Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Өвлийн
туршид утаа униар дунд өвөлжсөн Улаанбаатар хотын саарал өнгө урин цаг
наашилж буй энэ цагаар бас л саарал хэвээр. Магадгүй энэ өнгө зун,
намарт хэвээр үргэлжилж магад. Учир нь хотын нийт замын 80 хувь нь
элэгдэж, хуучирч зайлшгүй шинэчлэх шаард-лагатай гэсэн судалгаа бий.
Энэ
дагуу ч засдаг. Харамсал­тай нь хаврын хавсарга, шороон шуур­гатай
зэрэгцээд замын компаниуд зам засна нэрийдлээр энд тэндгүй зам хааж, тэр
хэмжээгээр замын бөглөрөл дээд цэгтээ хүрч, хараал ерөөл хаа сайгүй
өрнөх нь тоогүй. Тэр үед оюутны амралт, сургууль, цэцэрлэг амрахыг тэсэн
ядан хүлээнэ. Тэгээд ч тусыг олохгүй. Зам хаалтгүй газар нь шугам
хоолой засах нэрийдлээр ухаж, төнхчихнө.  Явган зорчигчийн эрх ашиг бол
бүүр хол хаягдсан гэж хэлж болно. Хаа л хөл тавина гутал, хувцас тоос
шороонд “дарлуулна”. Зам засна гээд хийсэн явган замаа хуулж аваад,
эргүүлж хийхгүй орхисон “явган хүний шороон зам”-ууд нийслэлд олноор бий
болно. Магадгүй гоё ганган машин хөлөглөсөн эрхэм дарга нарын хувьд зам
дагаад явган замаар өглөө, оройд ажилдаа яаран алхахгүй учраас энэ
зовлонг огт мэдэхгүй гэдэгт олон хүн санал нийлэх биз.
Нийслэлийн
хэмжээнд энэ жил зам засварын ажилд 25 тэрбум 656 сая төгрөг зарцуулж
байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар зам засварын ажлын 48 нь гэрээгээ
байгуулан ажлаа эхлэх шатандаа оржээ. Энэ тоо бага мөнгө биш. Хэл ам
хэрүүл шуугиантай зассан замын чанар ямар байх бол оо. Жил алгасахаа
байсан нэг, хоёр цагийн аадар борооны үерт өнөөх хэдэн замыг байгаль
дэлхий шалгаад өгөх хойно энд нурших нь илүүц буй за. Энэ шалгалтыг хэн ч
үгүйсгэхгүй. Саяхан Японд болсон газар хөдлөлт, цунамийн үеэр хурдны
зам, орон нутгийн авто замаас бусад байшин барилгууд, машин техник нь
далайн давалгаанд урссан байгааг бид харсан. Энэхүү гамшгийн дэргэд нэг,
хоёр цагийн Улаанбаатар хотоор урсдаг үер юу ч биш. Энэ хэмжээнд бид
замаа засах техникийн хувьд дутагдалтай юмаа гэхэд эрмэлзэж ажиллах
хэрэгтэй сэн.
Нөгөө талаар мод тарина, хотоо ногооруулна хэмээн
сүржин даржин ажил эхлүүлдэг боловч үр дүнгээ өгөөд нэмээд ногооруулсан
зүлэг, талбай ч алга. Тухайлбал, Гандангаас баруун дөрвөн замын уулзвар
хүртэлх зам дагуу 2008 онд суулгасан нарс өдгөө ургах боломжгүй учраас
буцааж авах талаар нийслэлийн Хот тохижилт үйлчилгээний газрынхан ам
мэдэн ярьж суух юм. Мөн өнгөрсөн хавар, намрын мод тарих ажлын үр
дүнгийн талаар Ойн газрынхан ч таатай хандахгүй байгаа.  Мөн манай иргэд
ч орчноо тохижуулах тал дээр тааруухан хүмүүс. Зам засвар, агаарын
бохирдол, хот тохи­жолт гээд улсын төсвөөс багагүй хөрөнгө зарцуулдаг ч,
энэ мэт үр дүнгүй ажлаа эргүүлж мөлжиж суусаар байтал хотоо ногоорох
бус сааралжуулах ажил хийгээд байна уу даа гэлтэй. Долдугаар сарын
нэгнээс өмнө энэ жилийн зам засварын ажлыг хийж дуусгана гэсэн хотын
удирдлагуудын хэлсэн үг хугацаандаа биелвэл саарал утаатай золгохоос
өмнө нэг, хоёр сар ч атугай саарал өнгөнөөс ангид байхсан.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж