
21 настай Польш теннисчин Янович өнгөрсөн долоо хоногийг гайхалтай өнгөрүүлж, Энди Муррей тэргүүтэй дэлхийн чансааны топ 20-д багтдаг таван теннисчинг хожиж шигшээд шалгарсан юм. Харин тэмцээний чансааны дөрөвт эрэмбэтэй Феррер Франц, Швейцарьийн теннисчдийг буулган авч, энэ шатанд ирсэн байна. Тэрээр өмнө нь гурван ч удаа мастерын тэмцээний финалд үлдэж байсан ч Надальд хоёр удаа, Энди Муррейд нэг удаа тус тус хожигдож байлаа. Харин энэ удаад өөрөө чансаа илүү теннисчин нь болсноор давуу тоглолтыг гаргаж эхэлжээ. Тоглолт өрсөлдөөнтэй эхэлсэн ч ес дэх гэймд Феррер туршлага зааж, брейк хийснээр 6:4-өөр хожлоо. Хэдийгээр Польш өрсөлдөгч нь 11 удаа эйс хийсэн ч давуулалт дээрээ багагүй алдаа гаргаж, зургаан удаа давуулалтын хос алдааг гаргаж өрсөлдөгчдөө зүгээр оноо өгчээ. Үүнийг нь ч Феррер ашиглан дараагийн сетэд 2:1-ээр хожигдож явсан алдаагаа засч дараалан гурван гэйм авснаар 4:2-оор тэргүүлэх болсон төдийгүй 6:3-ын харьцаатай хожсон байна. Ийнхүү 1 цаг хагас үргэлжилсэн тулааны эцэст 6:4, 6:3-аар Давид Фэррэр хожиж анхны мастерсын цомоо гардан авлаа. Энэ тэмцээнийг оруулаад Испани тэннисчин энэ жил 7 тэмцээнд түрүүлээд байна. Энэ амжилт нь түүнийг АТР-ийн шигшээ тэмцээнд орох эрхтэй болгож байгаа юм. Харин Ежи Янович дэлхийн чансааны эхний 30-д бичигдэх боллоо.