Сагсан бөмбөгчид маргааш эх орондоо ирнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгчид маргааш эх орондоо ирнэ

Тайванийн Тайпэй хотноо аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 4-нд болсон Азийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах IV тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн Монголын оюутны шигшээ багийн залуус маргааш эх орондоо ирэх ажээ. Тус тэмцээнд оролцож, Монголын багийн спортын түүхэнд шинэ хуудас нэмсэн багийн бүрэлдэхүүнд ОУХМ Ш.Сэдбазар, Д.Пүрэвдорж нарын дасгалжуулагчтай О.Сэргэлэн /Төмөр замын коллеж/, А.Энхтүвшин /ШУТИС/, Б.Батжавхлан /МУИС/, А.Бямбадорж /МУБИС/, Э.Цэрэнбаатар /ОТИС/, Т.Санчир /МУИС/, Б.Билгүүн /ОТИС/, Г.Цэнгүүнбаяр /МУИС/, Т.Билгүүн /МУБИС/, Ц.Азбаяр /МУИС/, Д.Дэлгэрням /ШУТИС/, О.Очирбат /МАБТДС/ нарын тамирчид багтсан юм.

Тэмцээнд БНХАУ, Тайван, Өмнөд Солонгос, Филиппин, Хонгконг, Монгол гэсэн зургаан орны тамирчид оролцож, багууд тойргийн системээр тоглосон. Монголын шигшээ баг эхний тоглолтоо Хонгконгийн багтай хийж, гараагаа тун сайн эхлүүлснээр нийтдээ зургаан тоглолт хийж дөрвөн хожил, хоёр хожигдолтойгоор хүрэл медалийн эзэд болсон юм. Тэд маргааш 16.00 цагт эх орондоо ирэх ажээ.

МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН ТОГЛОЛТЫН ҮР ДҮН:

  • Монгол 73:67 ХонгКонг    
  • БНХАУ 67:70 Монгол
  • Монгол 90:70 Филиппин
  • Солонгос 85:52 Монгол    
  • Монгол 59:97 Тайван
  • Монгол 86:78 Филиппин /хүрэл медалийн төлөө/

Ийнхүү Азийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн IV тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Манай улсын хувьд тус тэмцээнд 3 оролцож 2 хүрэл медаль хүртсэн амжилт тэмдэглэгдлээ.  Анхны медалийг 2010 онд МУ-ын гавъяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалын дасгалжуулсан баг хүртэж байсан юм. Энэ удаад амжилтаа бататгасан төдийгүй Монголын  сагсан бөмбөгийн шинэ амжилтыг тогтоосон. Хоёр дахь тоглолтдоо  Хятадын шигшээ багийг хожсон нь түүхэн үйл явдал юм. Монголын сагсчид олон улсын тэмцээнд Хятадын багийг хожсон анхны тохиолдол болж байна.

Тэмцээний зохион байгуулалт өндөр төвшинд сайн явагдсаныг олон улсын хэвлэлүүд бичиж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Азийн оюутны спортын холбооны гүйцэтгэх хорооны гишүүн, ССАЖЯ-ны биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Азийн оюутны спортын холбооны  Д.Жаргалсайхан оролцож, тэмцээнийг нээж  үг хэлсэн. Тэрээр тус тэмцээнийг дөрөв дэх удаагаа хүлээн авч зохион байгуулж байгаа шинэ Тайпэй хот, Азийн оюутны спортын холбоо болон Тайванийн оюутны спортын холбоонд талархал илрэхийлж, мэнд дэвшүүлээд, тэмцээнд оролцхоор ирсэн зургаан орны 120 орчим тамирчдад спортын өндөр амжилт хүссэн юм.

Энэхүү тэмцээнийг Тайванийн Тайпэй хот 4 дахь удаагаа хүлээн авч байна. Гэхдээ энэ удаагийх шинэ Тайпэйд болсноороо илүү онцлог байсан юм.   Тус хотын тухайд 3.9 сая хүн амтай. Сүүлийн жилүүдэд спортыг хөгжүүлэх тал дээр онцгой анхааран ажиллаж байгаа юм байна.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж