Ардчилсан нам асуудалд нухацтай хандана

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Ардчилсан нам асуудалд нухацтай хандана

Өчигдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан боллоо. Тус хурлаар УИХ-ын нэгдсэн чуулганы завсарлагаанаар Ардчилсан намын бүлгийн гишүүд хэрхэн ажилласан талаар тайлан тавьжээ. Мөн энэ өдрийн хуралдаанаар “Монгол хүн 2020” хөтөлбөрийг орон нутагт хэрхэн өрнүүлсэн тухай хэлэлцлээ.  
Уг хуралдааны үеэр Ардчилсан намын бүлгийн  гишүүд тойрогтоо хэрхэн ажилласан талаар танилцуул-жээ. Гишүүдийг тойрогтоо ажиллах үеэр иргэдийн зүгээс тавьж байсан гол асуудал нь ахмадын тэтэгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх. Улаанбаатар хотын утааны асуудлыг богино хугацаанд шийдэх. Жижиг дунд үйлдвэр эрхлэх зээлийг олон нийтэд хүртээмжтэй болгох. Шинээр хэрэгжих гэж буй бүтээн байгуулалтын ажлуудад орон нутгийн иргэдийг гар бие оролцуулж ажлын байртай болгож өгөх  зэрэг хүсэлт байсан гэнэ. Нөгөөтэйгүүр Засгийн газраас санаачилж УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар баталсан Тэмдэгтийн хураамжийн тухай хууль амьдралд нийцэхгүй тэмдэгтийн хураамжийг хэтэрхий хөөрөгдсөн хууль болсон гэж иргэд шүүмжилсээр байгаа аж. Энэ талаар шинэ хууль боловсруулан УИХ-д өргөн барих, Засгийн газарт шахалт үзүүлэх нь зүйтэй гэсэн саналыг иргэдийн зүгээс гишүүдэд ихээр тавьжээ. Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн “Монгол хүн 2020” хэлэлцүүлэгт оролцсон талаар бүлгийн хуралдааны үеэр хэлэлцжээ. “Монгол хүн 2020” хэлэлцүүлэг Дорнод, Булган, Дорноговь, Дундговь, Орхон зэрэг нийт зургаан аймагт хэлэлцүүлж бүлгийн 15 гишүүд оролцсон аж.
Мөн өдөр Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцсэн байна. Ардчилсан нам нийт 330 аймаг сумдад ажиллаж байгаа гишүүдийнхээ цаашдын боловсролд анхаарал хандуулж сургалтад хамруулж эхэлжээ. Үүний дагуу гуравдугаар ээлжийн 33 гишүүнийг Удирдлагын академид суралцах батламжийг хуралдааны дараагаар Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, намын Нарийн бичгийн дарга Ц.Жадамба болон УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Д.Батхүү нарын гишүүд аймаг аймгийн ажилчдад гардуулсан.  Өнөөдрөөс эхлэн хуралдах УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэцэх асуудлын тавдугаарт сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр тусгасан. Төрийн эрх барьж буй хоёр нам ирэх 2012 оны парламентийн сонгуулийг ямар хувилбараар явуулах талаар харилцан тохиролцож чадаагүй байна. Үүний цаана юу нуугдаж байна. Мөн шинээр боловсруулж буй хуулийн талаарх асуултыг сэтгүүлчид Ардчилсан намын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэгт тавьсан. Тэрээр хэлэхдээ “УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан нарын санаачилсан Сонгуулийн тухай хууль болон Лу.Болд нарын санаачилсан сонгуулийн тухай хуулийн төслийг харьцуулж үзээд 26/50 гэсэн хувилбараар сонгууль явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа” гэсэн юм. Харин зарим гишүүдийн үзэж байгаагаар сонгуулийн нэг багц хууль санаачлах хэрэгтэй. Багц хууль гэдэг нь дотроо Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль, Орон нутгийн сонгуулийн тухай хууль гэсэн салбар хуультай болъё гэсэн санал гаргаад байгаа аж. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай нэр бүхий гишүүд санал оруулсан. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир гишүүн дангаараа хууль санаачилсан. УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг анхны хуралдаанаа хийсэн гэлээ. Иргэдээс ирсэн саналыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд хэлэлцээд  Засгийн газар болон УИХ-ын даргад хүргүүлэх болжээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын дэвшүүлээд байгаа хоёр парламенттай болох асуудалд Ардчилсан намын зүгээс нухацтай хандаж цаг тухайд нь мэдээлэл өгнө хэмээн Ардчилсан намын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг мэдэгдлээ.

Б.Алтансүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж