Буржгарууд хотын соёлыг түгээв

Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

Буржгарууд хотын соёлыг түгээв

Арван жилийн өмнө СУИС-ийн дэргэдэх байранд дөрвөн сандал, дөрвөн толь, дөрвөн үсчин, дөрвөн сам гээд юм бүхэн нь ердөө дөрөв, цомхон гэгч нь үйл ажиллагаагаа эхлүүлж байсан “Matrix” салон өдгөө дөрвөн салбартай, 40 гаруй үсчинтэй үйл ажиллагаагаа явуулж, хотын залуусын имижийг бүрдүүлэх болжээ. Энэ жил 10 насны ойгоо тэмдэглэж буй тэд өнгөрөгч бямба гаригт “iLoft Function House”-д Буржгар үстнүүдийн шоу зохион байгууллаа. Буржгар битгий хэл шулуун үстнүүд хүртэл үсээ буржийлгаад очиход хүргэсэн тэр шоу их хотын нэгэн үдшийн сонирхолтой арга хэмжээ байв. Нэг дор хамгийн олон буржгарууд чуулсан шоуг “ТВ Коктейль” хамтлагийн Өөскө, Цоомоо нар хөтөлсөн. Мэдээж тэд ч бас буржгар болж ирсэн. Үзэгчдийг хөгжөөх түүх өгүүлж, гадаадын зочидтой англиар ярилцаж, эх хэлнийхээ сайхныг гайхуулан хэлц үг хүртэл хэлүүлээд амжсан адтай хөтлөгчид.

Шоуны тайзнаа боди арт загварын үзүүлбэр эхлэхэд хүннүгийн сүг зургаар биеэ эрээлсэн цээж нүцгэн бүжигчин залуус хурд хүчний гайхамшгийг бүжгийн урлагаар дамжуулан үзүүлсэн. Тэдний дундуур топ модель Г.Уранчимэг тэргүүтэй загварын охид дотуур хувцастай боди арт үзүүлэн, буржгар үсээ гайхуулан дэгжирхсэн юм. “Matrix”-ийн шоуны салхийг хагалан “Green Mask” буржгаруудын цөсийг хөөргөв. Аан тийм, тэнд буржгар биш ирсэн хүмүүс үүдний зааланд салоны сандал дээр тухлан үсээ буржийлгаж, бусадтайгаа нийлэн шоуг улам сонирхолтой болгож байсан шүү. Үсчид ямар чадварлаг гайхалтай гэдгээ зочдод дахин нотолж чадсан. Сандал дээр тухлаад л төрсөн мэт буржгар үсийг таны царайд тохируулан янз бүрээр урласаар. Тэр сандал буржгар болгодог ид шидтэй байсан юм болов уу, эсвэл…

Цааш шоунд хүч нэмэн “Matrix” салоны байнгын үйлчлүүлэгч “Гурван охин”, “Sweetymotion”, “Хурд”, “Шанз” тайзнаа морилов. Энэ л үдэш тайзыг одод доргион эзэгнэж, шилдэг DJ нар залуусыг хөгжмийн хэмнэлд автуулж, буржгарууд баяраа тэмдэглэсэн юм.  Буржгар үстнүүдийн шоунд шилдэг буржгар үстэй хоёр оролцогчийг шалгаруулан “Matrix” салоноор тус бүр нэг сая төгрөгөөр үйлчлүүлэх эрх, 100 мянган  төгрөгөөр шивээс хийлгэх эрх гардуулав.  

Гэрэл зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж