Цэнхэр туг буюу хөнгөлөлттэй нүүрсний мандалт

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

Цэнхэр туг буюу хөнгөлөлттэй нүүрсний мандалт

Энэ жижиг туг гэр хорооллын иргэдийн хувьд сонгуулиас ч чухал зүйлийг “рекламдан” намирах туг аж.

Холоос ажвал жижиг цэнхэр туг салхинд хийсэн үзэгдэнэ. Хальт харвал орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхэлж, бас нэг намынх нь туг хийсч байна гэж андуурахаар. Гэхдээ энэ жижиг туг гэр хорооллын иргэдийн хувьд сонгуулиас ч чухал зүйлийг “рекламдан” намирах туг аж. Энэ бол нүүрсийг хямдралтай үнээр борлуулах цэгийн дээвэр дээр намирах туг. Хан-Уул дүүргийн гэр хороолол бүхий хороодод яг үүн шиг туг намирч байгаа. Зарим туг хувь хүний хашааны буланд, зарим нь дэлгүүрийн дээвэр дээр намирна. Идэвхтэн гишүүдийн сонгосон цэгээс шалтгаалаад ийнхүү өөр, өөр газар намирдаг аж.

Цэнхэр тугийн зүг…

Өчигдрөөс эхлэн ХУД-ийн хоёр хорооноос бусад хороодод цэнхэр туг руу зүглэх хүмүүсийн тоо нэмэгджээ. /ХУД-ийн хэмжээнд 1, 2 дугаар хороо орон сууцны хороололд багтдаг/ Иргэдэд хөнгөлөлттэй үнээр нүүрс худалдаж байгаа их ажил эхэлсэн ням гаригын өглөөнөөс хүмүүсийн хөл хөдөлгөөн тасрахгүй байгаа аж. Өчигдөр өдрийн 14:00 цаг гэхэд нэг портер нүүрс дууссан бөгөөд 17 цагийн байдлаар бүгд борлогдож дуусчээ. Дүүргийн иргэдэд мэдээлэл хангалттай байсан учраас ийнхүү борлуулалт сайн байсан гэх. 

ХУД-ын дөрөвдүгээр хороо. Хөнгөлөлттэй нүүрсний борлуулалт өнөөдөр ч үргэлжилж байгаа. Үүрээр хүмүүсийн нүүрс авах нь харьцангуй их байдаг бөгөөд 12:00 цагаас хойш дахин нэмэгддэг гэдгийг борлуулагчид ярьж байлаа. Дөрөвдүгээр хорооны тухайд 1845 өрхтэй аж. Үүний 1350 гаруйд нь талон тараагдсан байна. “Манай хорооны тухайд хямдралтай нүүрсийг нилээд талархалтай хүлээж авч байгаа. Иргэд ч үүнд ам сайтай байгаа. Одоогийн байдлаар бүх айл өрхийг талонжуулаад байна. Талоныг хоёр хоногийн зайтай тарааж байгаа. Нэг талонд 40 кг-ын нүүрс байгаа юм. 40 кг-ын нэг шуудай нь 3200 төгрөгөөр олгож байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг тонн нь 80 мянган төгрөг болж байгаа аж. Иргэдийн хэлж байгаагаар нэг портер нүүрс 320 мянган төгрөг байсан бол одоо 240 мянгаар зарагдаж байгаа гэж хэлж байгаа. Өөрөөр зах зээлд үнэ нь бууж байна гэдэг чинь сайнаар нөлөөлж байна л гэсэн үг” гэж ХУД-ын дөрөвдүгээр хорооны засаг дарга н.Ган-Од ярив.

Энэ хорооны тухайд нүүрсний хангалт сайн байгаа хэдий ч иргэд дахиад олноор нь авах хүсэлтээ хорооны даргад ирүүлээд байгаа аж. Тэд холбогдох байгууллагад нь талоны хэмжээг нэмэх хүсэлтээ хүргүүлээд байгаа гэх. “Ер нь ийм ажил зохиогдож байгаад баяртай байна. Бидний амьдралд маш том тус хүргэж байгааг хэлээд барахгүй. Хямд нүүрс юм чинь чанар муу байх гэж бодож байсан ч харьцангуй гайгүй юм” гэж ХУД-ийн дөрөвдүгээр хорооны иргэн Б.Ханд ярьсан юм.

ХУД-ийн тавдугаар хороо. Дөрөвдүгээр хорооноос ердөө хэдхэн гудамжны цаана энэ хороо байрлана. Байдал мөн л адилхан. Иргэд нь энэ ажил талархан хандаж байгаа бөгөөд идэвхтэй хамрагдаж байгаа гэх. “Манайх 1050 ширхэг нүүрсний талон хүлээж авсан. Хоёр цэг сонгосон. Хэсгийн ахлагч нар талоныг айлуудаар тарааж дуусч байна. Зарим нэг талоныг бид хороон дээрээ халамжийн мэргэжилтнээр олгож байгаа. Өчигдрийн байдлаар ирэх ёстой гурван портер нүүрс ирсэн 100 хувь авсан. Иргэдэд мэдээлэл сайн хүрсэн болохоор бүгдэд нь хамрагдаж чадаж байна. Иргэд нүүрсний чанарт сэтгэл хангалуун байна лээ. Хог багатай, ширхэг сайтай л гэж байна лээ. Он дуустал ажил үргэлжилнэ” гэж ХУД-ийн  тавдугаар хорооны засаг дарга Ж.Отгонжаргал ярив.

Давхардах зүйл гарахгүй

Он дуустал хөнгөлөлттэй үнээр нүүрс борлуулах ажил өрнөх учраас талон давхардах тохиолдол гарахгүй гэдгийг хорооны засаг дарга нар хэлж байна. Тэгээд ч хороо гэдэг их хотын хамгийн бага нэгж учраас ард, иргэдийн бүртгэл нарийн хийгддэг ажээ. “Хороо бол хамгийн бага нэгж. Тийм учраас иргэдээ мэднэ. Нүүрсний талоны ажлыг хэсгийн ахлагч нарт даалгаад айл болгонд хүргэж байгаа. Нэг өрхөд нэг л талон олгож байгаа. Талоны тухайд гурван янзын талон гаргаж байгаа. Нэг өдөр нэг өөр өнгөөр талон хийж байгаа болохоор хуурамчаар талон хийнэ гэсэн ойлголт байхгүй” гэж ХУД-ын дөрөвдүгээр хорооны засаг дарга н.Ган-Од ярьсан юм. Тавдугаар хорооны тухайд ч ийм зүйлийг ярьж байна.

Өөр өнцгөөс…

Зарим иргэд үүнийг шахааны бизнес гэдэг өнцгөөс харж байна. Харин өөр дүүрэг бүрийн хороодын засаг дарга нар үүнийг байж болохгүй явдал. Утааг дэмжээд эхэллээ гэж харж байна. Гэхдээ ямар ч өнцгөөс харсан дунджаас доогуур орлоготой айл өрхүүд үүнийг хоёр гараа өргөн хүлээн авч байгаа нь хэн бүхний нүдэн дээр ил үнэн. Утаатай тэмцэж өнгөрсөн жилд л гэхэд 20 гаруй тэрбум төгрөг зарцуулж, энэ онд яармаг, нисэхийг бүгдийг нь хамруулж коксон нүүрсийг тараах хэрэгтэй гэж байсан ч өнөөдөр өөрчлөгдөж “Багануур”-ын сайн чанарын нүүрсийг иргэдэд хөнгөлөлттэйгөөр тарааж байна. Ирэх жилийн тавдугаар сар хүртэл энэ ажил үргэлжилнэ.

Ийнхүү цэнхэр тугийг зорих иргэдийн хөл хөдөлгөөн их байна. Цэнхэр туг бүхий түгээлтийн цэгт 40 кг нүүрс борлуулахын тулд өдөрт 240 кг нүүрсийг бэлтгэгч компаниас нийлүүлж байгаа гэх баримт бий.

Тоймч: Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж