Намуудын тухай хуульд өөрчлөлт оруулахыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Намуудын тухай хуульд өөрчлөлт оруулахыг хүсэв

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ардчилсан намын хороо нь анхан шатны гишүүдээс ирсэн саналыг үндэслэн хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Энэ үеэр дүүргийн намын хорооны гишүүд Ардчилсан намын санхүүжилтийн журам, намын бүх шатны байгууллага, удирдах бүрэлдэхүүнийг сонгох сонгуулийн журам, намаас УИХ болон бүх шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг тодруулах журам, намын орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагаа, зохион байгуулалтыг зохицуулах тусгай журмуудад дараах өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж үзжээ. Тодруулбал, дэнчингийн талаар заасан заалт нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзэж, сонгуульт гишүүний нэр дэвшихдээ төлдөг дэнчинг намын дүрмээс бүрмөсөн хасах. Мөн намын санхүүжилтийн талаар Улстөрийн намуудын тухай хуулийн 19.1. Улсын Их Хурлын сонгуулиар тухайн намын авсан саналыг нийт хүчинтэй саналын тоотой харьцуулах зарчмаар нэг саналыг мянган төгрөгөөр тооцож, сонгуулийн дүн гарсны дараа гурван сарын дотор багтаан УИХ-д суудал бүхий намд төр нэг удаа мөнгөн дэмжлэг үзүүлнэ. 19.2. УИХ-д суудал бүхий намд түүний авсан суудлын тоогоор Улсын Их Хурлын гишүүний нэг суудлыг жилд арван сая төгрөгөөр тооцож,  Улсын Их Хурлын тухайн бүрэн эрхийн хугацаанд улирал тутам улсын төсвөөс санхүүжилт олгоно. Энэхүү санхүүжилтийн 50 хувийг УИХ-ын гишүүдийн сонгуулийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулна гэж заасан байдаг аж.

Гэвч Ардчилсан нам нь УИХ болон нийслэл, дүүрэг, орон нутгийн сонгуульд нийт сонгогчийн хэдэн хувийн санал авсан,  төрөөс хэчнээн төгрөгийн дэмжлэг үзүүлсэн нь тодорхой бус. Мөн энэ санхүүжилтээс  намын анхан болон дунд шатны намууд, нэр дэвшигчийн сонгогдсон тойрогт ямар зарчмаар хуваарилдаг эсэх нь тодорхойгүй байдаг аж. Тэгтэл дунд шатны намууд гишүүдийнхээ татвар, Үндэсний зөвлөлдөх хороо, Нийслэлийн намын зөвлөлдөх хорооны гишүүдийн татварын 20 хувиар  санхүүжиж үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр нь намын хэрэг эрхлэх газрын зардалд ч хүрдэггүй байна.

Олон нийтэд хандсан үйл ажиллагаа, намаа сурталчлах гэх мэт ажилд гардаг зардлуудыг  байнга хандив тусламжаар гуйж хийдэг. Намын гол цөм  анхан шатны гишүүдийг шагнаж урамшуулах, үүрийн дарга нарыг цалинжуулах ажил огт хийгддэггүй. Энэ нь орон нутгийн сонгуульд ялагдах шалтгаануудын нэг нь болж ирсэн гэж хэлэлцүүлэгт оролцогчид үзжээ.

Иймд Ардчилсан намын санхүүжилтийн журамд төрөөс өгсөн санхүүжилтийг дунд ба анхан шатандаа хуваарилах хугацааг тодорхой зааж, хуваарилалтыг ил тод болгох зүйл заалтыг тодорхой тусгах.   Улс төрийн намуудын тухай хуулийн 19.1-д заасан мөнгөн дэмжлэг олгогдсон өдрөөс ажлын 10 хоногт багтаан анхан, дунд шатны намын хороонд авсан саналд ногдох хувийг хуваарилж шилжүүлнэ гэж бүрэн өөрчлөх шаардлагатай хэмээн үзсэн юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж