Камер байхад замын цагдаагийн хэрэг байна уу?

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Камер байхад замын цагдаагийн хэрэг байна уу?

Замын
цагдаа нар сүүлийн үед  хар нүдний шил, үл үзэгдэгч энгэрийн тэмдэгээр
бичлэг хийдэг болжээ. Дүрэм зөрчсөн жолооч нарт торгуулийн хуудас бичих
гэж хэл амаар доромжлуулдаг замын цагдаа нарын “нар гарав” бололтой.
Нийслэл хотын зам дээр зогсч буй бүх цагдаа нарыг камертай энгэрийн
тэмдэг нүдний шилээр хангажээ. Тэд зөрчил гаргасан, шаардлага
биелүүлээгүй жолоочид хариуцлага тооцох­доо бичлэг хийж баримтжуулах
байна. Хэрэв хэл ам гаргавал бичлэгээ үзүүлээд л болно. Ийм “ид шидтэй”
нүдний шилээ зүүсээр сар шахам хугацаа өнгөрчээ. Бидний хэлж заншсанаар
багшийн дээдээс талбай хүртэлх уулзварт зогсох  хоёр цагдаатай уулзлаа.
Тэд  хоёулаа камертай энгэрийн тэмдэгээ зүүжээ. Жижигхэн, хүний анхаарал
татахаар эд биш харагдана. Нүдний шил, энгэрийн тэмдэг нь дөрвөн цаг
бичлэг хийх хүчин чадалтай, хасах 20 хэмийн хүйтэн, 89 хэмийн дулааныг 
тэсвэрлэх хүчин чадалтай. Гэхдээ цагдаа нар шаардлагатай тохиолдолд буюу
жолооч нар буруугаа хүлээхгүй, хэрүүл маргаан үүсгэсэн үед өөрсдийгөө
хамгаалах “зэвсэг” болгон ашиглах юм байна. Биднийг ярилцаж зогстол
хамгаалах бүсээ зүүгээгүй нэгэн жолоочийг зогсоолоо. Жолооч камертай
нүдний шил, энгэрийн тэмдэгийн талаарх мэдээллийг телевизийн мэдээнээс
сонссон гэнэ. Харин ийм жижигхэн юм байдаг юм уу хэмээн гайхаж байв.
Гаргасан зөрчлөө ч хүлээж, 5000 төгрөгөөр торгуулаад явж одлоо. Камер
бүхий энгэрийн тэмдэг зүүж, Спортын төв ордноос багшийн дээд хүртэлх
замыг хариуцаж буй Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа,
дэслэгч Б.Сүхбаатар бид хоёрын юунд ийм яриа өрнөв.

-Камертай энгэрийн тэмдэгээ сайн ашиглана биз?
-Шаардлагатай
тохиолдолд ашигладаг. Үү­ний хэрэглэснээс хойш жолооч нарын за­мын
цагдаатай харилцах харилцаа эрс сайжирсан. Наадах чинь бичлэг хийж
байгаа юу гэж асуудаг.

-Үргэлж асаах боломжгүй   юм байна. Ямар тохиол­долд асаах вэ. Одоо намайг би­чиж байгаа юу?

-Бичлэг
хийх тодорхой хугацаатай бас, батерейг нь цэнэглэж гардаг болохоор
тогтмол асаах боломжгүй. Жолооч шаардлага биелүүлэхгүй үед л
баримтжуулах үүднээс хэрэглэж байна гэх хариулт өглөө. Тэрбээр
уулз­вараас 20 метр доторх зайд тавьсан гур­­ван автомашины цонхонд
мэдэгдэх хуу­дас нааж, улсын дугаарыг нь тайлан авч байв. Урьд нь
зөвшөөрөлгүй газар тавьсан авто­машины дугаарыг хураасны дараа мөн л
цагдаа, жолооч хоёрын дунд маргаан үүсдэг бай­­жээ. Замын цагдаа нар “ид
шид”-тэй, энгэ­рийн тэмдэг, нүдний шилэндээ ам сайтай бай­на. Харин
жолооч нар энэ асуудалд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

ХУД-ийн иргэн Б.Мөнх-Оргил:
-Замын
хөдөлгөөнийг нэгдсэн камераар хянаж байна. Заавал цагдаа нар камертай
шил зүүх ямар шаардлагатай юм бэ. Миний хувьд чанарын ялгаагүй гэж бодож
байна. Хамгаалах бүсээ зүүгээд явж байхад зүүсэнгүй гээд л торгодог биз
дээ. Тийм байж ганцхан өөрсдийгөө хамгаалах юм хийгээд байх юм аа.

БЗД-ийн иргэн Д.Од:  
-Зөв
зүйтэй ажил гэж бодож байна. Миний хувьд замын хөдөлгөөний дүрмээ
баримталж хөдөлгөөнд оролцдог  болохоор элдэв асуудал үүсээд байдаггүй.
Жолооч нар үнэхээр зөрчлөө хүлээн  зөвшөөрөхгүй, цагдаа нарыг хэл үгээр
доромжилдог бол шийтгэлээ хүлээх ёстой байх. Хамгийн гол нь үр дүнтэй
ашиглах хэрэгтэй. Бодвол их л хөрөнгө мөнгө зарсан эд байлгүй.


БГД-ийн иргэн Ц.Бат-Эрдэнэ
Замын
цагдаа нар камертай нүдний шил зүүдэг болсон гэдэг мэдээллийг сониноос
уншсан. Зөв зүйтэй ажил эсэхийг хэлж мэдэхгүй юм. Замын хөдөлгөөнд
соёлтой оролцох нь хувь хүний ухамсрын асуудал баймаар. Заавал цагдаа,
жолооч хоёр бие биерүүгээ чихээд байх хэрэггүй л болов уу.


СХД-ийн иргэн З.Баатар
Утгагүй
ажил хийж байх юм. Цагдаа, жолооч нарын харилцааг сайжруулах биш, харин
ч замын цагдаа нарын хүнд суртлыг нэмэгдүүлэх байх. Цагдаагийн
байгууллагад ороход ямар байдаг билээ. Их л сүртэй, дээрэнгүй хүмүүс
байдаг биз дээ. Цагдаа нар өөрсдөө бичлэг хийж байгаа юм чинь өөрсдөдөө
ашигтай нөхцөлд л хэрэглэнэ шүү дээ.
Жолооч нарын байр суу­рь ийм
байна. Энэ талаар За­мын цагдаагийн газрын ОНХХ-ийн байцаагч,  ах­мад
Ш.Бямбасүрэнгээс тодруу­ла­хад  “Жолооч, цагдаа  на­рын харилцаа
сайжирч, үл ойлголцол багасч байна. Энэ нь ганц жолоочийн  зан харилцаа,
ёс суртахуун төдийгүй, замын цагдаа нарын иргэдтэй харилцах харьцааг
давхар хянах давуу талтай” гэв. Харин дүүргүүдэд нүдний шил, энгэрийн
тэмдэг хэдэн ширхэг очсон, эдгээрийг авах хөрөнгийг хаанаас хэрхэн
шийдсэн талаар дорвитой мэ­дээ­лэл өгөх хүн алга.
Замын цагдаагийн
газрын Олон нийттэй харилцах хэлт­сээс шинээр нэвтрүүлсэн камер бүхий
нүдний шил, энгэрийн тэмдэгийн тоо ширхэг, үнэ өртгийн талаар  мэдээлэл
өгөх хүн байсангүй. Хэвлэл, мэ­дээл­лийн хэрэгслээр замын хөдөлгөөний
дүрэм, жолооч нарын  ёс суртахууны талаар ярьж олны танил болсон дэд
хурандаа С.Энхтөр “Замын цагдаагийн газрын санхүүгийн албанд албан бичиг
явуулж, дараа нь камертай нүдний шил, энгэрийн тэмдэгийн тоо ширхэг үнэ
өртгийн талаар мэдээлэл ав” гэж лүндэн буулгалаа. Хэвлэл мэдээллийн
бүхий л хэрэгсэлтэй уялдаатай, нээлттэй ажиллаж, шаардлагатай
мэдээл­лийг өгөх үүрэгтэй хүн ийм хариулт өгч буй нь хачирхалтай. Замын
цагдаагийн газрын дарга хурандаа Х.Энхжаргалтай уул­зах гэсэн боловч мөн
л С.Энх­төрөөс цаг авсны дараа уулзах боломжтой аж.
Орчин үеийн
дэвшилтэт технологиор худалдаж авсан камер бүхий нүдний шил, энгэрийн
тэмдэг өртөг өндөр байх нь гарцаагүй. Энэ хэрэгслийг дан ганц Замын
цагдаа нарын өөрсдийгөө хамгаалах зэвсэг болгомооргүй санагдана. Хэдэн
тэрбум төгрөг зарцуулсан юм бол оо…

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж