Инфляцийг хөөрөгдөхөд хамгийн их хувь нэмэр оруулдаг махны одоогийн үнийг өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сартай харьцуулахад бараг хоёр дахин буурчээ. Цаашид ч буурах аж. Уг нь махны худалдаачид махны үнийн талаар бодлого бо-ловсруулагч мэргэжилтнүүд “Буурна” гэдэг хариултыг өгч буй. Гэвч зах зээлийн шударга бус өрсөлдөөнийг зохицуулах төрийн бодлого дутмаг байгаа энэ үед чухам үнэ буурна гэхэд хэн итгэх вэ. Нийслэл хот, аймгуудын төвд махны худалдаа бараг 5-8 шат дамжиж байж хэрэглэгчдэд хүрдэг. Тэр хэмжээгээр үнэ нь өснө. Улаанбаатар хотын хэрэглэгчдийн махны гол нийлүүлэгч болсон “Хүчит шонхор” захад шударга бус зүйл гардгийг сурвалжлага хийж явахдаа дууллаа. Тус захын дотор ороход баруун хойд талд нь мэргэжлийн хяналтын байгууллага ажиллаж, шинээр нийлүүлсэн махыг байнга хянаж байдаг гэнэ. Үнэндээ машин машинаар буух их махыг 10 хүрэхгүй мэргэжилтнүүд дараалуулан шалгадаг гэхээр итгэхэд бэрх аж. Ил бууж байгаа халтартсан гулууз мах, түүнийг зөөх залуусын хувцасыг харахад үнэхээр чанарын шаардлага хангахгүй байгаа нь ажиглагдсан. Гэхдээ энэ удаад махны ариун цэвэр биш үнийн талаар мах худалдаалдаг захууд, бодлого боловсруулагч газруудаас сурвалжиллаа.
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хүнсний томоохон худалдааны төвүүдийн ихэнх нь “Хүчит шонхор” захаас махаа бөөнөөр нь авдаг. Бусад захыг бодвол үнэ нь арай хямд учраас тэр. Дээр дурьдсан шударга бус зүйлийн нэг нь уг бүтээгдэхүүний бизнесээр хөлжсөн ченжүүд зах зээлийн үнийг зохиомлоор тогтоочихдог аж. Тэд хөдөөнөөс оруулж ирсэн махыг бүгдийг нь худалдаад авчихдаг гэнэ. Гэтэл мөнгө багатай ченжүүд их гарын махны наймаачиддаа барьцаалагдаж, мөнгө нь хүрэхгүй болохоор хоёр, гурван машин махыг зээлж аван дээр нь хэдэн төгрөг нэмэн жижиглэнгээр борлуулдаг байна. Махны худалдаа энэ зах дотор гэхэд таван шат дамждаг талаар тус захын түрээслэгч Г.Энхмаа ярив. Мөн махыг зээлж авсан бөөний худалдаачдаас жижиглэнгийн үнээр бусад худалдааны төвийн махны наймаачид ирж авдаг. Дараа нь тэдэнтэй ойролцоох хүнсний жижиг дэлгүүрүүд дахин нэмэгдсэн үнээр авна. Ингэж нэмэгдсээр хэрэглэгчид доод тал нь долоон шат дамжсан үнэтэй махыг хүнсэндээ хэрэглэж байна. Энэ бол өнөөдрийн махны бодлогын буруу тогтолцоо гэдгийг худалдаачид хэлсэн. Өөрөөр хэлбэл, Налайх, Эмээлтэд нядалсан малыг нийслэлд ганцхан “Хүчит шонхор” захын ченжүүд авчирч бөөнөөр борлуулдаг нь монополийг өөхшүүлж байгаа хэрэг юм.
Махны үнэ болон борлуулалттай холбоотой асуудлаар худалдаачидтай уулзлаа.
“Баянзүрх” худалдааны төвийн наймаачид “Хүчит шонхор” захаас бөөний үнээр авсан махны үнэ дээр 1000-2000 төгрөг нэмж зардаг. Тэгвэл өчигдрийн байдлаар энэ захад үхрийн ясгүй мах 5600, цул нь 6800, адуу 4600-5300, ямаа 4500-5300, хонь 6000 төгрөгийн ханштай байв. Харин “Хүчит шонхор”-т дээрх үнээс 800-2200 төгрөгөөр хямд мах худалдаалж байв.
