Элчин сайдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Элчин сайдыг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолуныг өчигдөр хүлээн авч уулзав.

     УИХ-ын дарга уулзалтын эхэнд ноён Ван Сяолунд баяр хүргээд “Монгол Улс БНХАУ-тай стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх томоохон зорилт тавьсан энэ чухал үед Та Элчин сайдаар томилогдож ирлээ. Энэ том зорилтыг бид хамтдаа хэрэгжүүлэх болно” гээд хоёр орны эдийн засгийн харилцаанд томоохон өөрчлөлт гарч, Монголын эдийн засагт БНХАУ-ын хөрөнгө оруулалт, бараа эргэлт чухал нөлөөтэй байгааг онцлов. Мөн хоёр орны хууль тогтоох байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжиж, парламентын удирдлага, гишүүд, найрамдлын бүлгүүдийн харилцан айлчлал, уулзалт тогтмолжин санал бодол, арга туршлагаа хуваалцаж ирсэн нь хоёр орны харилцаанд чухал хувь нэмэр болж буйг тэмдэглэлээ. Түүнчлэн хоёр орон бүс нутгийн хэмжээнд бүх хүрээнд хамтран ажиллаж байна, үүний нэг илрэл нь удахгүй УИХ-ын зарим гишүүд Шинжаан Уйгурын өөртөө засах оронд айлчлах гэж байгаа явдал юм гэдгийг дурдав.        

     Ноён Элчин сайд хоёр орны харилцаа түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрсэн, цаашдаа ч улам өргөжин хөгжих таатай боломж нээгдсэн үед Элчин сайдаар ажиллах болсондоо тун баяртай байгаагаа хэллээ. Тэрбээр Элчин сайдаар ажиллах хугацаандаа юуны өмнө хоёр талын өндөр дээд хэмжээний харилцан айлчлалын давтамжийг хадгалж хэрэгжүүлэх, хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн харилцааны түвшинд хүргэх зарчмын тохиролцоог ажил хэрэг болгох үүднээс хамтын ажиллагааны агуулгыг улам баяжуулах, түүнчлэн хоёр талын эдийн засаг, худалдааны үр өгөөжийг нэмэгдүүлж харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө хичээж ажиллахаа илэрхийлэв.

    Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга Ц.Цэнгэл, УИХ-ын даргын зөвлөх Д.Даваасамбуу, албаны бусад хүн байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.            
   
  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж