Тэртэй тэргүй хотынхоо ганц өөдтэй цэцэрлэгийг устгаж байгаад Их Хурлын шинэ ордноо босгох гэж байгаа юм чинь тэнд хоёр байтугай л танхим багтана биз дээ. Бас дээр нь “сенатор” болчихоор тойрогтоо гээд тэрбумаар нь мөнгө хаяад сурчихсан, байнгын ажиллагаатай парламентын түүхэнд олон ч удаа ширээ, компьютераа солиулсан, одоо сонгуулийн сурталчилгаанд явах чадал тэнхээ нь доройтсон ахмад гишүүд УИХ-д олон бий. Их хурлаар дамжсан олигархуудад “сенатор” болох хүслэн бас их байгаа гэдэгт эргэлзэхгүй. Тэдэнд “сенатор” болчихоод доод танхимын баталчихсан хуулийг нь давхар баталчихсан шигээ Тавантолгой хавиар давхилдах нь сайхан байх нь мэдээж.
Гэхдээ…
Юм л бол “бид нэг ангийнхан” гэж ярьж рекламдах дуртай Их хурлаар амьдарч байгаа тэр хамт олонд ичих мэдрэмж нь ямар вэ гэдэг асуудал байна. Ямар ч бүтээлч хамт олны амжилтын гол үндэс нь нэг цул байх явдал гэж бизнесменүүд ярьдаг юм билээ. Үр дүнтэй байгууллагад ажилтан бүр нь нөгөөдөө хандан дуртай цагтаа санаа бодлоо хуваалцаж болдог гэх. Тэдний гол дайсан нь ичих мэдрэмж. Энэ зохиогдоогүй хуулиар хамт олны дарга нь ажилтнуудаа ичих мэдрэмжээс нь салгах ёстой. Миний хэлэх гээд байгаа тэр ичих мэдрэмж гэдгийг би хүмүүсээс өөрийгөө тусгаарлах айдас гэж ойлгоод байгаа. Ичих мэдрэмж хүн бүрт л байгаа. Өөрийн ичих мэдрэмжиндээ бид хэрхэн хандан орчиндоо ямар нөлөөтэй байх вэ гэдэг л чухал асуудал.
Ер нь бол хүмүүсийг хоёр янзаар ангилж болдог гэнэ. Нэг хэсэгт өөрийгөө бусдад хэрэгтэйг мэдрэгсэд, нөгөөд нь хэрэгтэй болохоор тэмүүлэгсэд багтах аж. Бусдад хэрэгтэй хүмүүс нь өөрсдийн дутагдлаа өөрийн тэр чанарын үргэлжлэл гэнэ. Бусдад хэрэггүй хүмүүс нь өрөө өөрөөсөө ичиж, түүнийгээ бусдаас нуухыг оролддог. Бусдад хэрэгтэй гэх хүмүүс нь ямар нэгэн үйлдэл хийхдээ тэнэг харагдах уу гэдгийгээ огт бодохгүй. Тэд өөрсдийнхөө энэ чанарыг бусдад хэрэгтэй, нийгмийн төлөөх найдвартай түнш хэмээн бодох ажээ.
Сонгогчдын хувьд хэрэг болно гээд энэ 76 хүнийг сонгосон. Гэтэл тэд нэгэнт хэрэгтэй юм чинь гээд ичих мэдрэмжээ эрт халаад даврах талдаа орсон бус уу? Тэд сонгогдсоныхоо дараа хоёр ч удаа тойргоо “тохинуулахаар” 500 сая төгрөгийг аваад зарцуулчихлаа. Дараа нь тэр нь багадаад “Алтан загасны үлгэрийн” чавганц шиг толгой түрүүгүй загнаж байгаад тэрбум тэрбумаар тойрогтоо мөнгө аван зарлагадав. Мөнгө зарцуулах эрх дархтай тэр 76 хүнээс хэн нэгэн нь тайлангаа тавиад “үлдэгдэл зоосоо” эргүүлээд тушаасан гэж та сонсов уу? Тэр мөнгөөр тойрогт нь сүндэрлэсэн байгууламж гэж байгааг та үзсэн үү?
Ийм болохоор би тэр хоёр дахь танхимынхан нь 76 тэрбум дээр нь дахиад 30-40 тэрбумыг нэхээд суувал яах билээ гээд зовж байгаа юм. Нэг танхим дөрвөн жилийн дотор “долдугаар сарын 1”-нээ шийдэж чадахгүй байхад “зуун ямаанд жаран ухна” гэгчээр тэр “сенат” гэгч хэрэгтэй юм болов уу хэмээн эргэлзсэн Ш.Мягмар та бүхэнтэй саналаа хуваалцсан нь энэ.