
“Авьяаслаг британичууд” шоунд оролцож, дэлхийн хэмжээний од болон хувирсан Susan Boyle болон үргэлж асуудалд өртөж, шар хэвлэлийн бай болсоор ирсэн реппер Snoop Dogg нар хамтран дуэт дуулахаар болжээ. Хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсгийн хэрэгт холбогдож, Heathrow-ийн нисэх онгоцны буудалд танхайрсан учир Их Британийн шоу бизнесийн салбараас хөөгдсөн Snoop Dogg Шотландын авьяаслаг дуучин SuBo-той хамтран дуулах солиотой гэмээр санааныхаа талаар “Susan бол гайхалтай уран бүтээлч. Би түүнтэй хамт студид дуулахыг хүсч байна. Яагаад болохгүй гэж? Бид сэтгэл зүрхээ нэгтгэж, юуны тухай дуулахаа бодож олох болно” хэмээн ярьжээ.
Түүнчлэн Snoop Dogg америкийн хамгийн үзэгчтэй телевизийн шоу болох “Америкийн шүтээн”-ий шүүгчийн суудалд санаархаж байгаа гэнэ. Энэ удаагийн шоу өндөрлөмөгц Simon Cowell “Америкийн шүтээн”-ийг орхино гэдгээ мэдэгдсэн бөгөөд Snoop Dogg түүний байрыг орлохыг хүсч байгаа ажээ. Танхай реппер энэ тухайгаа “Би өөрийгөө яг таарна гэж бодож байна. Би хөгжмийн динамикийг маш сайн ойлгодог. Одууд нэрд гарахаасаа өмнө ямар байдгийг сайн мэднэ” гэжээ.
С.Цэлмэг