Женсон Баттон чамгүй сайн триатлонч

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Женсон Баттон чамгүй сайн триатлонч

“Формула 1”-ийн “МакЛарен” багийн нисгэгч Женсон Баттон автоспортоос гадна өөр бусад спортод ч сайн гэдгээ харууллаа. Тэрбээр Хавайд болсон триатлоны тэмцээнд оролцжээ. Хавайн Вайколо Лаваманд болсон триатлоны тэмцээнд 900 гаруй тамирчин оролцсоны дотор “Формула 1”-ийн “МакЛарен” багийн нисгэгч Женсон Баттон байлаа. 2008 онд дэлхийн аварга болж байсан Англи нисгэгч F1-д амжилттай уралдахаас гадна биеийн хүчээ триатлоноор хичээллэж сайжруулж байгаа юм. Баттон сүүлийн хоёр жилийн хугацаанд нэлээд олон триатлоны тэмцээнд оролцсоны дотор 11 мянган хүн оролцдог Лондонгийн триатлоны тэмцээн багтаж байгаа. Триатлоноор хичээллэснээр автоспортод амжилт гаргана гэж итгэдэг Баттоны адил “Тур де Франс” дугуйн уралдааны долоон удаагийн аварга Лэнс Армстронг Хавайд болсон тэмцээнд оролцжээ. Тамирчид 1500 метр газар усанд сэлж, 40 км газар дугуйгаар уралдаад төгсгөлд нь 10 км явган гүйж барианд орох даалгавартай байсан. Баттон энэхүү тэмцээний дугуйн уралдаанд бага зэрэг цаг алдсаны улмаас ялагчаас 30 гаруй минутаар хоцорч барианд оржээ. Харин тэмцээний ялагчаар Америкийн триатлонч Эрих Вэгшайдэр тодорсон байна. Хэдийгээр Баттон уралдаанд амжилт гаргаагүй ч эрүүл мэндийн болон биеийн бэлтгэлжилт нь сайжирч, дараагийн Малайзын гран-при уралдаанд амжилт гаргахад нь  тус болно гэж найдаж байгаа аж. Улирлын эхний уралдаан Австралийн Мелбурнд болоход Баттон зургадугаар байрт орж, найман оноотой болсон. Дараагийн гран-при уралдаануудад энэ амжилтаа эрс ахиулах зорилготой байгаагаа Баттон тэмцээний дараа ярьжээ. Мөн тэрбээр триатлоны амжилтаа ч ахиулах хүсэлтэй байгаа бөгөөд үүний тулд дугуйн бэлтгэлээ энэ жил шаргуу хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж