Монгол Улс олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд Европын холбоо, түүний гишүүн улсууд, тухайлбал Эстонитой харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсч байна. Хоёр талын харилцааг хөгжүүлэхэд өндөр дээд хэмжээнд харилцан айлчлал хийх нь чухал юм. Харилцан суралцах, хуваалцах туршлага бидэнд хэн хэнд маань байгаа гэдэгт итгэж байна. Манай эдийн засаг өнгөрсөн жил 17.5 хувиар өссөн ч уул уурхай голлох үүрэгтэй байсан. Дэд бүтэц, цахилгаан станц, зам гээд хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжтой салбарууд байна. Мөн бусад салбарт ч хамтран ажиллах боломж бий гэж Ерөнхийлөгч хэлэв. Түүнчлэн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах хугацаандаа хийсэн шинэчлэлийн талаар дурдаад ирэх оны дөрөвдүгээр сарын 29-нд зохион байгуулах сайд нарын долдугаар бага хуралд өндөр түвшний төлөөлөгч оролцуулахыг урилаа.
Эстонийн Ерөнхий сайд хэлэхдээ “Манайд цахим засаглал, мэдээлэл харилцааны технологи маш амжилттай хөгжсөн. Бид банкны гүйлгээ, хүн амын орлогын татварын мэдүүлгийн, мөн төрийн үйлчилгээний 90 гаруй хувийг цахим хэлбэрээр хийдэг. Бид энэ салбарт хамтран ажиллаж болох юм. Эстони шатдаг занараас тос гаргадаг өндөр технологитой. Энэ технологийг АНУ, Казахстан, Хятад, Марокко гээд бусад орон ихэд сонирхож байгаа. Уг нь канад технологи. Тэр тосыг цахилгаан станцад, бас шатахуун хийхэд хэрэглэж болно. Байгаль орчинд муу нөлөөгүй” гээд Монголд өөрөө айлчлах хүсэлтэйгээ илэрхийлэв.
Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг Монголд айлчлахыг уриад шатдаг занараас тос гаргадаг технологийг нь ихэд сонирхож, дээр нь цахим засаглал, харилцаа холбооны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг санал болголоо. Мөн Эстони Ерөнхийлөгч ч Монголд айлчлах урилгатайг санууллаа.
Монгол Улс Европын холбооны стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Энэ чиглэлээр бидний хүчин чармайлтыг дэмжин Европын холбоотой байгуулах Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд хамтран ажиллаасай хэмээн хүсч байна. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай Монгол Улс хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд түүний оролцогч орон болох хүсэлтээ 2011 онд илэрхийлсэн. Ер нь Европын холбоонд Монголтой холбоотой асуудлаар манай орныг дэмжиж ажиллана гэдэгт итгэж байна хэмээн Ерөнхийлөгч тэмдэглэв.
Ерөнхийлөгчид Эстонийн Ерөнхий сайд Андрус Ансил бараалхав
Лаос улсын нийслэл Вьентьян хотноо чуулж буй АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Бүгд Найрамдах Эстони Улсын Ерөнхий сайд Андрус Ансил бараалхав.
Эх сурвалж: http://www.president.mn/