
Монгол хүн ажилтай орлоготой сайхан амьдрах нь бидний хүсэл. Та өглөө босоод үр хүүхэд өрөөл нэгнийхээ ажил төрлийн төлөө сэтгэл зовж байдаг бол танд хүрч ойртохын тулд Е-Биржийн шинэ үйлчилгээг Улаанбаатар хотын 9 дүүрэг 134 хороонд байрлуулах бөгөөд нээлтийн үйл ажиллагаа эхний ээлжинд 11 сарын 03-ны өдөр нийслэлийн төвийн 6 дүүрэгт нэгэн зэрэг зохион байгуулагдлаа. Энэхүү Е-Биржийг нээн ажиллуулж буй явдал нь Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газрын “Ажилтай Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй томоохон ажлын нэг юм. Ажлын байр хайхад хялбархан энэ төхөөрөмж хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг иргэн танд, ажил олгогчдод хялбар, шуурхай, хүртээмжтэйгээр үзүүлэхэд чиглэгдэжээ. Е-Бирж нь ажил хайгч болон ажил олгогчийн цаг хугацааг хэмнэж өөрт хэрэгцээтэй хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээллийг, оршин сууж буй нутаг дэвсгэрээс онлайн хэлбэрээр олж авахад зориулагдсан электрон хайлтын төхөөрөмж юм.
Энэхүү мэдээллийн сан www.labornet.mn вэб сайт болон LabornetWork программаар 21 аймаг, 9 дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, Хувийн хөдөлмөрийн биржүүдийн оруулсан ажлын байрны болон ажиллах хүчний мэдээллээр баяжуулсан Улсын хэмжээний мэдээллийн нэгдсэн сантай Онлайнаар өдөр бүр холбогдон ажиллахаараа онцлог юм. Мөн уг нээлтийн арга хэмжээ нь “Засгийн газрын ажлын 100 хоног”-ийг угтсан өдөрлөгийн хүрээнд зохион байгуулагдаж буй нэг арга хэмжээ болно. Цаашид 21 аймаг, сумдуудад суурилуулах ажлыг шат дараатайгаар хийж гүйцэтгэнэ. Арга хэмжээг Хөдөлмөрийн яам болон түүний харьяа байгууллага Хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Нийслэлийн хөдөлмөрийн газар хамтран зохион байгуулжээ.