“Эмэгтэйчүүд чадна” аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

“Эмэгтэйчүүд чадна” аян эхэллээ

УИХ есөн эмэгтэй гишүүнтэй. Эдгээр эмэгтэй гишүүдийн бүлгээс өнөөдөр Орон нутгийн сонгуульд өрсөлдөж буй эмэгтэйчүүдээ дэмжиж, “Эмэгтэйчүүд чадна” аян эхлүүлж байгаагаа мэдэгдлээ.  

Орон нутгийн хөгжлийн бодлого, ерөнхий төлөвлөгөө, дэд бүтэц, хөтөлбөр тухайн нутаг дэвсгэрийн болон хүн амын онцлог хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төлөвлөж, эдийн засгийн үр өгөөжтэй бодлогыг хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, хяналт зайлшгүй чухал гэдгийг гишүүд онцлов.

“Эмэгтэйчүүд чадна” аяныг 14 хоногийн хугацаатай зарлаж байгаа бөгөөд Монгол Улсын хүн амын 51 хувийг эзэлж байгаагийн хувьд эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах төвшинд оролцоог нэмэгдүүлэх шаардлага байгаа гэлээ. Энэ сарын 21-нд болох орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүдийг олноор дэмжиж, анхан шатны  шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг дэмжих орчин бий болгоход аяны гол зорилго оршиж байгаа аж.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Өмнө нь гурав байсан УИХ дахь эмэгтэй гишүүд энэ удаад ес, удахгүй  10 болох, цаашлаад 11 ч болж магадгүй байгаа. Эмэгтэй гишүүд сонгогдсоноосоо хойшхи 100 гаруй хоногийн хугацаанд олон хуулийн төсөл боловсруулсан нь эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах төвшинд ажилласнаар хэрхэн амжилт гаргаж чадахын жишээ юм. Тухайлбал, эмэгтэй гишүүд цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 1100-1650 төгрөг болгох, цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох, боловсролын салбарын багш, ажилчдын нэг удаагийн тэтгэмжийг үлдээх, эх, нялхсын эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,нийгмийн эрүүл мэндийн хүрээнд тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг чухал ажлуудыг гүйцэтгэсэн байна. Эмэгтэйчүүдийн нийгмийн аюулгүй орчин бүрдүүлэхийн төлөө санаа нэгдэн ажиллаж байгааг олон нийт талархан хүлээн авдаг юм. Иймд орон нутагт ч эмэгтэйчүүдийг сонгож, жендерийн мэдрэмжтэй хандахыг УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс уриалж, эмэгтэй нэр дэвшигчдэд саналаа өгөхийг уриалж байна” гэсэн юм.

УИХ-ын эмэгтэй гишүүн Л.Эрдэнэчимэг “Манай эмэгтэйчүүдийн боловсролын төвшин эрэгтэйчүүдийнхээс өндөр байдаг боловч ажлын байрны шат ахих тусам эмэгтэйчүүдийн төлөөлөл багасдаг. Өнөөдөр шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага байна. улс орноо хөгжүүлье гэвэл эмэгтэйчүүдийн эзлэх хувийг аль аль шатандаа дэмжин, гаргаж ирэх шаардлага бидний өмнө тулгараад байна. ийнхүү хүйсийн тэгш байдлыг хадгалснаар үр дүнтэй бодлого боловсруулж, илүү хүчтэй хөгжин цэцэглэж, ардчиллыг хөгжүүлэх боломжтой болно” гэдгийг онцолсон.

УИХ-ын эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүд нам харгалзахгүйгээр эмэгтэйчүүдээ хамтдаа илүү ихийг хийж, бүтээхийг уриаллаа. Ингэснээр эх, хүүхдийн эрүүл мэнд, боловсролын доголдол, уул уурхайн компаниудын хуулиас гадуурх үйлдэл, хогны асуудал, худаг ус, хүсний хангамж, халамж гээд өнөөгийн улс оронд маань үүсээд байгаа бэрхшээлүүдийг илүү уян хатан даван туулах боломжтой гэлээ.  

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж