Хэвлэлийн эрх чөлөө хаана байна?

Хуучирсан мэдээ: 2012.11.07-нд нийтлэгдсэн

Хэвлэлийн эрх чөлөө хаана байна?

УИХ-аар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өчигдөр хэлэлцүүлэг өрнөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд хэвлэлийн хараат бус байдлыг хангах хүрээнд хэд, хэдэн онцлог заалтуудыг тусгаад байна. Тухайлбал, сэтгүүлч эх сурвалжаа нууцлах эрхтэйн зэрэгцээ түүний үйл ажиллагаанд төр хөндлөнгөөс оролцох нь хуулиар хориотой. Хэрвээ сэтгүүлчийн бичсэн нийтлэл, мэдээллийнхээ эх сурвалжийг хэлэхийг шаардаж шахалт үзүүлбэл тухайн этгээдэд хариуцлага тооцно. Мөн тухайн сонин, сэтгүүл, телевизийн өмчлөгч тодорхой байх ёстой. Ингэхдээ хэн, хэдэн хувийг өмчилдөг нь олон нийтэд ил тод, өмчлөгчид өөрчлөлт орвол тухай бүрт нь мэдээлнэ. Редакцийн хараат бус байдлыг хангахын тулд эзэд сэтгүүлч бүртэй Хараат бус байдлын гэрээ байгуулна. Энэ нь Хөдөлмөрийн гэрээнээс тусдаа гэсэн үг.

Өнгөрсөн хугацаанд сэтгүүл зүйн салбарт хөндөгдөж ирсэн хамгийн анхаарал татсан асуудал нь сэтгүүлч бичсэн нийтлэл, нэвтрүүлгийнхээ төлөө иргэний нэр хүнд, алдар хүндэд халдсан гэдэг үндэслэлээр Эрүүгийн хариуцлагад татагдсан жишээ цөөнгүй юм. Үүнийг зөөлрүүлэх чиглэлээр эл асуудлыг Иргэний хуулиар зохицуулах, эсвэл Хэвлэлийн зөвлөл тухайн сэтгүүлчийг шүүхэд дуудагдахаас өмнө дээрх асуудлынх нь хүрээнд авч хэлэлцэж, хамгаалах гэсэн заалт тусаад байна. Харин хэвлэл мэдээллийн байгууллага хийгээд сэтгүүлчийн хүлээх зарим нэг үүргийн тухайд үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хийгээд олон нийтийг гэмт хэрэг, садар самуунд хатгаж, уриалан дуудсан мэдээ, мэдээлэл цацахыг хориглож буй юм.

Хэлэлцүүлгийн хүрээнд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид, Монголын хэвлэлийн хүрээлэнгийн багш н.Чимэддондог, “Ньюс агентлаг”-ийн тоймч Д.Оюунцэцэг нар хэвлэлийн эрх чөлөөг хангахтай холбоотойгоор илтгэл тавьсны зэрэгцээ сэтгүүлчид мөн байр сууриа илэрхийлэв.

Хэвлэлийн эрх чөлөөг хангахын тулд тэр дундаа эрүүл сэтгүүл зүйг хөгжүүлэхийн тулд хэвлэл мэдээллийн байгууллагыг өмчлөгч эзэн, редакци, сэтгүүлч ямар үүрэг хүлээх шаардлагатай байна вэ?

Хамгийн сүүлийн үеийн тоон үзүүлэлтээр Монголын сэтгүүл зүйн салбарт 600 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл тогтмол үйл ажиллагаа явуулж байна гэсэн судалгаа гарчээ. Тэр бүгд шахам нөлөө бүхий, хэн мэдээллийн хэрэгслийг атгаж байгаагаас шалтгаалж нийгэмд нөлөөллөө тогтоох бүрэн боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, энэ нь хараат бус сэтгүүл зүйг хөгжүүлэхэд хамгийн их нөлөөлж байгаа эрсдэл юм.

Монголын хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар хараат байдалд нөлөөлж байгаа хүчин зүйл юу вэ гэсэн асуултад  тус салбарынхан “Зар сурталчилгаа өгдөг томоохон түнш байгууллагын хаалт, гэрээ. Хоёрдугаарт, эзэн болоод эрхлэгчийн ашиг сонирхолоос хамаарч байна гэжээ. Тиймээс төлбөртэй сурталчилгааг сэтгүүлчийн бичлэгээс тусад нь салгаж зарлах нь чухал болохыг тус газраас мэдэгдлээ. Мөн Төвлөрлийн эсрэг хууль гаргах шаардлагатай, энэ талын зохицуулалт Монгол Улсад байдаггүй. Гуравдугаарт, сэтгүүлчийн цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай гэжээ.

“Ньюс агентлаг”-ийн тоймч Д.Оюунцэцэг “Улстөрчдийн зүгээс сэтгүүлчийн хараат бус байдалд хамгийн их халдлага үзүүлдэг” тухай хөндөв.

Жишээ татвал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд даргын албанаасаасаа чөлөөлөгдлөө гэсэн мэдээлэл бичиж, вэб сайтад тавигдангуут “Хэнээс мэдээлэл авсан, эх сурвалжаа хэл” гэж эвслээс нь сэтгүүлчид халдлага үзүүлсэн байх жишээтэй. Хоёр жилийн өмнө болж байсан бас нэг жишээг дурдвал хэвлэлийн бага хуралд сууж, Авлигатай тэмцэх газрын дарга асан Ч.Сангарагчаагийн ярьсан зүйлийг бичсэнийхээ төлөө сэтгүүлчид хууль хяналтын байгууллагынханд дуудагдаж мэдүүлэг өгсөн тохиолдол ч бий. Ч.Сангарагчаа нь тухайн үед Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа улстөрчийн нэрийг хэлсэн нь ийнхүү сэтгүүлчийг байцаалт өгөхөд хүргэсэн. Мөрдөн байцаагчийн зүгээс сонины сэтгүүлчийг тухайн үед бичсэн тэмдэглэл, дуу хураагчийнхаа хальсыг, телевизийн сэтгүүлчийг бичлэгээ өгөхийг тулган шаардаж байсан. Түүгээр ч зогсохгүй хэний захиалгаар хэвлэлийн бага хуралд очиж суусан гэх мэт байцаалт ч явуулж мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулсан тохиолдол гарсныг өгүүлэв.

Улстөрчтэй холбоотой гурав дахь жишээ нь, өнгөрсөн өвөл УИХ-аар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх шатанд “Сэтгүүлч нэр дэвшигчийн алдар хүндийг гутаасан нийтлэл, нэвтрүүлэг цацсан нь тогтоогдвол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-70 дахин нугалсантай тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулна” гэсэн заалт тусгасан байсныг тухайн үеийн 76 гишүүнээс ганц З.Алтай л эсэргүүцэж, учир байдлыг тайлбарлаж, байсан. Шалтгааныг тэрбээр “Улстөрч улстөрчийгөө намнахын тулд өөрсдөө баримт факт гаргаж ирж, сэтгүүлчийг бага цалинтайгаар нь далимдуулж захиалгат сэтгүүл зүй рүү хөтлөх ёс зүйгүй үйлдэл рүү татах болж байна” гэсэн хатуу байр суурь баримталсны хүчинд ямар ч байсан дээрх мөнгөн торгуулийн хэмжээг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин нугалсантай тэнцэх хэмжээний болгож бууруулсан тухай байлаа. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчийн өмнө тулгарч байгаа энэ мэт дарамт шахалт нь эргээд бодит мэдээллийг олон нийтэд хүргэх зарчим алдагдах аюултайг онцолсон юм.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид болон нэгэн үе сэтгүүл зүйн гол тогоонд чанагдаж явсан УИХ-ын гишүүн Г.Уянга нар “Редакци бүр дэргэдээ Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай байх” гэсэн заалтыг дээрх хуулийн төсөлд тусгаж өгөх шаардлагатай тухай хөндлөө. Сэтгүүлчийн хөдөлмөр гэдэг нөр их цаг наргүй ажил боловч авдаг цалин нь бага тул эрх ашгийг нь хамгаалах чиглэлээр дуу хоолойг нь хүргэдэг байгууллагатай байх нь эргээд хараат бус сэтгүүл зүйн хөгжилд хамгийн их нөлөө үзүүлж мэдэх талтай. Мөн Сэтгүүлчийн мэргэжлийн холбоо байгуулах асуудлыг энэ хуулийн хүрээнд тусгаж өгвөл сэтгүүлчийг тухайн мэргэжлээр нь сургах, мэргэшүүлэх бололцоо нээгдэх боломж байгааг тэд хөндлөө.

Тэгвэл Монгол телевизийн сэтгүүлч н.Бүрэнбаатар “Хуулийн төсөлд зар сурталчилгаанаас бусад мэдээлэлд хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан нь нэг талыг харсан явцуу зохицуулалт хэмээв. Учир нь зар сурталчилгаа нь өөрөө маш их зүйлийг өдөөн дуудаж байдаг, тухайлбал, хүдрийн заар авна гэсэн зар цацагдаад түүнтэй холбоотойгоор асуудал босвол яах вэ гэдгийг энэ хуулийн хүрээнд зохицуулах шаардлагатайг тэмдэглэв. Бас нэг асуудал хөндсөн нь редакци эдийн засгийн хувьд бусдаас хамааралгүй боловч хөрөнгө оруулагч талд нөлөөлж телевизээр цацаж байсан киног хаасан тухай байв. 2012 оны УИХ-ын сонгууль дөхөж байх үед улстөрчдийн тухай киног тус телевизээр цацсан нь хаалгах үндэслэл болжээ, хамгийн хачирхалтай нь хаанаас хэн тушаал өгч кино гаргахыг хориглосон нь олдоогүй.

“Нийслэл таймс” сонины сэтгүүлч  н.Баттөгс, сэтгүүлч н.Дашдэлэг нар “Сэтгүүлч редакциасаа, эзнээсээ хараат бус байх гэсэн зарчим хуулийн төсөлд хангагдаагүй тухай байлаа. Эцсийн дүндээ энэ нь сэтгүүлч ёс зүйгээ мөрдөж ажиллах боломжгүйд хүргэдэг. Шалтгаан нь, нийтлэлийн бодлоготой холбоотой шийдвэрийг редакци гаргана гэдэг ч эцсийн дүндээ эзэн гаргадаг. Тэндээс өгөх даалгавар нь өрсөлдөгчөө намнах зорилгоор захиалга өгвөл сэтгүүлч яах вэ. Ийм шалтгаанаар зарим сэтгүүлч тухайн редакцидаа тогтвор суурьшилтай ажиллаж чадахгүй ажлын байраа солихоос аргагүйд хүрдэг тухай байлаа. Тиймээс энэ асуудлыг цогцоор нь харж төсөлд тусгах нь хараат бус сэтгүүл зүйн хөгжилд нэгэн хөшүүрэг болох талтайг энэ үеэр санууллаа.

Энэ удаагийн хэлэлцүүлгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Парламентын сэтгүүлчдийн холбоо, Монголын хэвлэлийн хүрээлэн хамтран зохион байгууллаа.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж