У.Хүрэлсүхийн улс төрийн реформ-2

Хуучирсан мэдээ: 2012.11.07-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн улс төрийн реформ-2

У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээс татгалзаж ханийнхаа эрүүл мэндэд
анхаарахаар болжээ. Харин үүнийг нь олон хүн гайхаж, бас хил давж
амжаагүй шахам байхад нь л араас нь харамсч эхлэв. Угтаа ханийнхаа эрүүл мэндэд санаа тавьж бүрэн дүүрэн эмчлүүлэхийн тулд цаг хугацаа зориулахаар шийдэн ажлаа­саа чөлөө хүсэх нь бай­даг л явдал. Улстөрчийн хувьд ийм “том” хүн чанар тэр бүр ил харагддаггүй учраас улстөржүүлсэн таамаг дэв­шүүлэх нь олон нийтийн   буруу бас биш билээ. Тухайлбал өмнө нь ямар үйл явдал болж байсныг айсуй цаг хугацаа, нөхцөл байдалтай уялдуулж харваас энэхүү “чөлөө” У.Хүрэл­сү-хийн улс төрийн амьдралд юу өгч болох вэ.

УИХ-ын 2012 оны сон­гуу­лиас яг нэг жилийн өм­нө МАН-ын генсек У.Хүрэл­сүх юу хийснийг санацгаая.

Тухайлбал 2011 оны зургаадугаар сарын 23-нд тэрбээр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан, дэд дарга Д.Дондог нараар ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг нь өгүүлж, намын төв хэвлэл “Үнэн” сониныхоо ерөнхий эрхлэгчийг хүртэл сольсон юм. У.Хүрэлсүх намынхаа “сэт­гэлзүйг” чагнаж томилгоо хийсэн бол УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Ц.Мөнх-Оргилыг томилж болох байсан ч өөрийн тойрон хүрээлэгчдийг хүчирхэгжүүлэх хүсэл нь дийлж Ө.Энхтүвшинг сонгосон. Мөн яруу найрагч Ж.Мөнхбатыг “Үнэн” сонины эрхлэгчээр томилсон нь хүртэл түүний юу хүсээд байгааг харуулсан юм.

Магадгүй тэр УИХ-д ялна гэсэн бүрэн итгэлтэй байсан учраас ялал­тын маргаашийг нөлөөтэй толинд  харсандаа ийм шийдвэр гаргасан байж болох юм. Тэр ч байтугай НАМЭХ-ны даргаар Д.Оюунхоролыг томилоход хүртэл У.Хүрэлсүхийн “зуулт”, улайрал харагдаж байсан. Харин үр дүн нь тун ч харамсалтай. Энэ нь дөнгөж нэрээ авч, бүхнийг тэгээс эхэлж буй Н.Энхбаярын намыг чамласантай нь ч холбоотой байх. “Х” үсгээ авч хаяснаа орон нутагт сайн сурталчлаагүй, дутуу ажилласанаас ч болсон биз.

 Хамгийн гол нь У.Хүрэлсүх гэдэг хувь хүн “Намын нэрийг сольсноор ялагдвал би хариуцлага хүлээнэ” гэчихээд УИХ-ын гишүүн гээд сууж байх нь зохимжгүй хэмээн үзэж өөртэйгээ хариуцлага тооцсон нь энэ. Гэхдээ У.Хүрэлсүх “Нэг алхам хой­шоо, хоёр алхам урагшаа” гэсэн зарчмаар дахин реформ хийхээр шийд-сэн бололтой. Ингэхдээ удахгүй болох намын Их хурлын үеэр тэсрэлт хийхээр “мина” булж яваа гэлцэнэ. Тэрбээр Ө.Энхтүвшин С.Батболдтой өрсөлдөж, дараа нь С.Батболдын багийнхан хариуцлагаа хүлээж ажлаа өгөхөд мөнөөх л Ө.Энхтүвшин ажлыг нь авч байсан “Намын Их Хурлын” аргаар МАН-ын даргын албан тушаалыг авахаар шийдсэн аж. Энэ удаагийн орон нутгийн хурлын сон­гуульд У.Хүрэлсүх тэгтлээ найдвар тавихгүй байгаа. Магадгүй ялагдвал Ө.Энхтүвшин хасах оноо авч мэднэ. Тэгэхээр энэ бүх “дажин”-ы дараа болох намын Их хурлын үеэр МАН-ын даргын албыг авч ялалтад хүргэх нь өөртэйгээ хариуцлага тооцох, Монголын улс төрд хэн болохоо харуулах том боломж.

Хэрэв У.Хүрэлсүхийн баг сайн ажиллавал УИХ-ын 2016 оны сон­гуулийн дараа Ерөнхий сайд болохыг хэн байг гэх юм бэ. Тэртэй тэр­гүй түүнийг “дараад” байсан хууччуул МАХН-д элссээр байгаа. Энэ нь У.Хүрэлсүхийн улс төрийн карьерт том орон зайг бэлдэж өгч байгаа хэрэг.  Учир нь Н.Энхбаяр, С.Баяр нарын үед хөл гар нь хүлээстэй байсан бол С.Батболдын үед тэрбээр зөвхөн тархиа атгуулчихаад байсан юм. Харин Ө.Энхтүвшин бол У.Хүрэлсүхийн хувьд “хөнгөн зууш” гэж хэлж болно. Залуучууд, эмэгтэйчүүдийн байгуул­лага, хэвлэл мэдээлэл гээд бүх талаар У.Хүрэлсүхийн хүмүүс МАН-ын тархи, зүрх хэвээрээ бай­гаа. Үүнийг ялагдал гэж хэлбэл гэнэн хэрэг. Дээр нь хариуцлагаа хүлээж УИХ-ын гишүүнээс хүртэл тат­галзсанаараа тэр нэр хүндээ өсгөж, бас “цэвэрлэж” авсан. Ингээд хэсэг амсхийгээд дайрахад бүх ялалт түүнийх болно. МАН доторх “хотын фракц”, “МГИМО”, “Сү-ийн хүмүүс” гээд бүгд ялагдлын шокоо­соо гарч чадахгүй, эв нэгдэл гэхээс илүү бизнесээ хөөж тарж бутарсан энэ зурвас үеийг ашиглан тэр­бээр ноёрхлоо бэхжүүлэх бол­но. У.Хүрэлсүхэд ийм л дайчин, мятаршгүй чанар, бас тэнэглэж ч, тэсэрч ч чаддаг ховор шинж байдаг учраас тэр яг л Н.Энхбаяр шиг ховор сонин үзэгдэл болсон билээ. Улс төрд унаж босож, ухарч урагшилж чадаж байж хат суудгийг бага даргаас УИХ-ын гишүүн, сайд, МАН-ын генсек хүртэл явсан түүний түүх харуулдаг. Энэ түүх өнөөдрөөс нэгэн шинэ хуудсаа нээж байгаа ч юм билүү, хэн мэдлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж