“Улай үзсэн хэрээ шиг Ливи рүү дайрцгаав”

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

“Улай үзсэн хэрээ шиг Ливи рүү дайрцгаав”

“Одиссейн эхлэл” (Odyssey Dawn) ажиллагаа ер бусын. Эхний ээлжинд хамгийн хянамгай ажиглагч ч үүнээс ”нефтийн ул мөр” олж харахааргүй байв. Хэрвээ ийм ул мөр хайя гэвэл Катар л илүү холбогдоно. Ливийн 2011 хувьсгалын түүх нь үндсэндээ Катарын “Аль-Жазира” телевизээс л олонд мэдэгдсэн билээ.

Югославын үйл явдалтай адил хэмээн Америкийн CNN телевиз онцлоод байсан нь америкчуудын тусгай албаныхны явуулга байж. Хүний эрхийг сахиулахаар Каддафийг шахах энэ ажиллагааг Катарын тусгай албаныхан эхлүүлсэн байж яагаад болохгүй гэж. Нефтийн хувьд гэвэл Ливид нефть, байгалийн хий олборлоход оролцож байсан орнуудын жагсаалтыг цэргийн ажиллагаанд оролцож буй орнуудынхтай харьцуулаад харахад ойлгомжтой болно. Жагсаалт ихээхэн төстэй. Нефть төдийлөн ховордоогүй орнууд дайныг явуулж байгаа нь тэднийг нефтийн төлөө байлдаж байна гэхээргүй болгож буй.
Дарангуйлагч, харгислагчаас ард түмнийг чөлөөлж буй гэсэн тайлбартай “Одиссейн эхлэл” гэх энэ сонгогдог хэлбэрийн ажиллагаа нь 2001 онд Канадын Засгийн газрын гаргасан “хамгаалах үүрэг” гэсэн зарчимд таарч байгаа. Дэлхийн хүний эрх болон дэг журмыг сахиулах бүрэн эрх төлөөлөгч гэгддэг  Барууны орнууд болон АНУ зэрэг Ливийн хэрэг явдлыг анхааралгүй орхиж, зохих арга хэмжээг авахгүй байж болшгүй хэрэг. “Одиссейн эхлэл” ажиллагаанд нэгдсэн орнууд үүний тусламжтайгаар өөрсдийн асуудлаа шийдэж буй нь бас ойлгомжтой.

Франц: Нэр хүндээ сэргээх
Каддафийн дэглэмийг унагаах олон улсын чар­майлтыг Франц толгойлов. Тус улс хамгийн тү­рүүнд Ливийн шилжилтийн үндэсний түр хороог хууль ёсны хэмээн хүлээн зөвшөөрч бо­согчдын нийслэл Бенгазид элчингээ илгээхэд бэ­лэн байгаагаа зарлав. Ерөнхийлөгч Николя Саркози хүмүүнлэгийн интервенци, нислэгийн хаалттай бүс байгуулах болон Каддафийн үнэнч цэр­гийнхэнд агаараас цохилт өгөхийг барууны лиде­рүүдээс түрүүлэн санаачлав. Франц сүүлийн ар­ван жилийн дотор анх удаагаа бусдын бүс ну­тагт байлдааны ажиллагаа явуулахаар шийдсэн юм. Үүнээс өмнө Франц колони байсан нутагтаа гар­сан асуудлыг л цэргийн замаар шийдэж байсан юм. Францын Засгийн газарт асуудалд ийм идэвхтэй оролцох өөр шалтгаан байсан гэж ажиглагчид үзэж байгаа. Арабын орнуудад олон нийтийн эсэргүүцэл гарсан эхэн үеэс Францын нэр хүнд унаж байв. Тунисийн хямралын дараа Франц тус орны ерөнхийлөгч бен Алийг унатал нь дэмжиж байлаа. Эсэргүүцлийг дарахад нь түүний дэглэмд туслахаар амлаж байсан юм. Сайд нь дарангуйлагчтай халуун холбоотой байсан ганц орон нь Франц болсон билээ. Тунисийн дэглэмийн мөнгөөр тэнд амарч байсан гэж Гадаад хэргийн сайд хатагтай Мишель Аллио-Мариг огцруулсан юм. Тэрбээр Үндэсний чуулган дээрээ бен Алигийн дэглэмд туслан цагдаагийн тусгай отрядыг Тунист илгээх шаардлагатай гэж хэлж байлаа.
Каддафийн дэглэмтэй ч Николя Саркози нягт нөхөрсөг харилцаатай байв. Ливийн дарангуйлагчийн хүү Саиф Каддафи “Ард түмний хөдөлгөөний холбоо” намын лидер Саркозийг сонгуульд албан бусаар санхүүжүүлж байсан талаар мэдэгдэл хийж байлаа. Одоо Саркози болон Засгийн газар нь дарангуйлагчтай холбоотой байсан нь нэгэнт тодорхой болж алдаагаа засч залруулах нь ойлгомжтой.  

Британи: Зэрэгцээд
Ливийн эрх баригчдын эсрэг Францтай эн зэрэгцсэн идэвхтэй орон нь Британи болж байна. 1956 оны Суэцийн хямралаас хойш Бри­тани, Франц нэг  талд зэрэгцэн зогссон то­хиол­дол энэ юм. Гэхдээ ерөнхий сайд Дэвид Кэмерон, Францын ерөнхийлөгчийг бодвол дарангуйлагчидтай холбоотой байсан зүйлгүй. Мауммар Каддафитай лейбористууд л холбоотой байсан бөгөөд сонгуулийн компанийн үеэр консерваторууд үүнийг шүүмжилж байлаа. Гэсэн ч Британи Каддафийн Засгийн газарт нэлээд урт шаардлага тавьж буй. Ливийн лидер тухайн үедээ Ирландын тер­рористуудыг дэмжин хөрөнгө мөнгө, зэр зэвсгээр тус­лан тэдний нутагтаа орогнуулж байлаа. Сөрөг хүчнийхэн жагсаал хийх үеэр 1984 онд Ливийн элчингийн цонхноос Лондоны цагдаагийн ажилтан эмэгтэй Ивонн Флетчерийг буудан амийг нь хөнөөж байсан юм.  Энэ бол Элчин сайдын яамнаас буу тавьсан дэлхийн анхны хэрэг гэж болно. Түүнийг хөнөөснөө Ливи 1999 онд хүлээн зөвшөөрсөн юм. Эцэст нь Ливийн эрх баригчид Шотландын Локерби хотын дээр Америкийн иргэний тээврийн онгоцыг дэлбэлсэн билээ. Хожим энэ хэрэгт Ливийн тусгай албаны ажилтан  Абдельбасет Али аль-Меграхи бүх насаараа хоригдох ял аван хорьж, түрүү булчирхайн хорт хавдартай хэмээн 2009 онд сулласан юм.Ливи мөнгө өгч, түүнийг шоронгоос суллуулсан гэх яриа ч байдаг.
Дэвид Кэмеронд Ливид дайсагнах хувийн шалтгаан байгаа гэж хэтэрхий уйваагүй хүмүүс ярьдаг гэх. Тэрбээр Саддам Хусейныг авч хаяхад оролцсон өмнөх ерөнхий сайддаа атаархдаг, Саддамаас дутахгүй дарангуйлагчийг унагах хүсэлтэй гэнэ. Кэмерон жанжин штабын даргаасаа огт өөр санаа бодолтойгоор НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн тогтоолоор Каддафийг устгаж болно гэдэгт итгэлтэй байгаад гайхах хэрэггүй.

АНУ ба Канад:Шударга ёс баримтлагсад
“Одиссейн эхлэл” ажиллагаанд оролцохыг хамгийн бага сонирхож байсан нь АНУ. Гэх­дээ л Орос, Хятад шиг НҮБ-ын тогтоолыг эсэр­гүүцэхгүй, тус улсын төлөөлөгч Каддафид шахалт үзүүлэх өөр замыг бас хайх хэрэгтэй гэж байсан юм. Тэгээд ч тэр эрэлдээ үнэнч байж, гадаадаас илрүүлсэн Каддафийн их хэмжээний хуримтлалыг битүүмжлүүлж байлаа. “Ливийн эсрэг ажиллагаанд оролцохгүйн тулд Барак Обама юу ч хийхээс буцахгүй байсан” гэж Ойрхи Дорнодын асуудал эрхэлсэн шинжээч Говард Хэнсон ярьж байна. Жирийн аме­рикчууд яагаад Ливийн ажиллагаанд оролцох ёстой юм бэ гэдгийг сайн ойлгохгүй бай­гаа нь үүнд нь нөлөөлсөн нь тодорхой. Саяхны санал асуулгаар Америкийн сонгогчдын 65 хувь нь Ливийн асуудалд оролцохын эсрэг байгаагаа илэрхийллээ.
 Гэсэн ч АНУ-д сонголт үлдээгүй гэж шинжээчид тэмдэглэв. “Барак Обама, Хиллари Клинтон нар Ливийн үйл явдлыг  гэмт хэрэг гэж нэрлэсний дараа АНУ цэргийн ажиллагаанд оролцоогүй бол гайхмаар зүйл болох байв” гэж бас нэг америк шинжээч Барни Гольдберг хэлэв. АНУ Саркози, Кэмерон нарын талд зогсохгүй бол Каддафийн талд байгаа мэтээр харагдах байсан нь ойлгомжтой юм. Обамад өөр сонголт байсангүй. Мөн л ийм шалтгаанаар Канад цэргийн ажиллагаанд оролцож байна. “Хамгаалах үүрэг” зарчмыг гаргасан орон “Одиссейн эхлэл” ажиллагаанд оролцолгүй үлдэх нь санаанд багтмааргүй хэрэг болох байсан биз.  

Бельги, Норвеги, Дани, Испани: үүргээ ухамсарлах нь
“Одиссейн эхлэл” ажиллагаанд Бельги, Норвеги, Дани оролцсоныг олон шинжээчид онигоо гэх нь холгүй байв.  
Бельги ба Дани Газар дундын тэнгист тус бүр зургаан онгоцоо илгээв. НҮБ-ын  1973 тоот тогтоолыг биелүүлж байгаа хүчний мэдэлд зарим тооны техникийн ажилтнууд ба хэвлэлийн төлөөлөгч илгээж буйгаа Норвеги улс мэдэгдсэн байлаа. Испани байлдааны ажиллагаанд дөрвөн ширхэг  F-18 сөнөөгч онгоцыг эргүүлийн нисэх онгоцны хамт мөн байлдааны нэг хөлөг онгоц, нэг шумбагч онгоцоо илгээсэн байв.
“НАТО-гийн зарим орнууд “Одиссейн эхлэл” ажиллагаанд оролцож байгаа нь НҮБ-ын тогтоолын биелэлт болон Умарт Атлантын эвслийн өмнө үүрэг хүлээдэг уламжлал гэж ойлгож болно” хэмээн Британийн тоймч Роберт Гордон бичсэн байв. Энэ шийдвэрт зөвхөн үүргээс өөр ямар нэгэн улс төрийн утга санаа байхгүй гэж тэр онцолжээ.
Өөрийн ээлжид Сильвио Берлусконийн Засгийн газар “Одиссейн эхлэл” ажиллагаанд оролцогсдод агаарын цэргийн баазуудаа ашиглуулах эрхийг өгсөн ба дөрвөн нисэх онгоцоо илгээгээд дахин дөрвөн онгоц явуулахаа хэлжээ. Гэхдээ Ливитэй нягт холбоотой ажилладаг Eni компани болон олон нийт “колонийн дайн” гэж хэлж байгаа санаа бодлыг нь зөвшөөрсөнгүй.  
Энүүхэндээ гэхэд энэ ажиллагаанаас өөртөө ашиг гаргахгүйгээр Берлускони үлдэхгүй байж чадаа гэж үү.  Гуравдугаар сарын 28-нд тэрээр түүнд үүсгэсэн хэргийн дагуу шүүхэд мэдүүлэгөгөх ёстой байснаа Ливийн байдалд хувийн хяналт тавьж байгаа гэх шалтгаанаар зарлан дуудахыг тоосонгүй аж.
    
 Катар ба АНЭ: мөхөж буй хүнд дургүй хувийн сонирхол
“Одиссейн эхлэл” ажиллагаанд оролцож багаа цорын ганц араб орон нь Катар. Хэвлэлийн мэдээ­гээр Катарын дөрвөн  Mirage сөнөөгч хоригийн бүсин эргүүлд нисч байна. Арабын нэгдсэн эмират онгоц илгээнэ гэж байсан ч тэдний байлдааны талбарт ирсэн тухай мэдээ байхгүй бана.
Энэ хоёр араб орон Каддафийн эсрэг байгаад бодит тайлбар байхгүй. Хажууд нь байрласан Бахрейн улс дэлхийд багагүй түгшүүр төрүүлж байгаа ч хоёр орон дэглэмийг нь дэмжиж байгаа. Ливи бол өөр хэрэг. Каддафи араб орнуудын лидерүүд, вангууд, эмирээс эхлээд ерөнхийлөгч нарынх нь бараг л хувийн дайсан болсон гэж болно. Алжирт 1988 онд болсон Арабын орнуудын саммитыг санахад л хангалттай. Тэнд Каддафи цагаан бээлий өмсөн ирээд “гар нь цусанд будагдсан империализмын бууны ноходтой гар барихдаа цус наалдуулахгүйн тулд бээлийтэй байгаа”-гаа бүгдэд нь ярьж явсан билээ. Дамаскийн 2008 оны саммит дээр цугларсан лидерүүдэд хандан “бүгд Саддамын хойноос тамд очих хэрэгтэй” хэмээн зандран хашгирч байв. Жилийн дараагийн саммит дээр Саудын Арабын ванд “Зургаан жил чи надаас зугтаад байгаа юм даа. Чи бол нэг хөлөөрөө булшиндаа гишгэсэн худалч өвгөн. Чамайг англичууд бүтээж, АНУ дэмжиж байна… Би бол араб удирдагч нарын удирдагч бөгөөд бүх лалынхны имам” гэж Каддафи хэлж байлаа. Саммитийг шууд дамжуулж байснаа Каддафийн үгний дараа  нэвтрүүлгийг тасалсан байв. Ингээд арабын бүх лидерүүд нь эсрэг байсан Анвар Садатын дараах цорын ганц лидер нь Каддафи болсон юм.Тиймээс ч Арабын орнуудын лиг энгийн иргэдийг хамгаалах нислэгийн хориотой бүс байгуулахыг идэвхтэй дэмжсэн билээ.  
Ливийн хямралын хөөрөлд  “Аль-Жазира” телевизийн гүйцэтгэсэн үүргийг авч үзсэн ч тэр Катарын эрх баригчид  Каддафийг шийтгэхээс татгалзахааргүй байсан нь ойлгомжтой.

Орос, Хятад, Герман ба бусад: бид түтгэлзэгсэд
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд санал хураахад 1973 тоот тогтоолын эсрэг нэг ч санал гараагүй бөгөөд Орос, Хятад, Бразили, Энэтхэг улс түдгэлзсэн юм. Бразили, Энэтхэгийн хувьд арай ойлгомжтой. Энэ орнууд том улс жижгийнхээ хэрэгт хутгалдан орохын эсрэг байдаг зарчимтай.  Тэд энгийн иргэдийн эсрэг дэглэм нь харигслал үйлдэж байхад зүгээр хараад суусан дүрээ дэлхийд харуулахыг хүсээгүй. Хятадын талаар ч ингэж хэлж болно. “Хятадад өөрт нь аюултай жишиг болохоор тогтоол биш гэдгийг ойлгоод тэр эсрэг гар өргөхгүй нь ойлгомжтой” хэмээн  нэгэн тоймч өгүүлсэн байлаа.
Германы байр суурь их эмзэг. Канцлер Ангела Меркель эхлээд ажиллагаанд оролцохоос эрс татгалзсан юм. Тэрээр Европын холбоо ба НАТО дотроо нислэгийн хориотой бүс байгуулахыг эсэргүүцсэн цорын ганц хүн болов. Германы цэрэг хилийн чанадад байгааг хэтэрхий эмзэгээр хүлээн авч буй сонгогчид түүнийг дэмжиж байсан билээ. Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дараа холбоотнууд нь Германыг эрс шүүмжилснээс канцлерын санаа бодол өөрчлөгдөж байна. Тэрээр Герман Ливийн дайнд оролцохгүй харин Афганистанд нэмэлт цэрэг илгээн “Одиссейн эхлэл” ажиллагаанд оролцож байгаа Америк, Британийн ачааг хөнгөлнө гэжээ.
Орост НҮБ-ын тогтоол нь дуулиан өдөөв. Тогтоолыг дэмжсэн орнуудаас Орос дээр нь Хятад хоёрын компаниуд л Ливид өргөн төлөөлөлтэй. РЖД тэнд 550 км-ийн төмөр зам барьж байна. “Татнефть”, ЛУКОЙЛ ба “Газпром”  нь нефть, байгалийн хийн хайгуул ба олборлолтод оролцдог. Өнгөрсөн жил Москва Ливитэй1,8 тэрбум ам.долларын зэвсгийн наймааны гэрээнд гарын үсгээ зурсан байв.
Гэсэн ч Кремль босогчдыг дэмжлээ. Эхлээд Ливид суугаа элчин сайдаа солив. Ливийн асуудлын бүх шалтгаан нь Каддафи гэсэн Кремлийн байр суурийг өмнөх элчин хүлээн авалгүйгээр Каддафийг дэмжсэн гээд түүнийг огцруулсан байна. 1973 тоот тогтоолыг  түүхий ч гэсэн хориг тавьж болохгүй чухал баримт гэж ерөнхийлөгч Медведев тайлбарласан юм.
Дараа нь Путины хэлсэн “загалмайтны дайн” гэсэн үг нь Медведевтэй зөрөлдөж Барууны ор­нуудад албан ёсны байр суурь нь хувийн санаанаас өөр гэдгийг тэр хоёрын хослол тайлбарлахаар нэлээдгүй зүтгэл гаргалаа. Эхлээд Путин шиг хатуухан мэдэгдэл гаргах гэж байсан Төрийн Дум нь сүүлдээ зөөлөрч өөрийн баримтдаа Медведевын үндсэн санааг суулгаж өгсөн байлаа. Гэхдээ депутатууд эвслийнхэнд хандан “байлдааны ажиллагааг зогсоо” гээд шаардаж чадав. ОХУ-ын Гадаад хэргийн яам ерөнхийлөгчийн тайлбарын дараа ч “тогтоолыг биелүүлэхэд тус дэм болох ёстой орнууд нисэх хүчнээ замбраагүй хэрэглэж байна” гэх мэтийн мэдэгдэл гаргасаар байлаа. Дмитрий Медведевын шийдвэр нь Орост Владимир Путины хувийн санаанаас дээгүүр тавигдаж байна гэдэгт Барууны лидерүүд итгэлээ гэхэд сэтгэлд нь сэвтэй л үлдсэн байх.

Эх сурвалж: “Власть” сэтгүүл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж