Америкчууд зөв сонголт хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.11.08-нд нийтлэгдсэн

Америкчууд зөв сонголт хийлээ

“Америкчууд зөв сонголт хийлээ. Барак Обама төгс ерөнхийлөгч биш ч Бүгд найрамдах намын Митт Ромнигаас илүү шүү дээ” хэмээн DW радиогийн тоймч Кристина Бергман үзэв.

Кристина Бергман

Санхүүгийн бодлогын чиглэлд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама зарим нэг зүйлийг хийж чадсан. Тэр АНУ-ын эдийн засгийг уналтаас гаргаж, түүнийг давтагдахаас хамгаалж чадсан. Ерөнхийлөгчийн суудалд  сар ч болоогүй байхдаа эдийн засгийг төрөөс дэмжих 787 тэрбум ам.долларын багцийг баталсан. Тийм маягаар банкуудыг аврах гэсэн нь өмнөх Ерөнхийлөгч Жорж Бушийн бодлогын үргэлжлэл байв. Одоо АНУ-ын эдийн засаг тийм ч сайнгүй байгаа. Ажилгүйдлийн төвшин найман хувь орчим байгаа нь Америкийн стандартаар бол том үзүүлэлт. Гэхдээ шинжээчид Обама ийм арга хэмжээг аваагүй бол байдал улам ч ээдрээтэй болох байсан гэж хэлдэг.

Өр ба ажилгүйдэл

Дараагийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд Обамаг хүлээж байгаа том шалгуур бол эдийн засгийн хямрал. АНУ-ын өрийн хэмжээ 16 их  наяд ам.долларт хүрчээ. Татварыг нэмж, улсын зарлагыг бууруулна гэж Обама хэлсэн байгаа. Энэ нь Математик талаасаа улс орныг хямралаас гаргах цорын ганц зам юм. Харин тэдний эсрэг татвар нэмэгдүүлэхийг эсэргүүцдэг бүгд найрамдахчууд, Митт Ромни байгааг мартаж болохгүй.

Нийгмийн салбарын зорилтууд

Өөрийн хуулийн санаачилгаа нийгмийн шаардлага болгохоор Обама ихээхэн чармайлт гаргасан. Жишээлбэл, эрүүл мэндийн салбарын шинэчлэл. Барак Обамагийн ерөнхийлөгчийн хоёр дахь хугацаа нь  сая сая америкчуудад өвчин зовлонтой үедээ эмнэлгийн даатгалтай байж, санхүүгийн  сүйрэлд орохгүй байх боломжийг өгч байгаа аж. Митт Ромни үүнийг өөрчилнө гэсэн юм. Обама бусад хуулийн санаачлагаараа бахархаж болно. Үүний нэг нь жишээлбэл,  эмэгтэйчүүд эрчүүдийн адил ажил хийж байгаа бол адилхан хөлс авах эрх юм. Өөр нэг нь цэргийн алба хааж буй ижил хүйстнүүдэд бэлгийн чиг  хандлагаа чөлөөтэй илэрхийлэх эрх. Энэ бүгдийн хажуугаар Ерөнхийлөгч Обамагаас цагаачлалын бодлогод хүмүүнлэг хандлага гарна гэж хүлээж болно. АНУ-ын эдийн засагт нэмэр хандиваа оруулж буй нийгмийн бүлгийн эрхийг бүгднайрамдахчууд хязгаарлахын төлөө байгаа.

Урьдчилан хэлж болохоор гадаад бодлого

Гадаад бодлогын хувьд Барак Обама бүхнийг зөв хийгээгүй. Иранд болж байсан жагсаал, Сирийн асуудалд тэр шийдвэртэй алхам хийж чадаагүй. Ливийн цэргийн ажиллагаа үүний шилдэг жишээ. Обама сүүлийн дөрвөн жилд тайван, итгэлтэйгээр улс орноо удирдсан. Хэрэв Митт Ромни ерөнхийлөгч болсон бол  санаа бодлоо эрс өөрчилдөг бүгд найрамдахчууд гадаад бодлогыг хэрхэн явуулахыг таах аргагүй болох байлаа. АНУ-д сайн тэргүүн хэрэгтэй. Тийм ч учраас америкчууд Барак Обамаг дахин сонголоо.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж