
МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба харин Хууль зүйн залуухан дэд сайдын үйлдлийг хувь хүний цахим захидал илгээсэн үйлдэл яамны бланкан дээр үйлдэгдээгүй тул хэрэг биш хэмээн үзэж буйгаа илэрхийлэв.
УИХ дахь МАН-ын төлөөллийн гишүүд УИХ-ын чуулганы хуралдааны танхимын үүдийг буйдангаар дарж суун эсэргүүцлээ илэрхийлсэн нь улс төрийн тэмцлийн хэлбэрт “моод” болон ороод байна. Орон нутгийн сонгуульд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшсэн 12 хүнийг нь МАН-ын гишүүнчлэлээс гараагүй хэмээн дүүргийн сонгуулийн хороо хассаныг МАХН-ын гишүүд эсэргүүцэн баасан гаргийн их үдэд МАН-ын Тусгаар тогтнолын ордны үүдэнд “буйдандав”. МАН-ын эрхэм гишүүдийн дэлгэрүүлсэн тэмцлийн арга барилыг хэзээ нэг цагт нэгэн хэвлийд багтаж байсан МАХН-ынхан төв байрных нь үүдэнд туршиж орхисон нь энэ.
Долоо хоногийн сүүлээр ОХУ-аас оруулж ирдэг шатахуунй үнэ өсч мэдэх түгшүүртэй мэдээ чих дэлсэв. Жижиглэн худалдааны литр тутамдаа 150-200 төгрөгийн өсөлт дагуулж мэдэх энэ мэдээ ирэх жил инфляцийг найман хувьд буулган гэсэн Монголбанкны өөдрөг зорилт дээр сүүдэр тусгаж орхилоо.
Баасан гариг дуулиантай байдгийн жишгийг өнгөрч буй долоо хоног эвдсэнгүй. УИХ-ын эрхэм гишүүн У.Хүрэлсүх гишүүнээсээ татгалзах хүсэлтээ спикертээ гардуулж өглөө. Жагсаалтын улаан шугамыг өмнүүрээ татуулсан МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл УИХ-д орж ирэх магадлалтай ч У.Хүрэлсүх өөрийн нутгийн дүү, өөрийн гараар улс төрд оруулж ирэн МАН-ын залуучуудын байгууллагын тэргүүнээр тавьсан Л.Оюун-Эрдэнийг санал болгох байх гэсэн яриа дуулдаж эхлэв. Хэрхэхийг МАН шийднэ. Жендэр гэвэл Д.Сарангэрэл, У.Хүрэлсүхийн нутгийн фактор, залуу үеийн төлөөлөл гэвэл Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын тангараг өргөж мэдэхээр боллоо.
У.Хүрэлсүх гишүүн гэргийнхээ болоод өөрийн эрүүл мэндийн улмаас парламентын суудлаасаа татгалзлаа гэж буй ч цаана нь өөр томоохон ноцтой шалтгаан байгаа хэмээн зарим эх сурвалж мэдээлж эхэллээ. Аль нь болох нь тун удахгүй тодрох биз ээ. Халаа сэлгээ ч долоо хоногийг тойрсонгүй. МИАТ-ын захирал Ц.Орхон ажлаа өгч, гавьяат нисгэгч Г.Жаргалсайхан ажлыг нь авчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ дахь МАН-ын төлөөллийн 25 гишүүнд бүлэг байгуулах боломж нээсэн хуулийн төсөл өргөн барьсан ч УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцүүлгийг нь долоо хоногоор хойшлууллаа. Харин Чингис хааны төрсөн өдрийг УИХ-аас арваннэгдүгээр сарын 14 хэмээн тогтоож бүх нийтийн амралтын өдөр шинээр гарч ирэв.
Түлшний нүүрсний шуудайд стандарт тогтоохоор Засгийн газар шийдвэрлэсэн ч нүүрсний ченжүүд биелүүлсэнгүй. Захын хорооллуудын замын хажуугаар зургаан кг-ын жинтэй, бээлийн чинээ ууттай нүүрс жирийсээр байна.
Намрын адаг сар шувтрах тийш хандаж нийслэлийн зах хаяагаар цас будран газрын өнгийг бууралтуулав. Ийм ая зантайгаар нэгэн долоо хоног түүхийн хуудаснаа үлдлээ.
Тоймч Д.ОЮУНЦЭЦЭГ