“У.Хүрэлсүх байгаа тулдаа л” гэх тахин шүтэх сэтгэлгээ бүхэлдээ одоо цагийн Ардын намын овоо гайгүй залуусын сэтгэхүйг дарангуйлж буй. Хиймэл аргаар бүрдүүлчихсэн мэт тэдний оюун санаанд онц дүн тавих хэрэггүй ч У.Хүрэлсүх шиг итгэл үнэмшилдээ үнэнч байвал талархах хэрэггүй юм гэхэд таашаахгүй байхын аргагүй.
Харин энэ удаад мөнөөх Ардын намын байгаа ганц баатар маань этгээд сонин шийдвэр гаргах нь тэр. Олон түмэн мэдэж буй учир товч мэдээллэхэд “УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах хүсэлтийг минь хүлээн авна уу” гэх өргөдлийг өөрийн гараар бичиж, УИХ-ын дарга З.Энхболдод өгсөн тухай юм. Түүний ийнхүү УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах шалтгааны эх үндэс нь хувийн амьдралтай нь холбоотой гэх. Хэнд ч ирэх зовлон шаналал, өвчин хууч гэж бийг бодож энэ тухай илүү дэлгэрүүлэх нь ёс зүйн хувьд зохимжгүй хэрэг. Харин тэрхүү шалтгааныг нь түр хойш нь тавиад “Ухнаагийн хүүд Ардын намаас татгалзах эрх бий юу” хэмээн асуугаад үзье.
Тэрбээр Ардчилсан хувьсгалтай зэрэгцэн Ардын намд гишүүнээр элссэн нэгэн. Улс төрийн карьер нь унтарч, бөхөж үзээгүй түүний хувьд одоо цаг үедээ Ардын намд байгаа цорын ганц лидер гэж хэлж болохуйц нөлөө бүхий эр. Түүнд байлдан дагуулах, итгүүлэн үнэмшүүлэх, бишрүүлж, хүндлүүлэх, сөргөлдөж, тэрсэлдэх зан чанарын аль, аль нь бий. Тийм ч учраас тэрбээр “Ардын нам нэрээ сольсноос үүдэн УИХ-ын сонгуульд ялагдал хүлээвэл хариуцлагыг нь би хүлээнэ” хэмээн тухайн үеийнхээ намын дарга С.Батболдын өмнүүр орон чангаас, чанга зарлаж байсан. Улмаар Ардын намын удирдлагын аппаратыг өөрийнхөө багаар бүрдүүлж, өрөөсөн хөлтийг ч урдуураа гишгэхгүй болтол нь хана хэрэм босгож чадсан. Харамсалтай нь, түүний энэ бүх үйлдэл Ардын намыг ялагдалд хүргэж, гомдогсдын армийг бүрэн бүрэлдэхүүнээрээ МАХН-ыг дахин байгуулахад хүргэсэн. Үр дүнд нь Ардын нам УИХ-ын сонгуульд ялагдал хүлээж, У.Хүрэлсүх ч албанаасаа буусан.
Гэхдээ тэр УИХ-ын сонгуульд жагсаалтаар нэр дэвшсэний хувьд УИХ-ын гишүүн болж, ялагдал дундаас ялалт байгуулсан гэх шүүмжлэлийн бай болж байлаа. Харин энэ удаад тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ гаргалаа. Ардын намын төлөө амиа өгөхөөс буцахгүй явж ирсэн намтартаа энэ үгээрээ цэг тавьчихлаа. Анзаараад байхад Ардчилсан намын тагнуул байсан ч юм шиг.
Бод л доо, анхнаасаа хөдөлгөх хэрэггүй байсан намынхаа нэрийг тэр шинэчилсэн. Тэртээ 90 жилийн өмнөх тоосонд дарагдаж үлдсэн Монгол Ардын нам гэх нэрийг УИХ-ын сонгуулийн өмнө сэргээж гаргаж ирснээрээ тэр намынхаа ялалтын түүхийг бараг л устгачихсан гэхэд болно. Ардчилсан нам хэрвээ У.Хүрэлсүх ийм алдаа гаргаагүй бол хамтарсан Засгийн газраас зургаан сарын өмнө гарахгүй л байсан. Тэд сонгогчдын Ардын намыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа сэтгэл дээр тоглож, УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан. Үүнд нь У.Хүрэлсүхийн зоримог шинэчлэл дэм өгч, ардчилагчдыг оргилуун дарс буудуулахад түлхсэн. Үүнийг нь цэвэрхнээр хувьсгалын тохироо бүрдсэн хэмээн дүгнэж болох бол У.Хүрэлсүхийг хардах сэтгэлээр тайлбарлавал “Ардчилсан намын тагнуул байж” хэмээн нэрийдэж болох л.
Учир нь түүнийг ердөө л энэ зун буюу долоодугаар сард, УИХ-ын сонгуулийн дараахан Ардын намын дарга болно хэмээн намаа донсолгож явсныг намынх нь нөхөд мартаагүй л байгаа байх. Юм өөрчлөгдөнө өө гэж. Тэр яах аргагүй л Ардчилсан намын тагнуул шиг ажиллачихлаа даа. Лидерүүд нь зугатаж холддог бус цуглаж нийлдэг улс төрийн ууган хүчнээс нүүр буруулж буйгаас нь харахад шүү дээ.
Эс бол тэр ирэх онд Ардын намын даргын албанд ахиж санаархахын тулд энэ удаад өөрийгөө галын төвд нь авчрах тактик хэрэглэж байж ч болох юм. “Би бол эрх мэдэлд дургүй хүн. Та нар намайг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзаж байсныг санаж байгаа биз дээ” гээд л “У.Хүрэлсүх энд гарч ирэв” гэсээр үсрээд гараад ирж мэдэх л байх. Тэр үедээ мэдээж “Би одоо л намын дарга болно доо” гэсэн эцсийн хүсэлт өвөртөлсөн байвал гайхах хэрэггүй болов уу. Цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа ойртоод байгааг бодсон ч Ухнаагийн хүүгийн улс төрийн тоглолтод хүслийн хязгаар байхгүй бололтой дог шүү.