Ашигт малтмалын газраас хэзээ мэдээлэл авч болох вэ?

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

Ашигт малтмалын газраас хэзээ мэдээлэл авч болох вэ?

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газраас ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар мэдээлэл авахаар хэдэнтээ очоод ч бүтсэнгүй. Ашигт малтмалын газрын хэвлэлийн төлөөлөгчөөр дамжуулан мэдээлэл авах гэж байгаа албан тушаалтнаас цаг авах ёстой гэсэн дүрэмтэй гэнэ. Гэтэл сүүлийн хэдэн сар хэвлэлийн төлөөлөгч нь ажилдаа ирэхээ больж, бид ч  мэдээлэл авч чадахгүй явсаар өдийг хүрлээ. Харин өчигдөр Ашигт малтмалын газарт очтол юутай ч хэвлэл мэдээлэл хариуцах хүнтэй болчихож. Гэсэн ч хэдэн сар хөөцөлдсөн мэдээлэлдээ бас л хариулт авч чадсангүй. Үүний гол шалтгаан нь “Ашигт малтмалын газрын аль нэг албан тушаалтнаас мэдээлэл авахын тулд даргын зөвшөөрөлтэй байх хэрэгтэй. Даргадаа энэ тухай хүсэлтээ албан бичгээр хүргүүлж зөвшөөрөл авна. Үүний дараа л ярилцлага, тодруулга авч болно” гэсэн хариулт байлаа. Тэгэхээр нь олон сар мэдээлэл авах гэж яваад өдийг хүрсэнээ учирлаж үзлээ. Тусыг эс олов. Ямар асуудлаар мэдээлэл авах гэж байгаагаа хэлтэл “Үүнийг хүмүүс мэднэ, юуг нь лавладаг юм” гэж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд хайгуулын 2572, ашиглалтын 1198, нийт 3770 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр үйлчилж байна гэж зарим хэвлэлд дурджээ.  Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл хориглосон.

Энэ мэтчилэн ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн тухай хангалттай мэдээлсэн гэж үзээд тодруулахаа болье гэхэд Ховд аймгийн Мянгад сумын нутаг дахь газрын ховор элементийг хууль бусаар ашиглах гэж байгаатай холбоотойгоор ховор элементийн тусгай зөвшөөрөл олгосон эсэхийг тодруулах шаардлага байсан юм. Учир нь манай сонины өчигдрийн дугаарт “Ховдынхон Халзан бүрэгтэй, Ар хүрэн уулаа аврахаар С.Оюун сайдад ханджээ” гэсэн нийтлэл гарсан. Ховд аймагт “Монголиан нэшнл рийр ийрт корп” компанийхан М-006911, М-012335 гэсэн тусгай зөвшөөрлөөр далайлган дураараа авирлаж байгаа тухай уг нийтлэлд бий. Мөн энэхүү орд газарт  ашиглалтын хоёр, хайгуулын хоёр лиценц олгосныг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тогтоосон бөгөөд аймгийн Засаг дарга болон ард иргэд эх нутаг, байгаль дэлхийгээ хамгаалж, хууль бус үйлдлийг зогсоохоор тэмцэж байгаа тухай өгүүлсэн юм.

Энэ тухай Ашигт малтмалын газрын шинэ хэвлэлийн төлөөлөгчид нь хэлээд үзүүлтэл, М-006911, М-012335 тусгай зөвшөөрлийг компьютерт шүүлгэв. “Хоёулаа хүчинтэй юм байна” гэхээс өөр ямар ч дорвитой юм хэлсэнгүй. Үүнээс өөр тодорхой мэдээлэл хэрэгтэй байгаагаа тайлбарласан боловч “Албан бичгээр асуултаа бичээд өг. Дараа нь даргадаа танилцуулж байгаад зөвшөөрөл авъя. Үүний дараа л ярилцлагаа авч болно” гэх өнөөх л хариултаа хэлсэн юм. Үнэндээ гурав дөрөвхөн асуултад хариулт авахын тулд ийм шат дамжлага туулна гэдэг арай л дэндсэн хэрэг. Аливаа ажлыг ийм байдлаар явуулах юм бол байнга ярьж зарлан тунхаглаад байдаг өнөөх ил тод тунгалаг нээлттэй засаглалдаа хэзээ хүрэх юм бэ. Ашигт малтмалын газарт бүтцийн өөрчлөлт орж, хөл хөдөлгөөн ихтэй байгаа ч мэдээлэл өгөхөөс ийм маягаар татгалзаж боломгүй санагдана. Ер нь ч Ашигт малтмалын газарт ажлаа мэддэг хүн байдаггүй юм байна гэсэн ойлголтыг шинэ хэвлэлийн төлөөлөгч нь төрүүлээд авав.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Эх сурвалж: ӨДРИЙН ШУУДАН сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж