
.
-Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхэд санал гаргах ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан. Энэ ажлын хэсгийн явцын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга ахалсан, мөн дэд ажлын хэсгүүд ажиллаж байгаа. Үндсэн хуулийн ямар зүйлүүдэд өөрчлөлт оруулах, олон улсын жишигтэй харьцуулах зэрэг нь одоогоор судалгааны шатанд явж байна. Улс төрийн намуудын хүрээнд парламентыг боловсронгуй болгох чиглэлээр ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Энэ асуудалтай холбоотойгоор хэлэлцүүлэг, ярилцлага хийх, саналын томъёолол гаргах ажил зохион байгуулна.
-МАН-ын дарга С.Батболд парламентийн хоёр танхимтай байх нь зүйтэй гэсэн асуудал дэвшүүлээд байгаа. Та ямар байр суурьтай байгаа вэ?
-Анх удаа манай намын дарга С.Батболд парламентийн шинэчлэлийн төлөө зогсоно гэдгээ мэдэгдээд байгаа. Хоёр парламенттай байх асуудлыг МАН-ын бүлэг авч хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьд хүрсэн. Энэ асуудлаар нэлээд хэдэн хувилбар бүхий тодорхой санал гарвал ирэх долоо хоногт бүлгийн хуралдаанаар хэлэлцэх бүрэн боломжтой.
-Сонгуулийн хуулийн тухайд хэрхэн шийдэх бол?
-Сонгуулийн хууль үндсэн хуулийн өөрчлөлттэй уялдаж байгаа учир зэрэгцээд явна. Сонгуулийн хуулийн өөрчлөлт оруулах хэсэг, санал хураалгах томъёллоо бэлэн болгосон. Болж өгвөл үүнийгээ эхний ээлжинд хийж чадвал зэрэгцээд тогтолцоог нь ярилцаад явах болно.
-Сонгуулийн тогтолцооны ямар хувилбар дээр санал нэгдэж байгаа бол?
-Энэ талаар ярилцаж байна. Удирдах зөвлөлөөс ерөнхий чиглэл гаргасан. Гэвч эргэлзээтэй асуудлаа дахин ярилцаж эргэлзээгээ тайлах ажил байна. Өнөөдөр парламентыг зайлшгүй шинэчлэх шаардалгатай гэсэн хүлээлт нийгэмд бий. Энэ асуудлаа сонгуулийн тогтолцоотойгоо зэрэг ярилцаад явах төлөвлөгөөтэй байгаа.