Өдрөө үр бүтээлтэй өнгөрөөж, зорилгодоо хурдан хүрэхийн тулд өдөр бүр ажлаа төлөвлөж, түүнийхээ дагуу ажиллах дадлыг эзэмших хэрэгтэй.
Хийх ажлын жагсаалт гэж юу вэ? – зайлшгүй хийх шаардлагатай гэж үзэж байгаа ажлуудыг нэг дор цаасан дээр буулгаж, нүдэндээ харагдахуйц газар тавих, эсвэл биедээ авч явахыг хэлдэг.
Яагаад хийх ажлын жагсаалт гаргах хэрэгтэй вэ?
- Хийх ёстой ажлуудаа өөртөө сануулж, түүнийгээ хийж, өдрөө үр бүтээлтэй өнгөрөөж, зорилгодоо хурдан хүрдэг.
- Стрэссийг багасгадаг. Хийх ажлаа цэгцтэй, тодорхой болгодог.
Гаргаагүй бол яах вэ?
- Хийх ёстой зүйлээ хийхйн оронд хийх шаардлагагүй зүйлүүдийг хийх магадлал өндөр байдаг. Жишээлбэл: Өөрийн гаргасан төлөвлөгөөний дагуу биш бусдын гаргасан төлөвлөгөөнийн дагуу ажиллах, мөн өөрийн цагийг үр бүтээлгүй зүйлүүдэд зарцуулж үрэн таран хийх.
- Хийх ажлаа цэгцэлж, тодорхой болгоогүйгээс болж ийшээ тийшээ самгардан, хаанаас юу хийж эхлэхээ мэдэхгүй, улмаар хийх ёстой зүйлээ хийгээгүй эсвэл дутуу хийснээс болж стрэссдэх.
Хийх ажлын жагсаалтыг хэзээ гаргах вэ?
Би хийх ажлын жагсаалтаа урьд өмнө нь унтахаасаа өмнө гаргадаг. Яагаад гэвэл намайг унтаж байх хооронд миний оюун ухаан болон далд ухамсар шөнөжин гаргасан жагсаалт, гаргасан төлөвлөгөөн дээр минь ажиллаж, өглөө босоход би шинэ санаануудаар дүүрэн мөн төлөвлөгөөнийхөө дагуу хэрхэн ажиллах вэ гэдгийг аль хэдийн мэдчихсэн босдог.
Хэрвээ би хийх ажлын жагсаалтаа өглөө гаргах юм бол энэ бүх давуу талуудыг үзэж чадахгүй. Тиймээс хийх ажлын жагсаалтаа унтахаасаа өмнө гаргахыг санал болгож байна.
“Өдөр бүр ажлаа төлөвлөж, төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж чадвал АМЖИЛТАНД хүрнэ.”
Хийх ажлын жагсаалт гаргах 10 зөвлөмж
- Дунд зэргийн цаасан дээр хийх ажлаа жагсааж бичих. Эсвэл утас, компьютер дээрээ бичиж болно. Хамгийн гол нь нэмж хасах зүйл гарвал түүнийгээ тэр дор нь бичих боломжтой байх хэрэгтэй. Би цаасан дээр бичихийг илүүд үздэг. Цаастай харьцах нь надад амархан, хурдан бас харагдах нь илүү санагддаг. Танд аль нь илүү санагдана, түүнийгээ сонго.
- Зөвхөн тэр өдөр хийх ёстой ажлуудыг жагсааж бичих. 3 өдрийн, эсвэл долоо хоногийн төлөвлөгөөг оролцуулахгүй байх. Эдгээрийг тусд нь 3 хоногийн эсвэл 7 хоногийн төлөвлөгөө гаргаж бичих.
- Хамгийн чухал гэж үзэх ажлуудыг дээрээс нь доош нь дэс дарааллуулж 1, 2, 3 гэж бичих.
- Нэг өдөр хийж чадахуйц хэмжээний ажлыг жагсаалтандаа оруулах. Нэг өдөр дэндүү их ажил оруулснаар түүнээсээ эмээх, эрч хүч мохох эсвэл өдрийн төгсгөлд хийж дуусгаж чадаагүйгээсээ болж урам хугарах тохиолдлууд гардаг учраас толгойд орсон болгоныг цаасан дээрээ бичихгүй байхыг санал болгож байна.
- Бичсэн жагсаалтаа өдрийн турш харагдахуйц газар байрлуулах эсвэл биедээ авч явах.
- Өөринйхөө өдрийг хийх ёстой ажлын жагсаалтаас эхлүүлдэг дадлыг үүсгэх.
- Жагсаалтын дагуу ажиллаж байх хооронд шинэ санаанууд төрвөл түүнийгээ туст нь бичиж тэмдэглэж, маргаашынхаа жагсаалтанд оруулах.
- ”Бүү хий!” жагсаалт гаргах. (энэ тухай дэлгэрэнгүй доор оруулсан байгаа)
- Хийж дуусгаагүй ажил үлдсэн тохиолдолд маргаашийн жагсаалтанд дахин оруулах.
- Өдөрт гаргасан амжилтаа тэмдэглэж, өөрийгөө урамшуулахаа жагсаалтандаа оруулахаа мартваа.
Хэрвээ таны хийх ёстой ажлын жагсаалт танд үйлчилдэггүй бол өөрөөр хэлбэл та хийх ажлын жагсаалтаа гаргачихсан ч гэсэн түүнийхээ дагуу ажиллаж чаддаггүй бол “Бүү хий!” жагсаалт өөрөөр хэлбэл “хийхгүй байх ажлын жагсаалт” гаргахыг санал болгож байна.
Энэхүү тактик надад их тус болсон. Би анх хийх ажлын жагсаалтаа хичнээн гаргасан ч гэсэн түүнийхээ дагуу тэр болгон ажиллаж чаддаггүй байсан. Харин “Бүү хий!” жагсаалтыг давхар гаргаснаар хийх ёстой ажил дээр анхаарлаа төвлөрүүлж сурсан.
Жишээлбэл: (би энд өөрийнхөө “Бүү хий!” жагсаалтуудын заримыг жишээ болгон орууллаа)
- И-мэйлээ бүү шалга!
- facebook, twitter лүү бүү ор!
- утас дуугарвал бүү ав!
- хүүхэдтэйгээ цаг өнгөрөөхдөө утсаа орхи! компьютерээс хол бай! г.м.
Таны хийх ажлын жагсаалт танд хэрхэн үйлчилдэг вэ, мөн ”Бүү хий!” жагсаалтанд та юу нэмж оруулмаар байна вэ гэдгийг танаас сонсохыг хүсч байгаа тул доор сэтгэгдлээ үлдээгээрэй.