зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Өчигдөр болсон хуралдаанаар Хотын дарга
Г.Мөнхбаяр хэлэхдээ “Тайлбар сонсох биш, үр дүн сонсмоор байна. Өчнөөн
ажил хийх ёстой байхад өөдөөс тайлбар тавиад сууж байна. Одоо тайлбар
хүлээж авахгүй. Учир нь хот бүх асуудлыг шийдэж өгсөн. Хөрөнгө мөнгө
гээд зохицуулах ажлыг хийсэн үр дүн хэрэгтэй байна” гэдгийг салбар
агентлагуудын удирдлагуудад болон ажлын хэсгийхэнд анхааруулсан.
Зөвлөгөөнөөр өнгөрсөн долоо хоногт хийсэн зарим ажлын биелэлтийн талаар
ярилцлаа. Мөн дулааны улирал ирж байгаатай холбогдуулан шар усны үеэр
болж болзошгүй далан, жалгыг хур хогноос нь салгаж, цэвэрлэсэн. Хог
цэвэрлэх ажлыг үргэлжлүүлэх болсон. Хотын дарга Г.Мөнхбаяр өчигдөр бүх
хэлтсийн ажлын явц болон ирэх дөрөв, тавдугаар сард хийх ажлын тайланг
сонссон юм. Ирэх саруудад тохижилтын ажлуудыг эхлүүлж, орчны цэвэрлэгээг
тогтмол хийлгэх мөн ажилгүй иргэдийн бүртгэлийг гаргах төлөвлөгөөг
баталлаа.
33 нийтийн бие засах газартай болно
Нийтийн
бие засах газаргүйгээс нийслэлийн хөрс нян болон хүнд металын
бохирдолд орсоор удаж байгаа. Нянгийн бохирдол буюу нийтийн өмчийн газар
ил задгай бие засах явдал их байдаг. Энэ асуудлыг шийдэх зорилгоор
нийслэлд энэ онд 33 нийтийн бие засах газар шинээр барих төлөвлөгөө
гаргажээ. Гэхдээ хөрөнгө мөнгөний асуудлаас болоод ирэх долдугаар сард
багтаан есөн бие засах газар хийж дуусгана. Хэрэв хөрөнгө мөнгө нь
шийдэгдвэл бүгдийг хийх боломжтой. Энэ сарын 7-нд Сүхбаатар дүүрэгт
анхны нийтийн бие засах газрын нээлт болно. Одоогоор нийтийн бие засах
газраар иргэд хэдэн төгрөгөөр үйлчлүүлэх нь тодорхой бус байгаа аж.
Сар бүр нийтийн цэвэрлэгээ хийнэ
Сар
бүрийн сүүлчийн бямба гаригийг бүх нийтийн цэвэрлэгээний өдөр болгон
тэмдэглэхийг Хотын дарга Г.Мөнхбаяр ерөнхий менежерт үүрэг болголоо.
Өнгөрсөн жил бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулахад нааштай үр дүн
гарч байжээ. Тиймээс энэ ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй гэж хотын
удирдлагууд үзэж байна. Гэр хорооллын хог болон хур хогноосоо салахыг
хүсвэл иргэд аж,ахуй нэгж бүгдийн оролцоо чухал нь мэдээж юм.
Энэ долоо хоногт зам засварын ажил эхлэнэ
Энэ
жил 73 км зам шинээр барих, урсгал засварын ажил хийгдэнэ. Засвар
шинэчлэлийн тендер зарлагдсан бөгөөд сүүлийн тендерийг энэ сарын 6-нд
шалгаруулж дуусна. Нийслэлийн авто замын газрын дарга Д.Од “Тендерт
шалгарсан компаинудтай гэрээ хийх ажил үргэлжилж байна. Энэ долоо
хоногийн амралтын өдөр зам засах, шинэчлэлийн ажлыг эхлүүлнэ” гэв. Мөн
энэ онд зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртлэх замын ачааллыг
бууруулж, хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Их
сургуулийн гудамж, Олимпийн гудамжны уулзварыг нэгтгэж дөрвөн замын
уулзвар болгохоор болжээ. Мөн Сүхбаатарын талбайг тойрсон замыг хоёр
урсгалтай болгох юм. Уг замын тэмдэглэгээг өөрчилж, Их сургууль, Амарын
гудамжны уулзвар, жуулчны гудамж болон Сүхбаатарын гудамжны уулзварт
шинээр гэрлэн дохио тавих юм.
Нөөцийн махны борлуулалт муу байна
Нийслэлийн
иргэдийн хэрэгцээнд зориулж нөөцөлсөн махны борлуулалт 33 хувьтай
байна гэж холбогдох албаныхан танилцууллаа. Ирэх долдугаар сарын 1-н
хүртэл нөөцийн мах борлуулна. Нэгдүгээр сард 1648 тонн, хоёрдугаар сард
973 тонн, гуравдугаар сарын 24-ний байдлаар 1157 тонн мах тус тус
борлуулжээ. Нийслэлийн хэмжээнд 274 цэгээр борлуулж байгаа бөгөөд мөн
сүлжээ дэлгүүрүүд бас хамрагдсан аж. Энэ жилийн хувьд хонь, ямааны
махыг бусад махнаас илүү хэмжээгээр нийлүүлэхээр болсон. Нөөцийн махны
борлуулалт муу байгаа учраас энэ сард махны өргөтгөсөн худалдаа
явуулахаар төлөвлөсөн байгаа аж.
Ажилгүйдлийг бууруулахаар тооллого эхлүүлнэ
Өнгөрсөн
гуравдугаар сард Хотын даргын захирамжаар архивын баримтын тооллого
эхлүүлэхээр болсон. Энэ тушаалын дагуу өнөөдрөөс нийслэлийн нийт 992 аж
ахуй нэгжийг тоолох аж. Үүний зэрэгцээ аж ахуй нэгж тоолохоос гадна
эдгээр аж ахуй нэгжид хэдэн түр болон бүр ажлын байр байдаг. Хэзээ түр
ажлын байрны захиалга авдаг. Үүн дээр нийслэлийн холбогдох нэгжүүд
ажилгүй иргэдийн тоо бүртгэлийг гарган аж ахуй нэгжүүдтэй хамтарч
ажиллах боломжтой болж байгаа гэнэ. Энэхүү судалгааг авсанаар “Хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд олон түр болон бүр ажлын байр гаргах
боломжтой болох гэнэ.
Зуны улиралд ч утаатай тэмцэх гэнэ
Өнгөрсөн
амралтын өдөр Хотын дарга Г.Мөнхбаяр болон БОАЖЯ-ны сайд нар Дархан-Уул
аймгийн кокосжсон нүүрсний уурхайн ажилтай танилцсан. Г.Мөнхбаяр “Ирэх
өвлийн бэлтгэлийг одооноос хийх хэрэгтэй. Тиймээс хязгаарлалтын бүс
тогтоосон дүүргийн иргэдтэй ирэх долоо хоногоос хотын ерөнхий менежер
уулзахыг үүрэг болголоо. Хязгаарлалтын бүсэд Баянгол, Сүхбаатар,
Баянзүрх зэрэг дүүргийн гэр хороолол буюу хотын төвтэй ойролцоох гэр
хорооллууд хамрагдаж байгаа” гэв. Энэ үеэр иргэдэд хязгаарлалтын бүс
тогтоох талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч, ажлаа танилцуулах гэнэ. Мөн
Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт хотуудаас хязгаарлалтын бүсэд хэрэглэх түлшийг
хадгалах зорилулалтын агуулах барих ажлыг энэ сарын 10-ны дотор хийж
гүйцэтгэхээр болжээ.