“Баянзүрх” худалдааны төвийн түрээслэгч Н.УНДАРМАА: НӨӨЦИЙН МАХ БҮРДҮҮЛДЭГ КОМПАНИУД МАХНЫ ҮНИЙГ ӨСГӨСӨН
-Эгч нь 13 жил мах худалдаалж байна. Өнөөдөр худалдаачид бидэнд олон бэрхшээлтэй зүйлүүд тохиолддог. Төр засаг гэж байдаг юм бол “Хүчит шонхор” захын монополийг задлах хэрэгтэй. Яагаад том гарын хэдхэн ченжүүдийн зохиосон үнэд бид уягдах ёстой гэж. Ядаж худалдаж авсан махаа тэрэгчдээр нь 10 метр газар явуулахад 5000-10 мянган төгрөг төлж байна. Манай захын наймаачдын хувьд нэг гулууз махнаас 2000-аас дээш төгрөгийг ашиг гэж үздэг. Гэхдээ тухайн өдрийн бөөний ханш, махны жин зэргээс үүдэж өөр, өөр ашиг гарна. Нөгөөтэйгүүр, махны үнийг зах зээлийн хуулиас нь гажуудуулсан нэг зүйл бол нөөцийн махны худалдаа юм. Өнгөрсөн жил нөөцийн мах бэлтгэж байсан компаниуд үнэндээ юу ч бэлтгээгүй. Төрөөс авсан хөнгөлөлтийн мөнгөөр “Хүчит шонхор” захын ихэнх махыг авчихаад жижиглэнгээр худалдаалж биднийг хүнд байдалд оруулсан. Мэдээж хэрэг эрэлт их, нийлүүлэлт нь багассан болохоор үнэ тэнгэрт хадах нь ойлгомжтой биз дээ. Эгч нь эдийн засгийн чиглэлээр сургууль төгссөн. Амьдралын эрхэнд хувиараа бизнес хийж байгаа нь энэ. Өмнө нь нөөцийн мах гэж гараагүй байхад эрэлт, нийлүүлэлтийн хуулиар үнэ нь зохицуулагдаад явдаг байсан шүү дээ. Нөөцийн мах бэлтгэж эхэлсэн тэр цагаас эхэлж махны үнэ өссөн гэж болно. Түүнчлэн захын задгай, эрүүл ахуйн шаардлага хангаагүй махны худалдаанаас салах цаг болсон. Өнгөрсөн жил мах олдохоо байгаад бид “Эко” гэдэг компанийн савлаж, бэлтгэсэн мах борлуулж байлаа. Үнэндээ хэрэглэгчид ч гэсэн тааламжтай ханддаг юм билээ. Тэгэхээр төрөөс махны тусгай үйлдвэрүү-дийг дэмжих нь их зөв.
Дээр дурьдсан махны олон дамжлагыг наанадаж 3-4 болттол нь цөөрүүлэх талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны мэргэжилтнүүд анхаарч байгаа аж. Бүр дунд хугацааны дэд хөтөлбөр хүртэл боловсруулчихсан байна. Тэгвэл шат, дамжлагыг ийнхүү цөөрүүлснээр иргэдийн гар дээр махны үнэ хэрхэн буурч очих вэ, бас ямар арга хэмжээнүүдийг авах талаар тус яамны мэргэжилтэн М.Нармандахаас тодрууллаа. Тэрбээр “Засгийн газрын 63 дугаар хуралдааны тэмдэглэлээр Монголбанкны ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах талаар санамж бичигт гарын үсэг зурсан. Үүнтэй холбогдуулан “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр бо-ловсруулсан байгаа. Гэхдээ уг хөтөлбөрийг махны салбарт дунд хугацаанд буюу гурван жилийн дотор хэрэгжүүлэх юм. Цаашид ч гэсэн улам нарийн болгоно гэсэн үг. Тэгэхээр махны дамжлагыг яаж цөөрүүлэх юм, үнийг яаж бууруулах вэ гэдэг нь чухал байх. Наймаачид нэг килограмм махнаас доод тал нь 500-1000 төгрөгийн ашиг л хардаг. Шат, дамжлагуудыг нь бууруулснаар 2000 түүнээс ч дээш төгрөгөөр бууруулах боломжтой. Түүнчлэн нийслэлийн дүүрэг бүрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдааны төвүүдийг зориулалтын агуулах, хөргөлтийн лангуугаар хангахаар ярьж байгаа. Харин үүнд зориулж Монголбанкнаас хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгийг аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх юм. Одоогоор зээлийн шугам нь гарчихсан. Түүнчлэн 2-7 сарын хооронд үйлдвэрт мал нийлүүлсэн малчдад урамшуулал олгохоор болж байгаа. Учир нь үйлдвэрүүд эргэлтийн хөрөнгө бага байдаг болохоор энэ ажлыг хийхээр болсон” гэлээ.
Нөгөөтэйгүүр малын гаралтай бүтээгдэхүүнийг худалдаалдаг биржийг ажиллуулж эхлэх ажээ. Уг нь хууль нь аль хэдийнэ 2011 онд гарчихсан, одоо хэрэгжүүлэх л үлдээд байгаа аж. Хэрэв мах, махан бүтээгдэхүүнийг биржээр арилжаалдаг болчихвол өнөөх ченжийн гар дамжлага байхгүй болно гэсэн үг. Түүнчлэн хэрэглэгчид өөрт ойрхон байгаа худалдааны төвөөс хямд үнэтэй мах авна. Уг ажлыг нэн даруй хийх талаар УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна билээ. Монголчууд жилд найман сая мал нядалдаг. Өөрөөр хэлбэл, 200 мянга гаруй тонн мах иддэг аж. Харин гадаад руу 10 гаруй мянган тонн мах экспортод гаргадаг байна. Эдийн засгийн өсөлтөд мах хамгийн их саад болж буй хүнсний бүтээгдэхүүнээр сүүлийн үед дуудуулаад байгаа. Чухам мэргэжлийн байгууллагууд уг бүтээгдэхүүний үнэ хэнийх нь буруугаас болж өссөнийг тогтоожээ. Гэтэл сонирхолтой нь үнийн өсөлтийн 30 хувийг ченжүүд, 70 хувийг малчид өсгөсөн гэх дүгнэлт гаргасан байна. Тэгвэл малчид яагаад махныхаа үнийг ийнхүү өсгөсөн бэ. Тэдэнд мах, ноосны урамшуулал өгдөг болсон. Түүнчлэн 21 мянга, шинэ хүүхдийн мөнгө, одонгийн мөнгө, тэтгэвэр, мөн ноос, ноолуурын үнийн өсөлт гээд малчдыг малаа зарах биш өсгөх бодлогыг илүү дэмжсэн ажил төрөөс явуулсан учраас хөдөөгийнхөн малаа зарж орлогоо бүрдүүлэхээ больж эхэлжээ.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин