Голд осолдсон ээж, хүү хоёрыг хайж байна

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

Голд осолдсон ээж, хүү хоёрыг хайж байна

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт гурван айлын найман хүн голд осолдсон харамсалтай осол гарчээ. Энэ сарын 4-нд буюу өнгөрөгч ням гаригт аймгийн Онцгой байдлын хэлтэст 18.20 цагийн орчимд ослын дуудлага ирсний дагуу аврах ажилтнууд эрэн хайх, аврах ажиллагаа явуулсны дүнд 26-56 насны зургаан иргэнийг эсэн мэнд аварсан байна. Харин 28 настай бүсгүй, найман сартай хүүгийн хамт сураггүй болжээ. Эрлийн багийнхан үүрийн таван жин хүртэл голын эргээр самналт хийсэн ч олж чадаагүй бөгөөд дараагийн өдрөөс нь аймгийн цагдаа, хилийн цэрэг болон онцгой байдлын алба хаагчид нийлсэн 30 хүний бүрэлдэхүүнтэй баг эрлийг үргэлжлүүлж байгаа аж. Мөн голын урсгал даган ОХУ-ын хилээр нэвтэрсэн байж болох тул ОХУ-аас ч мөн эрлийн баг гарган ажиллаж буй гэнэ.

Хэдийгээр хүйтний улирал эхэлж, гол нуурын ус хөлдөн, зайрмагтаж эхэлсэн ч гүн хөлдөөгүй өнгөц төдий байгаа энэ үед иргэд ийнхүү гол гатлан явснаас дээрх харамсалтай осол гарчээ. Эх сурвалжийн мэдээллээр тэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хужирт нуга гэх газар өвөлжиж буй бөгөөд хүнсээ цуглуулахаар сумын төвд очиж, буцахдаа зам дөтлөхөөр ийн гол гаталж яваад осолдсон байна.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж