
Түүнчлэн, жижиг дунд бизнес эрхлэх иргэдийн санаачилгыг дэмжин зорилгоор сум бүрт жилд 50 сая, аймгийн төвийн Хэрлэн суманд 265 сая төгрөг өгч байгаа учир иргэд өөрсдөө идэвхтэй байж, бас мөнгөний зарцуулалтад хатуу хяналт тавьж байхыг Н.Алтанхуяг сайд нутгийнханд даалгааа. Орон нутагт нь төрийн үйлчилгээ доголдсон, төсвийн мөнгөний зарцуулалт үргүйдсэнээс авахуулаад элдэв алдаа завхрал гарвал санал шүүмжийн үгээ орон нутгийн удирдлагаар хязгаарлалгүй Шинэчлэлийн Засгийн газрын чих болж буй “11 11 төв”-д өөрт ойр хэлбэрээр ирүүлж байхыг ч иргэдэд аминчлан захилаа. Жил гаруйн дараа гэхэд Дорнод аймгийг хатуу хучилттай замд холбоно, монгол хүнийг монгол нутагтаа эзэн байлгахын тулд ашигт малтмалын зөвшөөрлийг хотоос биш орон нутгаас нь олгодог болгох эхний алхам хийж байгаагаа Ерөнхий сайд газрын тосны олборлолтын өлгий болсон энэ нутгийнханд дуулгав. Иргэдийн зүгээс Шинэчлэлийн Засгийн газраас эхлүүлсэн хэд хэдэн ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, энэ эрч хүч, хүсэл зоригоороо цаашид шинэчлэлийн салхийг олон салбарт нэвт үлээлгээрэй хэмээн даалгаж байв. Төрийн үйлчилгээний ил тод нээлттэй байдлыг хангах алхмууд хийсэн, өргөн хэрэглээний барааны өндөр үнийг бууруулах ажлыг эхлүүлсэн, тэр бүү хэл архины онцгой албан татварыг нэмснийг ч иргэд сайшаасан. Үүнээс гадна сонгуулийн үеийн бэлэн мөнгөний амлалтыг нь сануулж, шүүмж илгээсэн иргэд цөөнгүй байв. Ардчилсан намын амласан 1 сая төгрөг юу болов, хүний хөгжлийн сангийн тэтгэмжийн үлдэгдэл 340 мянган төгрөгийг хэзээ өгөхөв зэрэг амлалт нэхсэн асуултад Ерөнхий сайд тодорхой хариултууд өглөө.
Тэрбээр “Ардчилсан нам сая төгрөгөө хувьцаа хэлбэрээр иргэн бүртээ өгч, амлалтаа биелүүлсэн. Та бүхний дансанд 1072 ширхэг хувьцаа бий. Таны эзэмшиж буй хувьцааны эдийн засгийн бодит үнэлгээ сая төгрөгөөс огтхон ч буухгүй юм шүү” гээд үүнийг илүү үнэд хүргэж, иргэнд ашигтай байдлаар эдийн засгийн эргэлтэд оруулах бүх талын зохион байгуулалтын ажлыг хийж байгаагаа онцлов. Харин Хүний хөгжлийн сангийн үлдэгдэл 340 мянган төгрөгийг 340 мянган төгрөгийг энэ 11 дүгээр сараас ирэх оны 1 дүгээр сар хүртэл хугацаанд өгч дуусгана гэлээ. Ийнхүү иргэдийн дуу хоолой, үзэл бодлыг сонсож, биечлэн хариулт өгсөн халуун дотно уулзалтынхаа төгсгөлд Ерөнхий сайд “Бидэнд шийдэх, шинэчлэх олон асуудал бий. Асуудал бүрийг бага гэлгүй бид барьж авч шийднэ. Манай Шинэчлэлийн Засгийн газар уриа лоозон тунхаглахаас илүүтэйгээр үр дүн нь нүдэнд харагдаж амьдралд мэдрэгдэх бүтээлч ажлууд хийнэ. Нар тоссон дорнын сайхан нутагтаа шинэчлэлт өөрчлөлтийг хамтдаа хийцгээе” хэмээн Дорнод зон олныг бүтээлч хөдөлмөрт уриаллаа. Иргэдтэй хийсэн уулзалтаар Ерөнхий сайдын Дорнод аймаг дахь томилолт өндөрлөж, Сүхбаатар аймаг руу замд гарлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.