжилттай хэлэлцээр хийсний үр дүнд түүнээс 2 дахин хүнд 156-186 тонны жинтэй  100-200 суудал илүү  2 ширхэг Бойнг 767 онгоцыг сарын 247-297,000 ам.доллараар түрээслэж байгааг  ямар ч тохиолдолд үгүйсгэх, буруутгах  аргагүй.   Үүнийг буруутгаж  байгаа хүн улс орны хөгжил, компанийн эдийн засгийн үр ашгийн эсрэг зогсож байна гэж ойлгохоос өөр замгүй.       

Шинэ Б767 онгоц

 Б767 онгоц нь Бойнг компанийн нэлээд нэрд гарсан амжилттай бүтээгдэхүүн бөгөөд   нийт  1000 гаруй онгоц  үйлдвэрлэгдсэн ба  энэ оны 2-р сард л гэхэд Японы ЖАЛ, АНА, Чилийн ЛАН компаниудад  Бойнг үйлдвэрээс  шинээр нь нийлүүлсэн  байна.  Уг онгоцны  үйлдвэр нь зогсоогүйгээр барахгүй  АНУ-ын Батлан хамгаалах яам,  цэргийн зориулалтаар нэмэж 180 ширхэгийг захиалан эхний 18 онгоцыг 2017 оноос нийлүүлнэ гэж тохирчээ.  Үүнээс үзэхэд уг онгоц зогссон, ашиглахаа болисон гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй бөгөөд холбогдох мэдээллийг интернетээр эсвэл  Бойнг компаниас хялбархан шалгаж болно.      
                 
Дээр дурьдсанчлан түрээсийн Б767 онгоцыг 2-3 жил ашиглаад түүнийг буцааж оронд  нь 2013 оны 5 сард Б777 онгоцны технологиор хийгдсэн орчин үеийн тохилог салон, 180 градусаар хэвтээ налж,  ор болдог бизнес зэрэглэлийн суудалтай,  энгийн суудал нь тус бүрдээ монитор бүхий  зах зээлд бүрэн өрсөлдөх, зарим талаараа давуу тийм агаарын хөлгийг МИАТ нь зөвхөн Та бүхэнд, зорчигч үйлчлүүлэгчдээ зориулж байгаа гэдгийг ойлгоосой гэж хүсэх байна.   Уг онгоцыг ашиглаж эхлэхээр МИАТ  компани АНУ руу тогтмол нислэг нээж үйл ажиллагаагаа илэрхий нэмэгдүүлэх  болно.

Түүнчлэн уг онгоцыг бид нэлээд удаан нухацтай судлаж Эйрбас компанийн  үнэтэй харьцуулан, манай маршрут, хэрэгцээнд хөөрөлтийн хүнд, багтаамжаараа эдийн засаг талаасаа яг таарсан хөлөг гэж сонгож авсан бөгөөд үнийг ч хангалттай хэмжээнд буулгаж тохиролцсон билээ.   Мөн үндэсний аюулгүй байдалтай холбоотой бусад зарчмын давуу талуудыг ч энд дурьдах нь зүйтэй.  

Орон нутгийн нислэг

Хэдийгээр орон нутгийн нислэгийг МИАТ нь 2008 онд зогсоосон ч гэсэн өнөөдөр нүүрлээд байгаа  өндөр тариф,  нислэгийн саатал, доголдолыг харгалзан үзсэний үндсэн дээр 2009 онд МИАТ нь Мөрөн-Ховдын чиглэлд Бойнг 737 онгоцоор нисэж ард иргэд, жуулчдын хэрэгцээг бүрэн ханган ард түмнээс талархал хүлээсэн билээ. Үүнд тулгуурлан  ЗТБХБЯ-аас орон нутгийн нислэгийг сэргээхийг үүрэг болгосны дагуу МИАТ компанид эдийн засгийн хувьд дарамт болохгүйгээр дотоодын компаниудтай хамтран ажиллах журмаар шийдвэрлэх бизнесийн санал боловсруулсан юм.  

МИАТ нь хэдийгээр улсын компани боловч бизнесийн байгууллага тул  орон нутгийн аялалыг манай компанид эдийн засгийн хувьд ихээхэн ашигтай, өөрсдийн нислэг-техник, газрын болоод борлуулалтын үйлчилгээгээ үзүүлж жилд 2-3 тэрбум төгрөгийн цэвэр орлоготой ажиллах, улс орны тухайд жинхэнэ утгаараа өрсөлдөөн бий болж үнэ тариф зохимжтой хэмжээнд очин, аялал жуулчлал хөгжиж, ард иргэдэд агаарын тээврийн үйлчилгээ хүртээмжтэй болох ба хамгийн гол нь хэрэглэгчид, зорчигчдод олон улсын  хэмжээний тохилог, аюулгүй, өндөр стандарт бүхий jet онгоцны үйлчилгээг авах зэрэг тал талын ач холбогдолтой юм.

Зөвхөн энэ хүрээнд л МИАТ компани нь шинээр байгуулагдах орон нутгийн хувийн хэвшлийн компанитай хамтарч ажиллах бизнесийн зорилго агуулж байгаа ба одоо нислэгийн үйл ажиллагаа явуулж буй компаниудтай хамтрахыг ямагт эрмэлзэж ирсэн бөгөөд  хэдийгээр тэд хүлээж авахгүй байгаа ч  бид сонирхолтой хэвээр гэдгийг үүгээр дахин нотолж байна.   Гэхдээ тэдний үйл ажиллагаа нэгэнт тогтсон,  агаарын хөлгүүдийн тухайд нэгж суудлын зардал нь харьцангуй үнэтэй тул манай тавьж буй бүхий л шаардлагыг хангах талаар өрөөсгөл нь тодорхой.  Өөрөөр хэлбэл МИАТ нь зөвхөн тэдний борлуулалтын агентийн үүргийг л гүйцэтгэх  хэмжээнд хязгаарлагдахаар байна.      

МИАТ лого

ЗТБХБЯ-аас МИАТ компанид  тушаалаар өгсөн үүргийн дагуу өнөөгийн лого бэлэг тэмдэгийг орчин үеийн хэв загвар, шаардлагад нийцүүлэн шинэлэг хэлбэрээр шийдвэрлэх,  эл чиглэлээр гадаадын тээвэрлэгчдийн жишиг, туршлагаас суралцах зэргээр товчдоо зах зээлийн өнөөгийн эрэлтэд нийцэж ажиллах ганцхан зорилго агуулж байгаа билээ.   

Энэ асуудлыг зохих журмын дагуу шинэчилэн сайжруулсан нөхцөлд Монгол Улс, түүнийг гадаад зах зээлд төлөөлөн ажиллаж буй МИАТ компанийн үйлчилгээ шинэлэг хэлбэрээр хүрэх ба бид зөвхөн лого, уриаг шинэчлээд зогсохгүй нислэгийн үеийн үйлчилгээ, түүний хэрэгслэлүүд, урамшууллын хөтөлбөр, борлуулалтын үйлчилгээ зэрэг бусад асуудлуудыг ч мөн сайжруулан шинэчлэж байгаа ба удахгүй та бүхэнд хүргэх болно.

Ялангуяа эл ажлын хүрээнд МИАТ гэсэн дотоодын худалдааны брэндэд ямар ч өөрчлөлт оруулахгүй бөгөөд гадаад зах зээл талдаа улс орныхоо Монгол буюу Mongolian гэсэн нэрийг түлхүү хэрэглэж соёл, үйлчилгээгээ сурталчилахад буруу зүйл байхгүй биз ээ.  Төгсгөлд нь тэмдэглэхэд МИАТ, Mongolian Airlines зэрэг бидний дасал болсон нэр томьеог хасах, өөрчлөх, бусдад шилжүүлэх асуудал огт байхгүйн дээр манай вэб хуудас руу та бүхэн miat.com –оор орж байгаагаар үнэмшиж болно.   

Техникийн үйл ажиллагааны тухай

Сүүлийн үед хэвлэл мэдээллээр техникийн ажилтнуудын нэрийг барьсан зарим хэсэг бүлэг хүмүүсийн болчимгүй мэдээлэл, ятгалага, гүтгэлэг өдөр бүр гарч төр захиргааны байгууллага, зорчигчдийн санаа сэтгэлийг үймүүлж байгаатай холбогдуулан тэдэнд үнэн зөв мэдээлэл өгөх зорилгоор   тайлбар хийж байна.  

Юуны өмнө МИАТ компанийн үйл ажиллагааг,  түүний дотор Бойнг онгоцнуудын техник үйлчилгээ графикийн дагуу, аюулгүй ажиллагааны холбогдох хэм хэмжээний хүрээнд хэвийн гүйцэтгэгдэж байгаа гэдгийг цохон тэмдэглээд тэр тусмаа бидний үйлчлүүлэгч зорчигчдийн эрх ашгийг хохироон нислэг саатуулж, өөрсдийн үзэл, шаардлагыг тулган хүлээлгэх бололцоогүй гэдгийг зориуд  хэлье.

Асуудлын гол нь А310 онгоц гэмтсэн асуудлаар хууль хяналтын байгууллагууд зохих журмын дагуу шалгаж байгаа бөгөөд түүнийг зогсоох, цагдаагийн байгууллагад компанийн удирдлагаар дамжуулан шууд нөлөөлүүлэхийг удаа дараа шахан шаардаж,  эс биелүүлсэн нөхцөлд  нислэгийг  зогсоох  журмаар дарамт үзүүлэхийг оролдох нь  сүүлийн үед ихэслээ.

Түүндээ Европын холбооны аюулгүй ажиллагааны EASA байгууллагыг татан оруулах, түүнийг худал мэдээллээр хангах,  хууль хяналтын байгууллага шалгаж байгаа асуудлыг мушгин гуйвуулах журмаар нөлөөлөхийг оролдож байна.    Өөрөөр хэлбэл А310 онгоц гэмтээсэн асуудлыг Иргэний Нисэхийн Ерөнхий Газраас шалгаж, агаарын хөлгийн засвар үйлчилгээг хийхэд, ялангуяа түүнийг жинлэхэд  холбогдох жинг хэрхэн ашиглах, буруу ашиглавал ямар үр дагавар гарч болохыг мөн  тухайн нөхцөлд  жингийн дээр холбогч  адапторыг бэлтгэн байрлуулахдаа  жин үйлдвэрлэгч, зохион бүтээсэн байгууллага эсвэл EASA –гаас зөвшөөрөл авахыг холбогдох дүрмэнд  урьдчилан заасаар байхад  түүнийг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл энэ нь бүх зүйлийг холбогдох дүрмийн хүрээнд хийгээд санамсаргүй байдлаар алдаа гаргасан бус, зориуд анхааруулсан заавар зөрчсөн учраас хариуцлага алдсан гэсэн үндэслэлийг төрүүлж байна.  Санамсаргүй алдаа, хариуцлагагүй ажилласан хоёрын хооронд зөрүү их бий гэдгийг ойлгохыг хүсэхгүй бүх алдаагаа санамсаргүй хийсэн, үүний улмаас холбогдох ажилтнуудыг шийтгэх ёсгүй гэсэн үзлийг өдий болтол компанийн удирдлагад тулган, элдэв аргаар дарамт шахалт үзүүлж, нислэгийг барьцаалах, саатуулах  журмаар гүйцэлдүүлэхийг улайрч байгаа юм.

Хэдийгээр аюулгүй ажиллагааны холбогдох зөвлөмжинд ажилтнууд санамсаргүй байдлаар алдаа гаргасан бол  компани шийтгэхгүй байх бодлого баримталж ажиллана гэж буй боловч, дүрэм журам зөрчсөн, хариуцлагагүй байдлаар зөрчил гаргасан  байж болзошгүй хэмээн хуулийн байгууллага шалгаж байхад МИАТ компани хөндлөнгөөс нөлөөлөхийг  хуулиар хориглосон болохыг тэд ойлгохыг хүсэхгүй байна.

Эцэст нь тэмдэглэхэд, эдгээр зөрчил, асуудлуудыг тэдэнд тайлбарлан ойлгуулахаар компанийн удирдлага ихээхэн хүчин чармайлт гарган ажилласныг тэд бэлхнээ мэдэх бөгөөд түүнийг ойлгохгүй, инженерийн мэдлэг боловсрол дутуугаас  асуудалд хандаж буй ажилтнуудыг нийтийн сонирхол, улс орны нэр хүнд, нислэгийн аюулгүй байдлыг хангах амин чухал эрх ашгийн үүднээс ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ аван ажиллаж байна.     

МИАТ ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ОРХОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж