
Эхийн сүүнээс ч амттай гэгддэг өндөр албан тушаалаас сайн дураараа татгалзана гэдэг олон хүний, тэр дундаа өөрсдийгөө улс төрд заяамал мэтээр төсөөлдөг хүмүүст их хачирхалтай санагдаад байгаа бололтой. Аманд орсон шар тосыг ингэж хэлээрээ түлхэх нь бидэнд л сонин содон анзаарагдаад байгаа болохоос биш уг нь бол улс төрд байх ёстой хэм хэмжээ. Монголын улс төрд урьд нь иймэрхүү тохиолдол гурав дөрвөн л удаа гарч байсан.
У.Хүрэлсүхийн эл үйлдлийн учир шалтгааныг тодруулах гэж үстэй толгойгоо үгтээж байгаа хүмүүс цөөнгүй бололтой. Ер нь энэ мэдээ гарснаас хойш хэвлэлүүд бүтэн долоо хоногийн турш шуугив. Цаашид ч тасрахгүй биз. Үүгээр тэрийг Монголын улс төрд хэн байгааг, хэр зэрэг жин дарж буйг илтгээд өгөв.
Түүнийг ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж ийм алхам хийлээ гэсэн хар сэр их байна. Байж болох л хувилбар. Нэрээ дэвшүүлээд гараад ирэхэд хэн ч гайхаад байхааргүй хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч мөн үү гэвэл мөн. Гэхдээ түүний хувьд ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд арай балчирдана. Учир нь Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь 45 нас хүрсэн байх учиртай. Хуулийн заалт ийм юм. Харин Хүрэлсүхийн хувьд энэ насанд хүрэх хараахан болоогүй байгаа. Ийм нэгэн ээлж түүнд ирэхийг үгүйсгэхгүй ч 2013 онд лав биш байх. Мэдээж, түүнд холын зайд гүйх цаг хугацаа, хүлээн зөвшөөрөгдсөн чанар хангалттай бий. Энэ бол улстөрчийн хувьд хуримтлуулсан үнэтэй капитал нь. Улс төрийн ямар маневерийг хэдийд хийхээ тэр мэднэ. Тэгснээс цаг нь болоогүй байхад хөзрөө дэлгэчихээд ганцаарчилсан тоглолт хийгээд сууж байх нөхөр тэр бас л биш. Тэгэхээр ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдэг нь тун магадлал багатай хувилбар байгаа юм. Магадгүй энэ бол өөр зүгээс шидсэн чулуу болов уу.
Түүний араас дайж байгаа хоёр дахь таамаглал бол мөнөөх Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгийн хэрэг. Ул дол болж, бараг мартагдах шахсан энэ хэргийг дахин сөхөж “кайф” авах сонирхол зарим нэгэнд байгаа бололтой юм. Тухайн цагтаа шалгагдаж, гэм зэмгүй гэдгийг нь хууль хяналтын байгууллага хэдийнэ тогтоочихсон. Гэсэн ч энэ хангалттай биш гэнэ. Худал үнэн байхаасаа илүүтэй нийгмийн сэтгэл зүйд ингэж хоногшуулах нь хэн нэгний сонирхолд нийцэж байхыг үгүйсгэх аргагүй.
Парламентын ордонд болсон Г.Баярсайхан У.Хүрэлсүх хоёрын хоорондох эр хүний явдал энэ шийдлийн бас нэг шалтгаан болж байна гэсэн яриа таамаг бас бий. Манай хоёр гишүүн байтугай талцаад бөөнөөрөө “ринг”-д гардаг гадаадын парламентыг та бид цэнхэр дэлгэцээр хараад сууж байдаг болохоор энэ бол улс төрийн огцом шийдвэр гаргах шалтгаан яавч биш гэдэг нь тодорхой. Энэ асуудал эр хүмүүсийн жишгээр л шийдэгдсэн нь ойлгомжтой.
Олонхийн толгойд МАН сонгуульд ялагдсан учраас тэр хариуцлагаа хүлээж УИХ-ын гишүүнээсээ татгалзлаа гэж оношилж байна. “Нам нэрээ сольсноос шалтгаалж сонгуульд ялагдвал хариуцлагыг нь би хүлээнэ” гэж тэр Их хурлынхаа индэр дээрээс хэлж байсан нь бий. Энэ үгээр нь барьцагчид олон. Сонгуулийн дараа болсон МАН-ын Бага хурлаас ч өмнө тэрбээр хариуцлагаа хүлээж, намын Ерөнхий нарийн бичгийн албан тушаалаасаа татгалзсан билээ. Бага хурлаараа сонгуульд оролцсон алдаа оноогоо МАН-ынхан тал талаас нь шүүн ярилцсан. Нэр сольсноос гэхээсээ илүүтэй нидэр дээрээ өөр олон хүчин зүйл сонгуулийн бүтэлгүйтэлд нөлөөлсөн гэдгийг тодорхойлж тогтсон. Угаасаа намын нэрийг солих нь зайлшгүй хийх ёстой өөрчлөлтийн нэг байсан. Олон ч жил яригдсан. Харин үүнийг зүрхэлж барьж авсан нь У.Хүрэлсүх байв. Нэр солиод сонгуульд ялагдах учир шалтгаан ерөөсөө байхгүй. Дэлхий нийтэд ч иймэрхүү л жишиг байна. Энэ оны дөрөвдүгээр сард БНСУ-ын парламентын сонгууль болж өнгөрсөн. Энэ сонгуулиар дийлэнхийн санал авч ялсан “Сэнүри” нам олон жил тогтож хоногшсон нэрээ сонгуулиас хэдхэн сарын өмнө сольж байсан билээ. Ингэхээр нэрээ сольсноос сонгогчдын итгэл үнэмшил ороолдог гэдэг нь нэг л итгэл үнэмшил багатай сонсогдоод байгаа юм.
Улс төрд ихэнхдээ эерэг дүр төрхөөр анзаарагдаж, үе үехэн тэсэрч явдаг энэ эрийг мөн чанар хийгээд улстөрчийнх нь хувьд сөрөг хүчнийхэн ч үнэлж явдаг. Тэрбээр Их Хурлын гишүүнээс татгалзах өргөдөлдөө “Ар гэрийн шалтгаанаар ийм шийдвэр” гаргаж байгаа гэсэн. Хүний амьдрал гэдэг хэн байхаасаа үл хамааран асуудал, шийдэл дунд хөвөрч байдаг. Тэрний л нэг байх. Хүний амьдралд хань гэр бүл, үр хүүхдээс илүү эрхэм юм гэж юу билээ. Түүнийхээ төлөө улс төрийн эрх ашиг байтугай юмыг хойш тавьж чадна гэдэг эр хүний жудаг, хүний хань, эцэг хүний үүрэг. Энэ бол яах аргагүй түүний өнөөдөр улс төрөөс time out хийж буй шалтгаан нь. Харин энэ time out хэр удаан үргэлжлэхийг хэлэхэд эрт байна. Улс төр хөлөө нэг л дүрсэн бол гарч болдоггүй тоглоом. У.Хүрэлсүх бол бүр ч үгүй. Учир нь тэр хар залуугаасаа хахууль мөнгө, албан тушаал, наймаалцах гэх мэт ойлголтгүй байхад их улс төрд хөл тавьж намынхаа ялалт ялагдлыг үүрэлцэж байгаа залуу. Түүнд их улс төрөөс зугтах эрх үгүй нь өнгөрсөн долоо хоногт илгээсэн олон түмний сэтгэгдэл харуулав. Улс төр бол нэгэн төрлийн тулаан. Улс төрийн намууд тэнд тулалдаж буй. У.Хүрэлсүх бол цэргийн онолыг судалж, мэргэжил эзэмшсэн хүн. Стратеги тактик, ухралт цохилтоо онолын хувьд тэр бодож боловсруулсан нь тодорхой. Их улс төрд хэзээ салхи татуулан орж ирэхээ тэр өөрөө л мэднэ. Учир нь түүний улс төрийн цаг бага үдэд л явна.
Эх сурвалж: ӨДРИЙН ШУУДАН сонин
