Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

NEWS.mn таван нас хүрлээ

Мэдээллийн NEWS.mn сайтын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Таван жилийн өмнө буюу 2007 оны аравдугаар сарын 15-ны өдөр www.news.mn сайт уншигчдад мэдээллээ түгээж эхэлсэн бол арваннэгдүгээр сарын 2-ны өдөр албан ёсны нээлтээ хийж байв. NEWS.mn бол “Ардын эрх” сонины редакциас төрсөн, сонины маань хамт олон үүсгэн байгуулсан сайт. Сонины редакцийнхаа хүчээр онлайн мэдээллийн орчинд хамгийн шуурхай ажиллаж, сэтгүүлзүйд хос морь хөлөглөх болсон нь бидний бахархал.

“Ардын эрх” сонин, NEWS.mn сайтын сэтгүүлч, орчуулагчид үйл явдлын мэдээллийг өдөрт нь, цаг тухайд нь дамжуулж эхэлсэн нь тухайн үедээ хамгийн шинэ хэлбэр байсан төдийгүй энэ салбарт хийсэн “хувьсгал” байсан юм. Тухайн үед Монголын цахим мэдээллийн хэрэгслүүд мэргэжлийн сэтгүүлчдийн редакцгүй, бусад сонин, хэвлэлтэй гэрээт байдлаар ажиллан, мэдээлэл дамжуулдаг байсан бол өнөөдөр телевизтэй өрсөлдөхүйц хэмжээний мэдээллийн хэрэгсэл болсон нь NEWS.mn сайтаас эхлэлтэй. NEWS.mn сайт өдгөө хоёр хувилбартай нүүр хуудсаар мэдээллээ хүргэж, улс төр, эдийн засаг, уул уурхай, нийслэл, дэлхий, спорт, урлаг, орон нутаг, тендерийн мэдээллийг дагнан хүргэдэг 21 салбар сайттайгаар, агентлагийн бүтцээр үйл ажиллагаа явуулдаг болон өргөжөөд байна.

News.mn нээлтээ хийж байсан тэр өдрүүдэд “Ардын эрх” сонинд нийлэгдэж байсан “Редакцийн зурвас”-ыг дахин хүргэж байна.

 

АНЖЕЛО ДЭВИС ЯАСНЫГ ЯВУУЛЫН ХҮНЭЭС АСУУХ ХЭРЭГГҮЙ БОЛЛОО

Ядуурал, авлига, гэмт хэрэг, ёс суртахууны уналт, нийгмийн доройтол гээд арван жилийн өмнө бидний ярьж байсан сөрөг үзэгдэл бидний хажууханд байсаар байгаа ч бид дэлхий нийтийн хамт хөгжил дэвшил рүү урагшилсаар байна. Эдийн засаг нь үсрэнгүй хөгжсөн, ардчиллыг бодит үйл болгосон дэлхийн улс орнуудын иргэдтэй монголчууд нэгэн зүйлээр хөл нийлүүлэн алхаж байгаа нь тэд ч, бид ч мэдээллийн технологийн дэвшлийг тэгш хүртэж байгаа явдал юм.

“Хотод ДОХ гэдэг юмыг дарга нар нь хуваагаад авсан гэдэг үнэн үү”, “Ажил яахав, Анжело Дэвис яасан бэ?”, “Стерлита, Мигель Ангел хоёр гэрлэсэн үү” гэж хол ойрын хүнээс сураг асууж байдаг цаг аль хэдийнэ ул болжээ. Анжело Дэвис, Стерлита, Мигель Ангел нар яасныг өнөөдөр интернэт хэмээх шидийн зүйлийн тусламжтайгаар компьютер хэмээх дөрвөлжин хайрцгаас мэддэг боллоо, монголчууд бид. Ганц харуусмаар зүйл нь интернэт хэмээх шидийн зүйл нь гол төлөв харь хэл дээр байх. Залуу хүмүүст энэ нь гадаад хэл сурах ташуур болж өгдөг бол хол ойрын сураг сонсохоос өөр ажилгүй хөгшчүүлд харин яах аргагүй гачлан.

Мэдээж эх хэл дээрх интернэт хуудсууд байх ч, цаг хугацааны хувьд арай жаахан хожимдох гэмтэй байсныг бид шинэчлэхээр шийдэж, www.news.mn гэсэн хаяг бүхий шинэ үйлчилгээг монголчуудадаа бэлэг болгон барилаа. “Мэдээллийн шинэ ертөнц” гэсэн уриатайгаар шинэ сайтаа нээсэн бидний бодсон зөв байсныг өнгөрсөн долоо хоног харууллаа. Яг одоо эх оронд, дэлхий дахинд юу болж байгааг мэдэх гэсэн эрмэлзэлтэй хүмүүс хэчнээн их байсныг өнгөрсөн долоо хоногийн манай сайтын хандалт харууллаа.

Манай шинэ сайт мэдээллийн шинэ ертөнц төдийгүй Монголын сэтгүүл зүйд хийсэн том үсрэлт гэдгийг давхар онцлон хэлмээр байна. “Хариуцлагатай, хараат бус, тэнцвэртэй, шуурхай, олон ургальч, бусдад хүндэтгэлтэй, хүнлэг, иргэний байр суурьтай” гэсэн найман зарчмыг уриа болгон гурван жилийн өмнө дахин шинээр мэндэлсэн “Ардын эрх” сонины хамт олон энэ үйлчилгээгээрээ монголчуудыгаа мэдээллийн шинэ ертөнц, шинэ орчин, шинэ хэрэглээнд уриалан дуудаж байна.

Д.НАРАНТУЯА

“Ардын эрх” сонин. /2007 оны арваннэгдүгээр сар/

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж