“Чөлөөт бөх” нэртэй сэтгүүл мэндэллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

“Чөлөөт бөх” нэртэй сэтгүүл мэндэллээ

Монгол улсад чөлөөт бөхийн спорт үүсч хөгжсөний 50 жилийн түүхт ойг тохиолдуулан МЧБХ-ноос “Чөлөөт бөх” сэтгүүлийн анхны дугаарыг гаргалаа. Тус холбооны Ерөнхийлөгч Л.Чинбат уншигчдад хандсан мэндчилгээндээ ”Манай улсад орчин үеийн спортын төрлүүдээс хамгийн түрүүнд хөгжиж тив, дэлхий, олимпийн наадмаас анхны медалийг авч, анхны аваргуудыг төрүүлж, монгол хүн дэлхийн спортын дэвжээнд хэнтэй ч эн тэнцүү өрсөлдөх ухаантай, ур чадвартай, авьяастай гэдгийг анхлан нотлон харуулсан гэдгээрээ чөлөөт бөхийнхөн ямагт бахархаж, спорт сонирхогчдынхоо талархлыг хүлээж байдаг юм. Манай сэтгүүл нь хүүхэд, залуучуудад чөлөөт бөхийн спортоор хичээллэх хүсэл сонирхлыг төрүүлэхэд онцгой анхаарч гадаад чөлөөт бөхийн спортын зүтгэлтнүүд, дэмжигчид, сонирхогчдын санал бодлоо солилцох, туршлагаа хуваалцах индэр байх болно” хэмээн онцлон дурджээ.

Тус сэтгүүлийн анхны дугаарт Ардын багш, Гавьяат тамирчин Д.Сэрээтэрийн дурсамж, чөлөөт бөхийн үндэсий шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар нарын ярилцлага, энэ оны эхний улиралд дотоодод болсон тэмцээний дүн, манай бөхчүүдийн оролцсон олон улсын тэмцээн, Гавьяат тамирчин Б.Наранбаатарын Бундеслигт хэрхэн барилдсан тухай сурвалжлага, энэ оны дотоод, гадаад тэмцээний хуваарь зэргийг нийтэлжээ. Тэрчлэн эхний гурван сарын шилдэг бөхийн танилцуулга, олимпийн наадмаас медаль хүртсэн манай тамирчдын нэрс, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Ж.Мөнхбат, Оросын алдарт бөх Б.Сайтиев, Японы нэрт бөх С.Йошида нарын спортын замнал, амжилтын тухай зэрэг олон сонирхолтой нийтлэл оржээ.

“Чөлөөт бөх” сэтгүүлийг улирал тутам гаргаж байх юм байна.

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж